XX зуунд америкчууд хүүхэд нь хоолоо идэхгүй бол “Олон сая хятад хүүхэд хоол ундгүй өлөн зэлмэн байхад чи ингэж цамаан загнаж болохгүй” гэж сургадаг байжээ. Харин одоо тэд “Олон сая хятад хүүхэд бага наснаасаа эхлэн хатуу ширүүн өрсөлдөөн, шалгууртай нийгэмд өөрийн байр суурийг олж авахын тулд өдөр шөнөгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлж байна. Гэтэл чи огт хичээлээ хийхгүй юм” гэх аж.
БНХАУ-ын одоогийн удирдагчид сүүлийн үед геополитикийн гол тоглогч байж дэлхийн төв, тэргүүлэх эдийн засаг болоход ихээхэн анхаарах болсон билээ. Коммунист намын дэлхийд тэргүүлэх гэсэн зорилт биелж, бодит болох эсэх нь цаг хугацааны л асуудал. Үүнийг “Бүс ба Зам" санаачилга гэх зэрэг мега төслөөс харж болох юм. Гэхдээ Хятадын хувьд хамгийн том өрсөлдөгч нь дотоодод нь бий гэдгийг шинжээчид онцлох болжээ. Тэдний хувьд дэлхийн төв болох зорилтод нь саад болох ганц зүйл нь БНХАУ-ын задрал гэнэ. Өөрөөр хэлбэл, Тайвань, Хонконг, Макао, Өвөр Монгол, Төвөд, Шиньжаан Уйгар Бээжингийн бодлогыг ихэд эсэргүүцэх болоод байгаа юм.
Хятад гэх их далайгаас гарч өөр нэг жижиг гол болон дэлхий гэх том далайд цутгах хүсэл эдгээрийн бүгдэд бий. Эдний дунд Төвөд, Шиньжаан Уйгар, Хонконг болон тайваньчууд хамгийн ихээр тусгаар тогтох эрмэлзлээ илэрхийлж, үе үе бослого гаргадаг. Сүүлийн үед Хятадын дотоод тэмцэл эрс идэвхжиж байна уу гэмээр үйл явдлууд ар араасаа гарсаар байна. Хятадууд ч өөрсдөө Шиньжаан Уйгар болон Төвөдийн асуудлаар барууны ертөнцөд шүүмжлүүлэх болсон. 1950-иад оны үед хятадууд “Өнөө үеийн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс бол маргаашийн Хятад” хэмээдэг байжээ. Үүнээс 40 орчим жилийн дараа ЗХУ 15 шинэ Бүгд Найрамдах Улсад хуваагдсан. Нэг талд АНУ болон түүний чөлөөт ертөнцийн холбоотнууд, нөгөө талд Зөвлөлт болон коммунист холбоотнуудын хоорондох хүйтэн дайн ийнхүү өндөрлөв. Харин одоо хятадуудын 1950-иад оны зөгнөл бодит болоход ойрхон байгааг судлаачид онцолж байгаа юм. Чернобылийн цөмийн гамшгийг нуун дарагдуулсан нь Зөвлөлт Улс задрах гол шалтгаан болсон бол, цар тахал нь БНХАУ-ыг задалж магадгүй гэнэ. Учир нь, энэ удаагийн цар тахал нь автократ, коммунист дэглэмийн аюулыг дэлхий нийтэд таниулж байгаа аж. Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн түрэмгийлэл Хятадын эсрэг шинэ фронтыг бий болгоход хүргэсэн гэдэгтээ судлаачид санал нийлж байна.
АНУ ч гэсэн цэргийн стратегиа шинэчилж, Оросоос илүүтэйгээр Хятад руу чиглүүлж байна. АНУ тэргүүтэй НАТО Хятадыг хамгийн гол аюулаараа нарлээд буй. Саяхан НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Хятад Улс мандаж байгаа нь дэлхийн хүчний тэнцвэрийг үндсээр нь өөрчилж байна. Нээлттэй нийгэм, хувь хүний эрх чөлөөнд аюул учруулж, дээрэлхэх, хүчээр шахах хандлага гаргаж байна” гэжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам Хятадын хуваагдал, дотоод зөрчилдөөн газар авах болно гэдэгтээ олон хүн санал нийлж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Нэгэнт мандарин хэл, ханз, кунзийн сэтгэлгээгээр залуу үеийг нь бүрэн утчихсан байхад хятад задрах ч дээ худлаа л байхдаа. Заадрлаа гэвэл огт өөр шалтгаанаар л задарна. Төвлөрсөн төсөвтэй хээр байх уу муж хэсгүүдийн эрх мэдэл оронзайг нэмэх үү гэдэг дээр хэрэлддэг болохоос биш соёл, хэл ус одоо том асуудал биш болсон шүү дээ. Хужаа соёл нэг нэвчвэл эргээд алга болгох гэж юм болно доо. Хүнамтай нь харьцуулбал хамгийн өндөр хувьтай залуус хятадад суралцдаг улс Монгол болсон гэдгээ л мартаж болохгүй. Энэ бол хамгийн том аймшиг. Залуучууд хятадаас болгоомжло гэдгээ зарчмын хувьд ойлгож байгаа ч...
Монголын хөгжилд саад учруулж хойш нь чангаадаг хэсэг бүлэг хүмүүсийг монголын коммунистууд МАН гэдэг. Монголд гай авчирсан хүмүүс бол эд нар. Тэгэхээр монголын дайсан бол коммунист монголчууд. Өөрөөр тайлбарлах шаардлагагүй. Гүйцээ.