Отгонбаярын МӨНХЖИН
3D concept artist.
2011- 2017 онд ШУТИС-ийн Үйлдэрлэлийн технологийн сургуульд компьютер, график дизайны мэргэжлээр суралцаж төгссөн.
Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг нэгтгэсэн “Urlan” discorded channel, Фэйсбүүкийн “Silent warriors” пэйжийн админ.
* * *
Интернэт дэх https://iif.artstation.com хаягт О.Мөнхжингийн бүтээлийн танилцуулгууд бий. 18092 дагагчтай энэ хуудсаас түүний виртуал орон зайд бүтээсэн дүрүүд, зэвсэг, тоноглол, мотоцикль, машины дизайнуудыг харж болно. Бас өөрийгөө сорьсон зоримог туршилтууд, ур чадварыг нь нотлох нямбай гүйцэтгэлүүд, гайхашран дуу алдмаар тоноглол, материалууд тавиастай байгаа. Товчхондоо О.Мөнхжин 3D артын салбартаа дэлхийд үнэлэгддэг уран бүтээлч.
Үнэнийг хэлэхэд өглөөний таван цагаас үдшийн 22 цаг, заримдаа нойр, хоолоо мартан өдөржин шөнөжин компьютерийн ард суудаг энэ залуу ар гэрийнхэнтэйгээ саяхныг хүртэл дайн зарлачихаад байв. Харин “Фантастик продакшн”-ы “Зүрхний хилэн” кинон дээр ажилласнаас хойш энэ харилцаа сайжирч, хүүгээ компьютер дээр тоглоод, зүгээр суугаа төдийхнөөр ойлгодог гэрийнхнийх нь хандлага өөрчлөгдөн, “өөрийн гэсэн зорилготой, бие даасан уран бүтээлч” гэдгийг нь мэдэрчээ.
Өнөөдрийн байдлаар 3D concept artist мэргэжлээр сургадаг сургууль дэлхийд хаа ч байхгүй. Тиймээс хэрийн хүн эзэмшиж чадахгүй нарийн ур чадварыг О.Мөнхжин өөрөө өөрийгөө хөгжүүлж олж авсан. Бас хэлж барахгүй олон бэрхшээл, саадыг даван туулсан. Уран бүтээлч хүний хувьд нас, туршлага гэдэг шалгуур биш. Харин ур чадвар гэдэг ганцхан том сорилоор бүгд дүгнүүлдэг. Тиймээс ч үеийнхэн нь зугаалж, дурлаж явсан 20-23 насаа О.Мөнхжин мэдэхгүйгээ сурч, ур чадвараа хөгжүүлэхэд зориулсан. Цагаа зориулж, сэтгэлээ өгч чадвал мэргэжлийн ур чадвар гэрлийн хурдаар хөгждөг гэдгийг ойлгуулсан тэр он жилүүд түүнийг N’VIDIA, “Paramount pictures” гээд дэлхийд алдартай компаниудын төсөл дээр Монголоосоо, гэрээсээ аутсорсингоор ажилладаг уран бүтээлч болгожээ. Басхүү өөрийгөө олоход тусалжээ. Энэ эрлийн ачаар дунд сургуульдаа эмэгтэй хүний өөдөөс эгцэлж харах байтугай эрэгтэй хүний өөдөөс ч юм хэлж чаддаггүй дуугүй, даруу хүү “Хүн хүсэх л юм бол ямар ч ур чадварыг эзэмшиж чадна, хувь тавилангаа ч өөрчлөн чиглүүлэх боломжтой”-г ухаарчээ.
“Ирээдүйн хамгийн том зорилгоо сонгохын тулд маш олон сорилтыг давах шаардлагатай юм билээ. Хүний дуртай мэргэжил гэж байдаггүй. Харин ямар нэгэн зүйлийг сонгоод, сонгосон тэр зүйлдээ өөрийгөө дурлуулна гэдэг зүйл л байдаг юм билээ. Би 3D артад дуртай, үнэнч хэдий ч өдөр болгон мэргэжлээ үзэн ядах, бууж өгөх асуудлууд гардаг. Хийхэд сайхан хэсгүүд байдаг, хийхэд төвөгтэй зүйлүүд ч байдаг. Сайн зүйлийг нь мэдэрч байгаа бол төвөгтэй зүйлийг нь ч давах шаардлагатай. Яг л хүний сайн талыг нь харж нөхөрлөөд, дутуу чанаруудыг нь хүлээн зөвшөөрдөг шиг мэргэжилдээ ч гэсэн яг тэгж хандах ёстой юм билээ” гэж тэр ярьсан.
Монголын дижитал артистуудыг танилцуулдаг пэйж хуудсаа “Silent warriors” гэж нэрлэсэн тухайд “Артист бол сэтгэлзүйн мэргэжил. Бусад мэргэжлээс хамгийн том ялгаатай нь өглөө болгон өөрийнхөө сэтгэлзүйтэй байлдах шаардлага гардаг. Бас бидний хийж байгаа зүйлийг мэргэжил нэгтнүүд маань л мэднэ үү гэхээс энгийн хүмүүс мэддэг ч үгүй, сонирхдог ч үгүй. Ард, далд байдаг утгаараа артистууд бол чимээгүй баатрууд” гэж билээ.
О.Мөнхжин ШУТИС-аа төгсөөд “Void animation” студид ороод, удалгүй “Каtalist kino” компанид шилжиж, гурван жил ажиллажээ. Улмаар чөлөөт уран бүтээлч болж, гадаадын компаниудын захиалгат төслүүдийг гүйцэтгэх болов. Одоо бол тэр гадны захиалгат ажил авах гэж шамдахаасаа илүү хувийн төслөө хийж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээж буй. Түүний цаана олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр зэрэглэлийн уран бүтээлч болох, энгийнээр тайлбарлахад кинонд гарах ширээ сандал, буу, машин төдийхнийг биш гол дүрийн дизайн, концепцийг бүтээдэг болох зорилго бий. Олон улсад гарах гээд мэрийгээд байгаагийн цаана одоогийн нөхцөлд Монголд дижитал уран бүтээлчдийг үнэлж, дэмжих байтугай ойлгох хүн цөөхөн. Тэрийг дагаад ажлын байр бараг үгүй. Ажилгүй, орлогогүй нийгэмд ямар ч оргилуун мөрөөдөл, дэврүүн төсөөлөл бууж өгөх нь тодорхой. Тохиолдлоор О.Мөнхжин болон түүний найзууд тодорхой хэмжээнд чадвараа хөгжүүлж, олон улсын түвшинд үнэлэгдэх хэмжээнд очиж чаджээ. Хөгжим, кино, ном бол түүний хувьд амьдрал болон ажлынх нь салшгүй нэг хэсэг. Хүний сэтгэлзүй яаж ажилладаг, хүн болзолт нөхцөлд амьдралд болон өөртөө яаж ханддагийг харуулсан кинонууд үзэх дуртай. Хөгжмийн хувьд сонсдоггүй жанр гэж үгүй. “Бүх төрлийн хөгжимд өөрийн гэсэн гоо үзэсгэлэн бий” гэж үздэг. Ажил ихтэй болохоор цагаа нарийн төлөвлөдөг. Харин сүүлийн үед гэрийнхэн болон найзууд, хувийн бусад чухал зүйлдээ цаг гаргаж сурч байгаа.
“Void”, “Katalist” студийг байгуулсан өмнөх үеийн уран бүтээлчдэд нь дижитал арт хэмээх цоо шинэ салбарыг таниулах, түүний зэрэгцээ ахуй амьдралаа залгуулж, захиалгат кино, клип, реклам хөөх шаардлага гарсан бол О.Мөнхжин болон тэдний үеийнхэнд өөрийнхөөрөө, хүслээрээ байж, дараа үеийнхнээ үлгэрлэн, дуртай дуртай чиглэлээ хөгжүүлэх боломж олдсон юм. Үүнээс азтай тохиол гэж юу байх билээ.
Тиймээс О.Мөнхжиндөө цаг мөч бүхэндээ тээж явдаг хүслээ биелүүлж, монгол уран бүтээлчийн ур чадварыг гайхуулсан часхийсэн бүтээл хийхийг ерөөе.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
mundag ax
amjilt