Гадаад харилцааны сайдын ахалдаг Экспортыг дэмжих Зөвлөлийн гуравдугаар хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ГХЯ-нд амжилттай болж өндөрлөв. Хуралдааныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин даргалан хуралдуулсан ба хуралдаанаар 2018 онд Засгийн газраас баталсан “Монгол Экспорт хөтөлбөр”-ийн I үе шатны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэн, II үе шатны арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
Хуралдаанд Зөвлөлийн гишүүн байгууллагуудыг төлөөлж 50 гаруй албаны хүмүүс танхимаар болон цахимаар оролцов.
Хуралдааны дүнгээр, Монгол Улсын уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Монгол экспорт хөтөлбөр”-ийг 2021, 2022 онд үргэлжлүүүлэн, амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн Зөвлөлөөс гаргах шийдвэрийг санал нэгтэй батлав.
Мөн хуралдаанд Монгол Улсын түнш АНУ, Япон, Европын Холбооноос хэрэгжүүлж буй экспортыг дэмжих зарим төслүүдийн талаар төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудаас мэдээлэл хийсэн бол Женев дэх Олон улсын худалдааны төвийн мэргэжилтнүүд цахимаар оролцож тус төвийн дэмжлэгтэйгээр боловсруулан гаргасан “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглал”-ын талаар дэлгэрэнгүй илтгэл тавив.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл ( 0 )