IJF-ийн УЗ-д сонгогдсон Х.Эрдэнэт-Од ҮҮРЭГТ АЖЛАА хүлээн авлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04


Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) зохион байгуулдаг 2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотын "Ласло Паппа"-н нэрэмжит ордонд зохион байгуулагдана.

Тус тэмцээний өмнө буюу өчигдөр (2021.06.03) Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал болсон бөгөөд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид Сайд, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч З.Батбаяр Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.

Мөн саяхан Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн Монголын эмэгтэй жүдочдын анхдагчдын нэг, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од тус конгресст төлөөлөгчөөр оролцов. Тэрээр Олон улсын жүдо бөхийн /IJF/ холбооны Удирдах зөвлөлд сонгогдсон билээ. 

Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөл нийт 17 гишүүнтэй ба Х.Эрдэнэт-Од гавьяат Дэлхийд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их Сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллах юм.
 


Үргэлжлүүлэн Унгарт Олон улсын жүдо бөхийн холбооны хурал мөн боллоо. Энэ удаагийн хурал "Ковид 19" цар тахал гарснаас хойш буюу 2019 оноос хойш анх удаа зохиогдож буй гэдгээрээ онцлог болов. ДАШТ болон олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний зохион байгуулалт, шүүгчдийн, сургалт дасгалжуулалтын талаар ярилцав.
 


Хурлаар шийдсэн гол асуудал нь холбооны удирдлагын сонгууль байсан ба Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Австри улсын иргэн Мариус Визер улиран сонгогдов. 2007 оноос эхлэн тус холбоог удирдах болсон Мариус Визер жүдо бөхийн спортыг шинэ түвшинд хүргэн хөгжүүлсэн ба дэлхийн спорт холбоодуудын дотроос хамгийн алдартай холбоо болгосонд түүний нөлөө их юм. 

Мөн хурлаар Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн дарга болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, Гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од Удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа албан ёсоор хүлээж авлаа. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top