Тивдээ тэргүүлэх зургаан баг

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 13

Буурал тивийн шилдгийг тодруулах өрсөлдөөн 16 дахь удаагаа болох гэж байна.

Тэмцээнд оролцогчдын тоо, дүрс бичлэгээр нягтлах технологи, үе солигдсон цагийн шинэ нэрс гээд энэ удаагийн Европын аваргыг чимэх зүйлс бишгүйдээ бий. Алтан дагина хүртэж дэлхийд зангаргаа харуулсан Францчууд тивдээ тодорч чадах уу, нэр нь өрсөлдөөнд багтдаг ч хүчтэй багуудын тоонд багтдаггүй Англичууд гэнэтийн бэлэг барих уу, эсвэл хөлбөмбөгийн өөр нэгэн түүх буурал тивд зураглах уу гэдгийг өнөө шөнө бид мэдэх болно. Түүнээс өмнө цахиур хагалах таван баг хийгээд энэ жилийн тэмцээнээр тодорч болох багуудыг хамтдаа зураглая.

Франц дархан аварга болох уу?

Яагаад үгүй гэж. Тэд хөлбөмбөгийн түүхэнд өөрсдийгөө дархалж байсан үндэстэн. Өдгөөгөөс 23 жилийн өмнө нутагтаа дэлхийн аварга болж, 2000 онд тивдээ дархлагдаж байсан бахдам түүх тэдэнд бий. Францын шигшээ баг түүхэн амжилтаа давтахаар энэ удаагийн тэмцээнийг хараалж байгаа нь дамжиггүй. Дэлхийд даналзаж байгаа Герман, хэрэгтэй үед байдаг гэдгээ харуулдаг Испани,  аваргын өрсөлдөөнд зөөлхөн боорцог биш гэдгээ харуулсаар ирсэн Итали ч дэлхийд болон тивдээ давхар дархлагдаж байсан түүх үгүй. Нутагтаа дархлагдаж байсан 23 жилийн өмнөх түүхийг эргэн санацгаая. Дидье Дешам, Зинедин Зидан нар Франц гэдэг үндэстнээ нуруундаа үүрч дэлхийд дархалсан юм. Юун түрүүн тэд бүтэн багийн тоглолтыг сэргээж байсны дээр, өндөр ур чадвараараа хөлбөмбөгийн түүхэнд үлдсэн. Дэлхийд дархлагдсан түүхэн цагаасаа хойш Тьерри Анри, Никола Анелка, Юри Жоркаэфф, Давид Трезеге нарын домог болсон тамирчид буурал тивийн титмийг шигшээ багтаа авчирсан. Түүхэн цаг үед оногдсон ачаа Францын шигшээ багт одоо л ирээд байна. Тэд 2018 оны Дэлхийн аваргад зүгээр ч нэг түрүүлчихээгүй. Антуан Гриззман, Пол Погба, Килиан Мбаппе зэрэг түүхэн цагийн ачааг нуруундаа тээхээр тоглогчид төрөн гарсан. Түүхэн тоглогчдоос гадна тэднийг зангидах Дидье Дешам гэх “тархи” бий. Магадгүй 23 жилийн өмнөх багаас ч хүчтэй байж мэднэ.

Францын шигшээ багийн амин сүнс бол дасгалжуулагч. Шигшээ багийг удирдаж буй Дидье Дешам бол Францыг дархалсан Эйм Жакегийн туршлагаар хүрч болох бүхэндээ хүрсэн нэгэн. Өдгөө Францын шигшээ багийн баримталж буй систем, тоглолтын нөхцөл байдлыг харахад  Эйм Жакегийн үнэр үнэртэх шиг болдог. Дешамын шигшээ бол сайн хамгаалахаас гадна, эсрэг багийнхаа хамгаалалтыг няцаах хүчтэй довтолгоотой баг. Карим Бензема гэдэг нэр хоорондын маргаанаас болж зургаан жил гаруй шигшээд дуудагдаагүй ч Европын аваргын өнгөн дээр дуудсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Өдгөө 33 настай түүнд Францын түүхэн амжилтыг давтах, тив, дэлхийд хоёронтоо дархлах хүнд ачаа ноогдож буй. Хоёр аравны өмнө Францын шигшээд Анри байсан бол түүний ачааг Мбаппе үүрнэ. Хурд, хүч, ухаанаараа тоглодог түүний арыг Анелка шиг мэдрэмжтэй Бензема даах болно. Нүд, хөлнийхөө хажуугаар бөмбөг зүгээр өнгөрүүлж үзээгүй Трезегегийн ачааг одоо Оливье Жиру үүрэх нь гарцаагүй. Тэдний торгон мэдрэмж дээр Усмани Дембеле, Кингсли Куман, Виссам Бен Йеддер нар нэмэгдвэл юу болохыг зөвхөн бурхан л мэдэх байх. Шигшээ багаас хасаж болохгүй нэр гэвэл Нголо Канте. Аваргуудын лигийн шигшээд ч, Английн премьер лигт ч түүний мэдрэмж, ур чадваргүй бол түрүүлж чадахгүй байлаа. Өнөө цаг үед түүн шиг хагас хамгаалагч дэлхийд цөөхөн байдаг юм. Зүтгэл, гүйцэтгэл, хамгаалалт, довтолгоог дэмжих зэргээрээ шигшээ багтаа ч, клубтээ ч жин дарна. Магадгүй Погбатай хэрхэн ойлгоцохоос Францын шигшээ багийн ирээдүй шалтгаалах биз.

Англи шуугиулж чадах уу?

Үеийн үед Английн шигшээ “нохой шуугиулаад” ороод ирдэгч жин дарах өрсөлдөөн үзүүлж байсан нь үгүй. Хөлбөмбөг гэдэг спорт Англид үүссэн ч хөлбөмбөгийн бурхан тэнгэр нь том тэмцээнд ивээж байгаагүй юм. Гэхдээ энэ удаад түүхийг арай өөрөөр дуусгах боломж тэдэнд байна. Өдгөөгөөс яг таван жилийн өмнө Гарет Саутгейт шигшээ багийг удирдахаас өмнө Английн шигшээ Европын тавцанд ичгүүртэй шанаа хүртсэн түүхтэй. Гэвч Английн шигшээ багийн цулбуур Саутгейтын гарт ирснээс хойш дүр төрх эрс өөрчлөгдсөн. Тиймгүй бол 2018 оны ДАШТ-нд хасагдах шат хүртэл явахгүй байлаа. Английн шигшээ багийн гол дутагдал бол шийдвэрлэх тоглолтод сэтгэл зүйгээрээ унадаг явдал. Дэлхийн аваргад тэд Колумбын шигшээд энэ л азгүйтлээсээ болж хожигдсон.

Дэлхийн аваргаас европын аваргын цикль хүртэл Английн шигшээ багийн тоглогчид дахан дор эр, даахин дор хүлэг болохын үлгэрээр тивийнхээ аваргыг зорьж байна. Английн шигшээ баг  хамгийн залуу баг. Шигшээд дуудагдсан 26 тоглогчийн 15 нь том тэмцээний утааг үнэрлээгүй. Ирээдүйд шилдэг болох ерөөлтэй Жюд Беллингхэм, Букайо Сака нар 20 насны ч босго даваагүй байна.  Нас нь залуу гэдэг л дутагдал байгаагаас ур чадвар, ойлголцол зэргээрээ бусдаас дутна гэдэг нь үгүй. Тиймдээ ч шинжээчид Английн шигшээ багт найдвар тавьж байгаа юм. Хамгийн сүүлд тэд 1996 онд нутагтаа болсон тивийн аваргадаа хасагдах шатанд шалгарч байснаас өөрөөр гавьтай амжилт үзүүлж байгаагүй. Тэд нутгийнхаа хөгжөөн дэмжигчдийн нүдэн дээр хэсгийн тоглолтоо хийнэ. Бэлтгэл дээрээ л алдчихгүй бол  өөрсдөөс нь өөр өрсөлдөгч гэж үгүй. Гэвч бодит байдал арай өөрийг хэлж байна. Харри Магуэйр, Жордан Хендерсон нар бэртлийн улмаас Хорваттай хийх нээлтийн тоглолтод оролцохгүй. Хэдийгээр Тренд Александер-Арнолдын бэртэл эдгэрч байгаа ч эвээ олоогүй багийнхан Хорватыг “барах” эсэх нь эргэлзээтэй. Английн шигшээ багийн хамгаалалтын шугам хэний ч итгэл төрүүлэхгүй байж болно. Гэхдээ довтолгоон дээр итгэл хүлээчих тоглогчид чамгүй бий. Өдгөө дэлхийд чадвараараа үнэлэгдэж буй Фил Фоден, Рахийм Стерлин, Маркус Рашфорд, Жейдон Санчо нарыг дурдахаар хэр зэрэг итгэл төрж байгаагаа уншигч та өөрөөсөө асуугаад үзээрэй. Английн шигшээ энэ удаад 4-3-3 юм уу 4-2-3-1 тактикаар тоголж мэднэ. Чухамдаа аль багтай таарахаас шалтгаалаад энэ хувилбарыг л түлхүү ашиглаж мэдэх юм.

Португаль аваргаа хамгаалах уу!

Португаль аваргаа хамгаалж, Роналду хөлбөмбөгийн түүхэнд үлдэх нь бүх португальчуудын мөрөөдөл болчихоод байна. Португалийн шигшээ багаас Роналдуг, Роналду Португалийн шигшээгээс салгаж ойлгох тун бэрх. Чухамдаа тэр ямар байхаар энэ багийн өнгө тодорхойлогдоно. Өдгөө 36 настай түүний хувьд энэ удаагийн Европын аварга хамгийн сүүлийн том тэмцээн. Шигшээ багийнхаа эсрэг хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгч болоход түүнд ердөө зургаан гоол дутуу байна. Роналдугийн хувьд Европын аварга тийм ч “гоё” түүхгүй. Европын аварга шалгаруулах 2004 оны тэмцээнд нээлтийн тоглолтод, шигшээ тоглолтод хоёуланд нь Грекийн шигшээ багт хожигдон аугаа замналаа нулимстай эхлүүлж байлаа.

Португалийн шигшээ өнгөрсөн хугацаанд өөр дүр төрхөөр өнгө сэлгэжээ. Одоо энэ багт Диого Жота, Жоа Феликс нар байгаа нь довтолгоог илүү хурц болгоод зогсохгүй Андре Сильва гэх өсөх ирээдүйтэй хөлбөмбөгч байгааг мартаж болохгүй. Нөгөөтэйгүүр Бруно Фернандешийн яаж тоглохоос энэ багийн дүр зураг ихээхэн шалтгаална. Эдгээрийг хэрхэн тоглуулах нь дасгалжуулагчийн хэрэг. Магадгүй Роналду өмнө шигээ жин дарахгүй байж болно. Хамгийн гол нь хагас хамгаалалт болон довтолгоог хэрхэн зохицуулахаас бүх зүйл шалтгаална. Энэ тэмцээнд хамгаалалтын ноён нурууг ахмад тоглогчид үүрч яваа. Рубен Диаш, Пепе, Рафаел Гурейро, Руй Патрисио нар бүгд 30-аас дээш настай. Тэд ч ачааг хэрхэн үүрэх нь сонирхогчдын анхаарлыг татаж байна.  Португалийн шигшээ бол ажил үүргийн хуваарь нь тодорхой гэж хэлж болох цөөхөн багийн нэг. Гэвч хөлбөмбөгт гоол оруулахаас илүү бөмбөгийг хэрхэн удирдахаас бүх зүйл шалтгаалдаг гэдгийг мартаж болохгүй. Роналдуг замналаа эхлүүлж байхад туслах дүр байгаагүй бол одоо түүнд туслах дүр хангалттай байна.

Герман машин хаана хүрэх вэ?

Йохим Лёвын өнгөн дээр Германы шигшээ баг хүртэж болох бүх алдарт хүрсэн. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн сүүлийн тэмцээн. Германы шигшээ баг үеийн үед чадвартай тоглогчдоор дүүрэн байсан. Гагцхүү залуу авьяастнуудыг хэрхэн зохицуулж, нийцүүлэхээс л бүх зүйл шалтгаална. Энэ удаагийн Европын аваргын “F” хэсгээс тэднийг гарч ирэх магадлалтай гэж мэргэжилтнүүд дуу нэгтэй таамаглаж буй. Гэвч Европын аваргын өмнөхөн хүндхэнд тооцогдох ялагдал амссан. Испанийн шигшээд 6-0-ээр шившигтэй ялагдсанаас гадна, хөлбөмбөгийн замнал ядруухан Умард Македонын шигшээд 2-1-ээр хожигдсон юм. Германы шигшээ яаж ч доройтсон бүх тэмцээний фафорит байсаар ирсэн. Энэ удаад ч тийм байна. Шигшээ багт Никлас Сюле, Жошуа Киммих, Мануэлл Нойер, Томас Мюллер, Серж Гнабри, Лерой Сане  нар ямар ч багийн толгойны өвчин байх нь гарцаагүй. Үүн дээр нэмэгдээд хэн гоол оруулах вэ гэх асуулт гарч ирнэ. Дөнгөж саяхан Аваргуудын лигт түрүүлсэн Тимо Вернер, Гнабри нар хэний ч торыг хөдөлгөх чадвартай. Магадгүй Сане, Гнабри нар формгүй байгаа нь гоол оруулж чадахгүй байхад хүргэж ч мэднэ.

Йохим Лёв сэтгүүлчдэд хэлэхдээ ялалт байгуулах сэтгэл зүй хамгийн чухал гэж ярьж байв. Тэр чухамдаа шигшээ багт нь ялалтын сэтгэл зүйтэй тоглогчид цөөхөн байгаагаас энэ үгийг хэлсэн байж мэднэ. Нөгөөтэйгүүр Герман машиныг хөндөхгүйгээр олон жил явсаар ирсэн системээ хадгалах нь түүний гол нууц байж болох юм. Ямартаа ч Ханси Фликээс өмнө дахин нэг амжилт байгуулаад буух амбиц Лёвт байж таараа.

Испани цар тахлын хямралыг давж чадах уу...

Испанийн шигшээ багийн хувьд нэгэн үе солигдож байна. Реал, Барса гэх хоёр том гигантаас тамирчдаа шилж сонгодог үе ч ард хоцорч. Энэ удаагийн тэмцээнд Реалаас нэг ч тоглогч дуудаагүй нь үүний нотолгоо гэлтэй. Луйз Энрикегийн удирдаж буй “Ялагдашгүй Армадачууд” гагцхүү коронавируст л ялагдаж мэднэ. Тэмцээн эхлэхээс ердөө долоо хоногийн өмнө Серхио Бускетс коронавирусээр оношлогдсон нь энэ багийн асуудлыг улам нэмж орхилоо. Тэд хэсгийн эхний тоглолтоо Шведийн эсрэг хийнэ. Өнөө цагт Бускетс бол гол ноён нуруу. Түүнгүйгээр хэрхэн тоглох нь сонирхол татаж байна. Коронавирус гэх аюулт цар тахлаас хамгийн сүүлд Диего Йорентэ эргэн ирсэн. Гагцхүү гарааны чухал тоглогчид нь л цар тахалд нэрвэгдчихгүй байх нь чухал болоод байна. Одоо Энрикегийн шигшээ багт нэг л дарамт байгаа нь Мадридын хэвлэлүүд. Реалаас нэг ч тоглогч багтаагаагүй түүний баг дорвитой амжилт үзүүлэхгүй бол Испаничууд түүнийг хэрхэн угтах нь тодорхой. Одоогоор гараанд чухам хэн гарах нь тодорхой болоогүй байна. Европын аваргын өмнөхөн Португальтай тоглоход гоолгүй хуурай тэнцсэнээс харвал Унай Симон, Роберт Санчес нар багтахгүй байж мэднэ. Хамгийн гол нь формгүй довтлогчид олон байгаа нь тэдний шүдний өвчин. Гэхдээ хагас хамгаалалтын шугамд Ла Лигийн шилдэг хагас хамгаалагчдын нэг Маркос Йорентэ байгаа.  Испанийн шигшээд дуудагдах эсэх нь эргэлзээтэй байсан Луйз Энрике, Пау Торрес, Эймерик Лапорт нар Испанид багтсан нь тэдний хувьд сайн хэрэг. Найруулгын голыг нугалах тэдэнгүй бол Испани хаа хүрэх нь эргэлзээтэй. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тэд Германыг 6-0 онооны харьцаагаар бут ниргэсэн нь аварга авч болзошгүй багийн жагсаалтад оруулсан. Хамгийн гол нь тэд ойлголцож чадвал ямар ч багийг буулгаж авна. Ойлголцож чадвал шүү дээ.

Бельги хүслийнхээ оргилд хүрэх үү...

Олон мэргэжилтнүүд тэднийг оргил цаг дээрээ байна гэж дүгнэж буй. Одоогийн шигшээ багийг “алтан үе” гэж нэрлэх хүмүүс ч цөөнгүй байна. Магадгүй энэ алтан үеийн хамтдаа байх сүүлийн тохиол нь “Евро 2020” ч байж мэднэ. Тэднээс өмнө алтан үе гэж нэрийдсэн нэгэн үе байсан ч алдар гээчийн оройд нь хүрч байгаагүй. Бельгийн шигшээ баг 2018 оны есдүгээр сараас хойш дэлхийн чансааг тэргүүлж байгаа. Өмнөх алтан үе нь ч ийм амжилттай байгаагүй. Одоо тэдэнд томоохон тэмцээний оргилд хүрэх цор ганц даалгавар байгаа. Эден Азар, Кевин Де Бройн, Драйс Мертенс, Тоби Алдервайрелд, Йан Вертонген, Аксел Витсел, Томас Вермален, Насер Шадли. Тэднээс хэн эргэлзэнэ гэж. Дээрээс нь оргил цэгтээ хүрээд байгаа Ромелу Лукакуг мартаж болохгүй.

Улаан чөтгөрүүд гэж нэрлэгддэг Бельгийн шигшээ баг томоохон тэмцээний өмнө найдвар хүлээдэг ч бүдэрдэг гэм бий. Сүүлийн хоёр тэмцээнд шөвгийн наймаас цааш тэд явж үзээгүй. 2014 оны ДАШТ-нд Аргентинд нэг гоолын зөрүүгээр, 2016 оны Европын аваргад Уэльсийн шигшээ багт 3-1 онооны зөрүүгээр хожигдсон. Тэгэхээр том тэмцээнд тэдэнд итгэх үү гэдэг том асуулт гарч ирнэ. Шигшээ багийн гол гурван тоглогч нь энэ улиралд хүрч болох бүхэлдээ хүрсэн. Гэхдээ хамгаалалтын шугам нь асуудалтай. Аксел Витсель ямар үүрэг хүлээх нь тодорхойгүй байна. Түвшин доогуур багтай хэрхэн тоглохоос тэд финалд гарах эсэх нь шийдэгдэнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top