Монголын хөлбөмбөгийн холбооны 10 дахь удаагийн ээлжит Их хурал өчигдөр (2021.06.14) цар тахлын улмаас анх удаа цахим хэлбэрээр амжилттай явагдлаа.
МХБХ-ны Дүрмийн дагуу Ерөнхийлөгч А.Ганбаатар даргалан явуулсан байна.
Хурлаар Их хурлаас их хурлын хоорондох МХБХ-ны Ерөнхийлөгчийн ажлын тайлан, 2020 оны Санхүүгийн тайлан, Хөндлөнгийн Аудитын тайланг хэлэлцэн баталлаа. Мөн МХБХ-ны 2020-2028 онд хэрэгжүүлэх "Урт хугацааны стратеги хөтөлбөр"-ийг Зорилт бүр дээр хэрэгжүүлэхэд шаардлагатай 2022 оны төсвийг баталсан байна.
МХБХолбоо Гишүүн байгууллагуудаа дэмжих, харилцах гүүр бүхий менежментийн хэлтсийг 2020 онд байгуулсан. Уг хэлтсийн хийсэн ажлуудын тайлантай танилцаж, гишүүн байгууллагууд болох Орон нутгийн хөл бөмбөгийн холбоод, клубууд Дүрмийн дагуу хэрхэн ажиллах талаар мэдээллээ авлаа.
Мөн 2020 оны аравдугаар сарын 7-ны өдрийн Их хурлаар сонгогдсон МХБХ-ны Дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн тайланг гишүүддээ танилцуулсан байна. Түүнчлэн МХБХ санхүүгийн хувьд шилэн данстай гэдгээ харуулж, ирэх 5 жилд ажиллах хөндлөнгийн аудитын байгууллага, Сонгуулийн хороогоо сонголоо.
Монголын шигшээ баг ДАШТ-ий хоёрдугаар урьдчилсан шатанд шалгарсан түүхэн амжилтаа нэр төртэй өндөрлүүлснийг уг хурлаар онцоллоо. Ингэхдээ шигшээ багийн 100 дахь гоолыг цохон тэмдэглэсэн юм.
Зөвлөлийн хурлаар батлагдсан Монголын хөлбөмбөгийн бэлтгэлийн төвийг Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Л. Сандагдоржийн нэрэмжит болгох саналыг гишүүдийн 100%-ийн саналаар баталгаажууллаа.
Түүнчлэн Монголын нэрийг, манай улсын хөл бөмбөгийн чанар чансааг Азийн клубуудын тавцанд харуулах "Атлетик 220" клубт удахгүй болох тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.
Цагийн нөхцөл байдлаас үүдэн цахим хэлбэрээр явагдсан МХБХ-ны 10 дахь Их хуралд АХБХ, ОУХБХ-оос төлөөллүүд оролцсон гэдгийг дуулгахад таатай байна.
Эх сурвалж: МХБХ
Сэтгэгдэл ( 0 )