БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо худалдаа, технологи, Хонконг, Шинжаантай холбоотой АНУ болон Европын Холбооны тавьсан хориг арга хэмжээнд хариу барих хууль баталжээ.
Энэхүү хууль ёсоор, Хятадын иргэд болон аж ахуйн нэгжийн эсрэг ялгаварлан гадуурхах арга хэмжээ авсан болон хэрэгжүүлсэн хувь хүн, аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулж, Хятадад нэвтрэхийг нь хориглох эсвэл Хятадын нутаг дэвсгэрээс албадан гаргахаар заажээ. Түүнчлэн, эдгээр иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгийг битүүмжлэх эсвэл царцааж, Хятад улсад үйл ажиллагаа эрхлэхийг нь хязгаарлахаар хуульчилжээ.
БХАТИХ-ын Байнгын хорооны бүх 14 орлогч дарга Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хууль баталсны төлөө АНУ-ын хар жагсаалтад ороод байгаа юм. Иран болон Хойд Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээг нь зөрчсөн гэх үндэслэлээр “Huawei”, “ZTE” зэрэг Хятадын эсрэг компаниуд мөн Вашингтоны хориг арга хэмжээнд өртөөд байгаа билээ.
Хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард нууцаар хийсэн бол хоёр дахь хэлэлцүүлгийг хийх гэж буй зарласнаас хойш хоёр хоногийн дараа ийнхүү баталжээ. Европын Холбооны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хуулийн төслийн хэлэлцүүлэг нээлттэй бус байсанд түгшиж буйгаа илэрхийлжээ.
“Хятад улсад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барих эрх зүйн хэрэгсэл ашиглах эдийн засгийн хүч чадал, улс төрийн хүсэл зориг өмнө нь байгаагүй. Харин одоо аль аль нь бий болжээ” гэж Хонконгийн их сургуулийн профессор Ван Жянгю онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )