Шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал зодог тайллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Норжмоогийн Цэдэнбал их спортоос зодог тайллаа. Тэрбээр энэ тухайгаа өчигдөр (2021.06.01) олон нийтийн сүлжээнд мэдэгдлээ.

Н.Цэдэнбал энэ тухайгаа "Өнөөдөр эх үрс бүхэнд аз жаргал хүсч, энэ хорвоод мэндэлсэндээ талархдаг өдөр. Миний хувьд ч бас энэ биеийг минь төрүүлж өсгөсөн тэнгэрт заларч байгаа эмээ өвөөдөө, хажууд минь үргэлж хамт байдаг хайрт ээждээ, их спортод өдий зэрэгтэй болгосон эрхэм багш нартаа, амьдралын маань утга учир байсан хөлбөмбөгтөө талархах өдөр юм.

Би 1999 оны 6 сард анх удаа сургуулийнхаа хөлбөмбөгийн тэмцээнд орсноос эхлээд “хөлбөмбөг” гэдэг гайхалтай сайхан спортод шунан дурлаж, тасралтгүй хичээллэн, өнөөдрийг хүртэл нийт 22 жилийн турш хожил бүхэнд баярлаж, хожигдол бүрээсээ суралцаж, спортын бэрхшээл, жаргал зовлонг туулжээ. Олон сайхан анд нөхөдтэй болж, олон улс оронд очиж, бас Катар-2022 ДАШТ-ний бүх дэлхийн анхны гоолыг оруулснаараа ОУХБХ-ны Ерөнхийлөгчөөс Катар-2022 ДАШТ-ний аваргын тоглолт үзэх урилга авсан зэрэг гайхалтай дурсамжтай сайхан мөчүүдийг мэдэрч өнгөрүүллээ.
 


2000 оноос өсвөр, залуучуудын улсын аваргын тэмцээнүүдэд амжилттай оролцож эхэлснээсээ хойш МХБХ-ны Дээд лигийн 2 удаагийн аварга, МХБХ-ны Цомын 3 удаагийн аварга, мөн 3 удаа лигийн шилдэг тоглогч болжээ.

Анх 2005 оноос Монгол улсынхаа өсвөр үе залуучууд нэрийн өмнөөс тоглож, Анх 2009 онд шигшээ багтаа дуудагдаж 34 удаа олон улсын албан ёсны тоглолтонд оролцож 7 гоол оруулжээ. 2018 онд Монгол улсын шигшээ баг анх удаа Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнд хэсгээсээ шалгарч, тэр тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагнал хүртэж, 2020 онд хөлбөмбөгийн спортоор ОУХМ цол авчээ. Мөн Монгол улсад футзалын спорт хөгжиж эхлэхэд 2015 онд футзалын шигшээ багийн бүрэлдэхүүнд олон улсын албан ёсны 5 тоглолтонд оролцож 6 гоол оруулсан байна.

Энэ бүх амжилтын дөрөөнд хүргэж, дэмжиж тусалж ирсэн багш дасгалжуулагчид, мөр зэрэгцэн тоглож, эх орныхоо нэр хүндийн төлөө хүчин зүтгэж байсан тамирчид, найз нөхөд, ах дүү нар, хөгжөөн дэмжигчид та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Ялангуяа анхны багш Рэндо, Болд, “Унаганууд” клубын дасгалжуулагч Эрдэнэ-Очир нартаа талархаад баршгүй. Мөн МХБХ болон үе үеийн шигшээ багийн дасгалжуулагч нартаа баярлалаа. Цаг наргүй бөмбөг хөөж явахад үргэлж ойлгож, дэмжиж ирсэн ээждээ, гэр бүлийнхэндээ бас дахин баярлалаа. Та нартаа сайн сайхан бүхнийг хүсье.

Хөлбөмбөгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, хүрэх замынхаа зохих хэмжээнд хүрчээ гэж бодож байна. Хөлбөмбөгийг “хайр сэтгэлээ” болгон амьдарч ирсэн тамирчны хувьд, өөртөө өндөр шаардлагыг тавьж, чин сэтгэлээр өөрийгөө хөгжүүлж, шаргуу бэлтгэлээ хийж, талбайд гарч байвал амжилтад хүрнэ шүү гэж залуу тамирчин дүү нартаа зөвлөе.

Хөгжлийн төлөө зөв бодлоготой, залуу үеийнхээ төлөө анхаарах эрмэлзэлтэй, шударга, олон улсын түвшинд ажиллаж чадвал цаашид Монголын хөлбөмбөг хурдацтай хөгжинө гэдэгт итгэж байна.

Ингээд өнөөдөр жирийн тамирчин би 22 жилийн аз жаргал минь болсон хөлбөмбөгийн спортод зүтгэх ажлаа дуусгаж, их спортын төлөө цохилох зүрхтэй Монгол улсын иргэний хувьд амьдрах болно.

Монголын хөлбөмбөг мандан бадрах болтугай" хэмээжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяраа(139.5.217.21) 2021 оны 06 сарын 02

Дүүд цаашдын амьдралд нь аз жаргал,амжилт бүтээл хүсье!

0  |  0
Top