Х.Баттулга: Унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарахыг үүрэг болгоё

2021 оны 06 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.8-д заасан болзол хангасан уяачдад Монгол Улсын цол хүртээх тухай 148 дугаар зарлигийг 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цол хүртээх ёслол өнөөдөр (2021.06.04) Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 148 дугаар зарлигаар Монгол Улсын Тод манлай 5 уяач, Монгол Улсын Манлай 22 уяач, Монгол Улсын Алдарт 26 уяач төрсний дотор нэг эмэгтэй уяач буюу Эрдэнэ-Очирын Цолмон байгаа юм.

Монгол Улсын Тод манлай уяач цолыг

Завхан аймгийн Яруу сумын харьяат Дашзэвэгийн Дагвадорж,

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Түмэндэлгэрийн Ихбаяр,

Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Намдагийн Хүрлээ,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Чулуунбатын Цэрэнбат,

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Дариймаагийн Чулуунбат нарт,

Монгол Улсын Манлай уяач цолыг

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Пүрэвдоржийн Алтансүх,

Ховд аймгийн Дарви сумын харьяат Үржинбадамын Атарсайхан,

Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Начингийн Баасанжав,

Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Батмөнхийн Батхүү,

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Хоохорын Бадамсүрэн,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Занабазарын Батбаяр,

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Гончигбатын Батболд,

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Балдоржийн Баярдорж,

Дундговь аймгийн Хулд сумын харьяат Бандиагийн Баярсайхан,

Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Чойдогсүрэнгийн Бямбасүрэн,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Доржпүрэвийн Ганхуяг,

Ховд аймгийн Чандмань сумын харьяат Батчулууны Ерөөлт,

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Чинбатын Махбал,

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Мандахын Мөнхбат,

Төв аймгийн Баян сумын харьяат Баасансүрэнгийн Нямжав,

Төв аймгийн Зуунмод сумын харьяат Чулуунбатын Сугар,

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Пүрэвийн Сэргэлэн,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Төмөрбаатарын Ууганбаяр,

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Баасангийн Цэдэв,

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Цэрэндагвын Цэрэнбал,

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сашкагийн Эрдэнэбат,

Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Тагарваагийн Эрдэнэбулган нарт,

Монгол Улсын Алдарт уяач цолыг

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Мягмарсүрэнгийн Алтан-Очир,

Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ганбаатарын Ариунболд,

Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Цэндхүүгийн Батболд,

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Нямын Баттөмөр,

Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Гүрбазарын Бат-Эрдэнэ,

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Эрдэнэбатын Баянзул,

Орхон аймгийн Жаргалант сумын харьяат Хишигсүрэнгийн Баярсайхан,

Архангай аймгийн Их тамир сумын харьяат Түргэнтөрийн Ганболд,

Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Дугаржавын Ганзориг,

Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Төмөрпүрэвийн Ганзориг,

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Сайрийсүрэнгийн Гантөмөр,

Архангай аймгийн Хотонт сумын харьяат Дуламсүрэнгийн Лхагвасүрэн,

Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Рагчаагийн Мөнхтөр,

Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Цэрэндоржийн Мөнххуяг,

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ,

Төв аймгийн Баянцогт сумын харьяат Чулуунбаатарын Отгонбаяр,

Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат Чойдоржийн Содном,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Хүүгийн Түмэнбаяр,

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Хүрэлбаатарын Улам-Өрнөх,

Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Чимэддоржийн Хишигбаатар,

Улаанбаатар хотын харьяат Эрдэнэ-Очирын Цолмон,

Төв аймгийн Баянцогт сумын харьяат Мөнхбатын Цэрэнжав,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Гончигийн Чинзориг,

Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантөмөрийн Чинзориг,

Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Дэмчигцоодолын Эрболд,

Дундговь аймгийн Хулд сумын харьяат Жаргалсайханы Эрдэнэтөгс нарт тус тус хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цол хүртээснийхээ дараа

“Уяачид аа,

Улсын цол хүртэгсэд ээ,

Дэлхий нийтэд тархсан цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил уяачдын цол олголгүй өнжсөн учраас Үндэсний баяр наадмын тухай хуульд заасан болзлыг хангаж, 2019, 2020 оны улс, аймаг, бүсийн наадамд амжилттай оролцсон уяачдад Тулгар төр, Их Монгол Улс, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгалын тэгш ойн босгон дээр Монгол Улсын цол хүртээлээ. Бүгдэд нь баяр хүргэе.

Монгол наадмын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон хурдан морины уралдаан бол үндэсний өв их соёл, монгол үндэстний ижилсэл бас ялгарал билээ. Биднийг морьтон монгол хэмээн таньдаг, бид мориороо бахархаж, морио дээдэлдэг ард түмэн.

Морин уралдааныг спортын зэрэгт хүргэж, уяачдын амжилтыг бодитоор биежүүлж, хэрэгжүүлж байдаг унаач хүүхдийн асуудал нийгмийн хурц хэлэлцүүлгийн сэдэв болоод удаж байна. Нэг талаас уламжлал, морин уралдааны нөхцөл, боломжийн асуудал, нөгөө талаас хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн болон санхүүгийн асуудал энд мөргөлддөг юм. Олон жил яригдаж, тодорхой шийдлүүд олж байгаа ч асуудал зүгшрээгүй, нэг мөр шийдэгдээгүй л байгааг уяачид анхааралдаа аваарай.

Улсын цол шагнагдсан манлайлагч уяач Та бүхэнд энэ мөчид улсын эрхэм цолныхоо хариуцлагын хүрээнд унаач хүүхдийн аюулгүй байдал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд юуны түрүүнд анхаарч, бусдад үлгэр жишээ байхыг үүрэг болгож захья. Хүүхэд нэгдүгээрт гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Та бүхэнд найдаж байна. Өвөг дээдсээс уламжлан ирсэн морины соёлыг хадгалж, орчин цагийн боломж, шаардлагатай хослуулан монгол морин уралдааныг хөгжүүлж, боловсронгуй болгож, ёс жудгаа дээдэлж, цэвэр ариун байлгах үүрэг улсын цолтнууд Та бүхнээс эхтэй гэдгийг мориор амилсан Төрийн туг, сүлдний өмнө энэ танхимаас ухамсарлаарай гэж хүсье.

Үүнээс гадна морин уралдааны шүүлт, шалгаруулалт, морьдын ангилал зэргийг тойрсон ужиг хэрүүл маргаан, хардлагыг уяачид өөрсдийн галаас эхлээд холбоодынхоо түвшинд ярилцан хэлэлцэж, монгол наадмыг маргаангүй, шударга явуулдаг болгох тал дээр анхаарч, ойрын хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй. Өнгөрсөн жил хууль ёс, дэг журмыг сахиулах ёстой морины комисс нь авлига, хээл хахуулийн асуудалд холбогдсон ноцтой хэл ам гарсан. Морин уралдаан нэг талаас уламжлалт соёл, нөгөө талаас спорт бөгөөд аль аль талаасаа нийт ард түмний цэнгэл баяр юм. Үндэсний баяр наадамтай холбоотой авлигын үйлдэл бол үндэсний өв соёл, ард түмний итгэл үнэмшлийн эсрэг гэмт үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй. Үүнийг хуулиар нарийвчлан зохицуулах ч шаардлага байсаар байна. Авлигаас ангид, шударгаар, хүлгийн шандас, уяачийн эрдмийг сорьж, үнэн хурдыг үзэн наадах нь монгол түмний хүсэл юм. Тийм учраас уяачид Та бүхэн холбооны хэмжээнд ийм ёс бус зүйлсийг цэгцлэх, нийтэд ойлгомжтой, ид тод, шударга дүрэм журам, шалгаруулалттай болох онцгой шаардлага байгааг иргэдийн өмнөөс захиж, дамжуулъя.

Эрхэм уяачид аа,

Наадамд амжилттай оролцож, өндөр амжилт гаргасанд тань дахин баяр хүргэе. Уясан морьд тань жавхаатай, хурдтай байг. Уралдаан тэмцээн тань шударга, уралдсан уяачид нь сэтгэл хангалуун байг ээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол наадам үеийн үед тэгш шударга болж, монгол түмнийг ашид цэнгүүлж байх болтугай” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түвдэн(202.9.40.100) 2021 оны 06 сарын 04

Хийх ажилгүй, бүтээсэн юмгүй, уяачид нэртэй эдгээр малуудыг өөрсдөө адсгаа унаад уралдаж бай гэж эрх биш хэлсэн байлгүй дээ.

0  |  0
Top