Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс сонгууль дуусах хүртэлх хугацаанд сонгуультай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хэчнээн гарсан бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр улсын хэмжээнд сонгуультай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл нийт 7 бүртгэгдсэн байна. Үүнээс Цагдаагийн байгууллага 5, Тагнуулын байгууллага 2 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд орон нутагт 2, бусад нь Нийслэлд гарсан байна. Эдгээрээс 2 нь Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхгүй байхыг уриалсан, худал мэдээлэл тараасан гэсэн агуулгатай, бусад нь “бэлэн мөнгө тараасан байж болзошгүй” гэсэн гомдол, мэдээлэл байна. Одоогоор эдгээр гомдол, мэдээллүүдийг шалгах ажиллагаа хийгдэж байна.
-Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн хэрэг хэд гарсан бэ?
-Иргэд, хуулийн этгээдээс Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн шинжтэй нийт 80 гомдол, мэдээллийг гаргасан. Үүнээс 78.8 хувь нь Нийслэлд, 21.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тухайлбал, Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 20, Баянзүрх дүүрэгт 17, Чингэлтэй дүүрэгт 10, Баянгол дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 5, Хан-Уул дүүрэгт 4 бүртгэгдсэн. Харин Хөвсгөл аймагт 3, Говьсүмбэр, Увс аймгуудад тус бүр 2, Налайх дүүрэг, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Ховд, Хэнтий аймгуудад тус бүр 1 зөрчил бүртгэгдсэн. Бусад газруудад Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Сонгуулийн үеэр бүртгэгдсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн 36.2 хувийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 2.5 хувьд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2 гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Одоо зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа 45 гомдол, мэдээлэл байна. Нийт бүртгэгдсэн зөрчлийн гомдол, мэдээллийн 50 гаруй хувь сонгуулийн санал хураалтын өдөр буюу зургаан сарын 09-ний өдөр бүртгэгдсэн байсан.
-Сонгуулийн хууль зөрчих зөрчлийн шинжтэй нийт гомдол, мэдээллийн дийлэнх хувийг ямар төрлийн зөрчил эзэлж байна вэ?
-Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Сонгуулийн хууль зөрчих зөрчилд нийт 36 төрлийн зөрчил хамаардаг. Үүнээс “Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн, харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан, сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулсан”, “Сонгогч нь санал авах байрнаас гарахдаа саналын хуудас авч гарсан, саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан, саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн” гэсэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16, 30 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 39 бүртгэгдсэн нь хамгийн их байна.
Мөн “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан”, “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сурталчилгаа явуулсан” гэсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл тус бүр 8 бүртгэгдсэн.
Бусад нь “Согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан”, “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн”, “Хүн, хуулийн этгээд нь сонгуулийн хорооноос мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан, өөрөөр мэдээлсэн, мэдэгдэл хийсэн”, “Сонгуулийн сурталчилгаанд хуульд заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудас ашигласан, эсхүл бусдын нэр болон хуурамч цахим хаяг ашигласан” зэрэг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллүүд байна.
Сэтгэгдэл ( 4 )
Өгч авч сурсан хүмүүстээ л, бүлэглэлийнхээ зарц нарт л мөнгөө өгнө ш дээ. Тэд нь тэр өгч, би авсан гэж хэзээ ч хэлэхгүй, тэгээд ч хуулийн байгууллага гээч хэдэн газар нь бүгд Ба, Хү нарын халаасанд ороод хаагдчихсан. Тэд судалж байна гэсээр, мартамхай монголчууд мартсаар эцэст юу ч болоогүй болж таардаг нь гэм биш зан даа.
Ter mungu ni nadad l oldoxgui yum baina
файсбуукээр дуурэн л хурэлсух 100,0 200,0 гаар нь менге тарааж байна гэсэн мэдээлэл яваад байсан даа..арай дэндуу арга замаар одоогийн сонгууль явагдаж...луйварын, авилгалын, эрээ цээрээ алдагсад
hvrel svh ervnhiilvgchdvvbayarlalaa gishvvdee demjsen mvnge tani ih nemerbolson shvv