Ш.Алимаа: Шалгуур үзүүлэлтийг үнэн зөв тодорхойлох нь чухал

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 13

Дорногорвь аймгийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ш.Алимаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа


 

-Хэлтсийнхээ үндсэн чиг үүргийг танилцуулахгүй юу? 

-Монгол Улсын Засгийн 2008 оны 67 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийг Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасагтай байхаар тогтоож, Дорноговь аймгийн Засаг даргын 2009 оны IX захирамжаар хоёр хүний орон тоотойгоор үүсэн байгуулагдсан. Улмаар хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа, цар хүрээ, ажлын үр дүн, ач холбогдол өргөжин, Засгийн газрын 2011 оны 296 дугаар тогтоол, 2016 оны 09 дүгээр тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2016 оны А/147, 2019 оны А/02 дугаар захирамжаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болон зохион байгуулагдсан. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь хууль тогтоомж, тогтоол шийдвэр, төрийн болон орон нутгийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц болон үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, сум, байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг дээшлүүлэхэд арга зүйн зөвлөгөөгөөр хангах, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын үйл ажиллагааг зохион байгуулах, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтныг цаг тухайд нь бодит мэдээллээр хангаж, эрчимжүүлэх шаардлагатай заалт арга хэмжээнд зөвлөмж чиглэлийг өгч, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх гэсэн үндсэн чиг үүргийн хүрээнд ажилладаг.

-Дорноговь аймагт хэрэгжиж байгаа төрийн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, зохион байгуулалтад байнгын хяналт тавихтай холбоотой гардаг хүндрэл бэрхшээл юу байна вэ?

-Манай аймаг 2020 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нөөс Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар 112 зорилт, арга хэмжээ болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж 2, Монгол Улсын хууль 7, УИХ-ын тогтоол 2, УИХ-ын байнгын хорооны тогтоол 3, Засгийн газрын тогтоол 58, Ерөнхий сайдын захирамж 1, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 5, Засгийн газрын албан даалгавар 2, нийт 82 эрх зүйн актын 156 заалтыг хяналтад авч, хэрэгжилтийг хангаж ажилласан. Энэ онд Төрийн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, зохион байгуулалтын ажлын хүрээнд манай аймаг 2019 оноос эхлэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээний www.dornogovi.unelgee.gov.mn цахим санг ашиглалтад оруулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын зургаан хэлтэс, 23 агентлаг, 14 сум, гурван байгууллагад холбогдох заалт арга хэмжээг хуваарилан, явцын болон жилийн эцсийн тайлангийн хэрэгжилтийг авч, үнэлгээ дүгнэлт өгөн, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж хэвшсэн болохоор хүндрэл бэрхшээл байхгүй гэж хэлж болно. Энэ цахим санг нэвтрүүлснээр тайлан мэдээг ирүүлэх, нэгтгэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх цаг хугацааг хэмнэж, цаасны хэрэглээг эрс багасгасан. Мөн интернетийн сүлжээ нэвтэрсэн газраас төрийн албан хаагч зөвхөн өөрийн нэвтрэх нэр, кодыг ашиглан, холбогдох заалтыг хэрэгжилтийг тайлагнах бүрэн боломжтой, цахим архивын сан үүсч байгаагаараа давуу талтай.

-Дунд хугацааны бодлогын бичиг баримт болох аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Богино хугацааны бодлогын баримт бичиг болох аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, цаашлаад орон нутгийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулахад өмнөх жилүүдийн ХШҮ-ний дүнгээс ямар чиглэлийг түлхүү баримтлан ажиллаж байна вэ?

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэж, 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн. Бодлогын баримт бичгийг урт хугацааны, дунд хугацааны, богино хугацааны гэсэн гурван төрөлд хувааж, 30 хүртэл жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Алсын хараа” нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг гэж заасан. Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг дээр үндэслэн, Монгол Улсын хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь дунд хугацааны, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь богино хугацааны бодлогын баримт бичгээр тусгагдахаар болсон. Дээрх хуулийн дагуу Дорноговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлын 02/05 дугаар тогтоолоор, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 02/06 дугаар тогтоолоор  тус тус батлуулан, хэрэгжүүлэн ажиллаж байна. Аливаа төлөвлөлтийг хийхэд шалгуур үзүүлэлтээ тоон болон чанарын утгаар тодорхойлох нь хэрэгжүүлэх, тайлагнах, үр дүнг үнэлэхэд чухал нөлөөтэй. Аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа бодлогын баримт бичгийг боловсруулахдаа суурь түвшин дээрээ үндэслэн, шалгуур үзүүлэлтийг үнэн зөв тодорхойлох чиглэлийг түлхүү барьж ажилласан.

-Үндэсний хөтөлбөрүүд болон аймгийн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр шинэчлэх, аль эсвэл тодорхой хугацаагаар хөтөлбөрийг тунхгийн шинжтэй баталж хэрэгжилтийн тайланг жил бүр гаргадаг. Тэгвэл эдгээр хөтөлбөрийн бодит үр дүн хэр зэрэг байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд 2020 оны байдлаар үндэсний хөтөлбөр 68, дэд 37 хөтөлбөрийг хяналтад авч, хоёроос дээш жил хэрэгжсэн болон хэрэгжилтийн хугацаа дууссан 59 үндэсний хөтөлбөрийн биелэлтийг холбогдох яаманд, 30 дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тайлагнаж үнэлүүлсэн. Энэ оны байдлаар 51 үндэсний хөтөлбөр, аймгийн үргэлжлэн хэрэгжиж байгаа 16 дэд хөтөлбөр, шинээр боловсруулагдсан нэг зорилтот хөтөлбөрийг хяналтад авч, холбогдох хэлтэс, сумын Засаг даргын Тамгын газар, агентлаг, байгууллагууд маань хэрэгжүүлэн ажиллаж байна. Үндэсний хөтөлбөрүүдийн хувьд дунд хугацааны бодлогын баримт бичиг гэдэг утгаараа 5-10 жил, аймгийн дэд хөтөлбөрүүд нь богино хугацааны буюу дөрөв хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлж ажиллахаар боловсруулагддаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах төлөвлөгөөг жил бүр боловсруулах нь бодитой үнэн зөв хэрэгжилтийг бий болгодог. Дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр сүүлийн дөрвөн жилд аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, хууль, эрх зүйн салбарт олон эерэг үзүүлэлт гарсан. Үүнд, тусгай хамгаалалттай газар нутгийг 2.5 дахин нэмэгдүүлж 12.6 хувиас 31.8 хувьд хүргэсэн. Аймгийн 127.9 га газарт 265.6 мянган ширхэг мод тариалан хөрсний хамгаалалт хийж цөлжилтөөс хамгаалсан. Газар тариалан эрхлэгчдийг төрөл бүрээр дэмжиж хамгаалагдсан хөрсний тариалалтын 10.5 мянган м.кв талбайд хүлэмжийг нэмэгдүүлж, тариалангийн 22 га талбайд дуслын усалгааны систем нэвтрүүлсэн. Хүнсний ногооны хэрэгцээний 10.7 хувийг орон нутгаас хангадаг болсон. Хөршийн хяналт хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин бүрдэж, орон сууцнуудын гэрэлтүүлэг, камержуулалтын асуудлыг шийдвэрлэсэн. Гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт буурч, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 15.3 хувиар, гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 38.2 хувиар буурсан. Архидан согтуурахтай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлснээр аймгийн хэмжээнд АА бүлгийн үйл ажиллагаа тогтмолжиж, 12 суманд бүлэгтэй болсноороо ард иргэдийн амар тайван, ая тухтай амьдрах нөхцөл дээшилсэн. Архинаас хамааралтай иргэдийн тоо 450-аар буурч ажлын байранд дөрвөн хүнийг зуучилсан. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 51.7 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн хэрэг 10.0 хувиар  буурсан. Аймагтаа ХАБЭА-н сертификаттай сургалтыг зохион байгуулах эрх бүхий сургалтын байгууллагатай болсон, аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, удирдах болон эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулснаар ажлын байрны аюул эрсдэлээ тодорхойлон бууруулах болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн есөн жишиг сургалтын танхимтай болсон. Боловсролын салбарын дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр хөрш орнуудын  туршлага, арга барилыг нэвтрүүлж, багш, эмч нар ажиллах идэвх, санаачлагатай болсон. Аймгийн хэмжээнд 10 сургууль хоёр цэцэрлэг  шинээр ашиглалтад орж ЕБС, СӨБ-ын хамрагдалтын 86,9 хувьд хүрсэн. Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийг эрүүл, аюулгүй сурч, хөгжих нөхцөлийг  бүрдүүлснээр  сурагчдын сурлагын дүнд ахиц гарсан. Элсэлтийн ерөнхий шалгалтын гүйцэтгэл 2017 оноос 10 байраар, гүйцэтгэлийн хувь 522.8 оноонд хүрч 22.9 хувиар ахин, улсын хэмжээнд II байр эзэлсэн. Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн шинэ барилга, өргөтгөл, их засварт 15.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 50 ортой төрөх шинэ эмнэлгийн барилга, 100 ортой Замын-Үүд сумын шинэ эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулж, гурван сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, Нэгдсэн эмнэлгийн хэсэгчилсэн засвар, халаалтын шугам, уурын зуух, гадна засвар тус тус хийгдсэн зэргийг дурдахад таатай байна.

-Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан нийтлэг журамд үр дүн, үр нөлөөнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээг зохион байгуулахаар журамласан. Үүнтэй холбогдуулан үр дүн, үр нөлөөг тооцох талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг үндэслэн, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, төрийн болон орон нутгийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх, ажлын гүйцэтгэл, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлан, мэдээ, судалгааг хуваарийн дагуу тогтоосон хугацаанд, батлагдсан загвар хүснэгтийн дагуу хийж ирүүлэх аргачлалыг шинээр боловсруулан, аймгийн Засаг даргын 2021 оны А/280 дугаар захирамжаар батлуулсан. Орон нутгийн бодлогын баримт бичиг, шийдвэр, зорилтот хөтөлбөрийг боловсруулах шатанд баримт бичгийн төлөвлөлт, биелэлт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шийдвэр нь үр дүнтэй байсан эсэхэд чанарын үнэлгээ хийх, үр нөлөөг үнэлэхэд хяналт-шинжилгээ, үнэлж сурах нь төрийн албан хаагч бүрийн эзэмшвэл зохих чадварын нэг тул “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” аймгийн зөвлөгөөнийг зургаадугаар сардаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мэргэжилтнүүд чадавхижсанаар бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн гүйцэтгэлийг төлөвлөсөн үр дүнтэй харьцуулах, мэдээллийг тогтмол цуглуулан хянах, дүн шинжилгээ хийх, гарсан ахиц өөрчлөлт, дэвшлийг тодорхойлон дүгнэх, шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах үйл ажиллагаа, үнэлгээ нь бодлогын зорилго нь хэрэгжиж дууссан, хэрэгжиж байгаа тухайн үе шатны зорилтот түвшиндээ хүрсэн эсэхийг үнэлэх, үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлон дүн шинжилгээ хийх, түүнийг боловсронгуй болгох, сайжруулах чиглэлээр дараа дараагийн төлөвлөлтөө сайжруулан ажиллах боломжтой. Төлөвлөлт сайн хийгдсэн тохиолдолд явцын болон эцсийн үнэлгээг хийхэд үүсэх бэрхшээл байхгүй болно.

-Үйл ажиллагааны үе шат бүрт хийгдэх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын цар хүрээг өргөжүүлэх ажлын хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?

-Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 6.1.1-д заасны дагуу Хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг жил батлуулан хэрэгжүүлж ажилласан. Төлөвлөгөөний хүрээнд 2019 онд гурван сумын Засаг даргын Тамгын газар, 12 агентлаг, байгууллага, 2020 онд таван сумын Засаг даргын Тамгын газар, зургаан агентлаг, байгууллагад явцын хяналт-шинжилгээг хийж, ажлын байран дээр “Хяналт-шинжилгээ, үнэлгээний  талаарх ерөнхий ойлголт”, “Төлөвлөлт  хийх  арга  зүй”, “Тайланд гарч  буй  алдаа  дутагдлууд”, “Дотоод аудит ба хяналт шалгалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж, арга зүйгээр хангаж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэн ажилласнаар тайлангийн бичилт эрс сайжирсан. Хагас болон бүтэн жилийн тайлангийн хэрэгжилтэд арга хэмжээ бүрээр зөвлөмж хүргүүлэн, хяналт тавьж хэвшсэн. Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам” шинэчлэн батлагдсан. Журамд заасны дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөгөө боловсруулан, аймгийн Засаг даргын 2021 оны А/247 захирамжаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, 14 сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, ажлын байран дахь хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээрх арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажилласан. 2021 оны ес, арвандугаар сард өмнөх онуудад агентлаг, байгууллагуудад явцын хяналт шалгалт хийн, арга зүйгээр ханган ажиллах төлөвлөгөөтэй байна.

-2022 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс чиг үүргийн болон бүтцийн өөрчлөлтөд орох уу?

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 33.2.-т “Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна” гэж заасан байгаа. Энэ хууль 2022 оноос хэрэгжиж эхлээд, Засгийн газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг тогтоох учраас урьдчилаад хэлэх боломжгүй. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс маань дээр хэлсэнчлэн 2016 оноос хэлтэс болон ажиллаж байгаа. Бидний хувьд өнгөрсөн хугацаанд бодлогын баримт бичгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ тал дээр нэлээн анхаарч ажилласан бол харин одоо дотоод аудитын чиглэлээр суралцах, анхаарах асуудлууд байгаа. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оноос эхлэн мөрдөгдөж, уг хуулийн 66.1.4 дэх заалтад “Төрийн албаны тухай хууль тогтоомж, энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийх” тухай тусгасан учраас энэ ажил, арга хэмжээний бэлтгэлийг хангахад чиг үүргийн дагуу ажиллах болно.

-Манай аймаг хоёр жил дараалан “Шилдэг аймаг”-аар шалгарсан байсан. Тэгвэл 2020 оны хувьд яаж үнэлэгдсэн бэ?

-Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 8 дугаар хавсралтын дагуу жил бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдох 11 төрлийн тайланг аймгийн Засаг даргын Тамгын газраас хүргүүлдэг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газраас яам болон аймаг, нийслэлийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр Дорноговь аймаг 2018, 2019 оны үйл ажиллагаагаараа “Шилдэг аймаг”-аар шалгарсан амжилтаа дурдахад таатай байна. 2020 оны дүн одоогоор хараахан ирээгүй байгаа ч, сайхан мэдээ дуулах ерөөл тавин хүлээж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top