БНХАУ КОВИД-19-ийн гурван тунт вакциныг гадаад зах зээлд гаргахаар үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ нь нэг болон хоёр тунт вакцинаас илүү үр дүнтэй гэж тус улсын шинжээчид үзэж байгаа ажээ.
Уг вакциныг БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн микробиологийн хүрээлэнд (CAS) бүтээж, Жифей Лонгком биофарм үйлдвэрлэжээ. Гурван тунт вакциныг БНХАУ-ын 13 мужид хийж эхлээд байгаа юм байна.
БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн микробиологийн хүрээлэнгээс уг гурван тунт вакциныг Хятадын болоод дэлхийн хамгийн анхны рекомбинант дэд нэгдлийн уургийн вакцин гэдгийг онцолжээ. БНХАУ-ын холбогдох албаныхан өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд тус вакциныг дотооддоо хэрэглэхийг зөвшөөрсөн аж. Жифей Лонгком биофйарм энэ оны эцэс гэхэд 500 гаруй сая гурван тунт вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна. Тус компанийн үйлдвэрлэсэн вакциныг батлахаас өмнө Хятадад нэг тунт рекомбинант аденовирусийн вектор дээр суурилсан КОВИД-19-ийн вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрөөд байсан юм. Шанхай хотын Вирус судлалын хүрээлэнгийн судлаач Тао Лина өнгөрсөн ням гарагт “Глобал Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Гурван тунт вакцин нь бусад КОВИД-19-ийн вакцинтай харьцуулахад илүү өндөр дархлаа тогтоох магадлалтай. Учир нь, гурав дахь тун нь дархлааг дэмжинэ.
Хэдийгээр БНХАУ цар тахлыг хяналтдаа оруулсан ч хүмүүс “КОВИД-19”-өөр дахин халдварлах магадлалтай тул халдвар бүртгэгдэхгүй байгаа бүс нутагт амьдардаг хүмүүс Жифей Лонгком биофармын вакциныг хийлгэхэд буруудахгүй” гэжээ. Вакцины хоёр болон гурав дахь тунг эхний тарилгаас хойш 28- 56 хоногийн дараа хийвэл үр дүн сайтай байгаа ажээ. Одоогоор БНХАУ-д КОВИД-19-ийн таван вакциныг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа ч гурван тунт вакциныг сайн дурааараа хийлгэж буй хүний тоо өссөөр байна. Тус улс өдөрт вакцинжуулж буй ард иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа юм. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын вэбсайтын мэдээлснээр зөвхөн өнгөрсөн бямба гарагт 621 сая тунг тарьсан байна. Бээжин хотын 18 болон түүнээс дээш насны нийт оршин суугчийн 86 гаруй хувь нь дор хаяж нэг тун вакцин хийлгэсэн бол бусад бүс нутагт ч гэсэн вакцинжуулалт 80-иас дээш хувьтай байгаа аж.
БНХАУ өмнө нь Синофарм болон Синовакийн хоёр вакциныг өргөнөөр хэрэглэж байсан ч эдгээр нь 18-59 насныханд л хэрэглэх заалттай байсан. Тэгвэл Синофарм, Синовакийн вакциныг Бээжин, Шанхай зэрэг зарим бүс нутагт 60-аас дээш насныханд хэрэглэхийг мөн зөвшөөрсөн байна. Дээр дурдсан хоёр компанийн үйлдвэрлэсэн вакцины тогтоосон дархлааны үргэлжлэх хугацаа харьцангуй богино буюу зургаан сар орчим байж болзошгүй гэж судлаачид үзэж байгаа юм. Сүргийн дархлаа тогтсон хэдий ч хүн төрөлхтөн коронавирустэй дэлхийд амьдарч жилдээ нэг удаа вакцинд хамрагдах шаардлага тулгарна гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрч буй. БНХАУ ч гэсэн энэ асуудалд ач холбогдол өгч гурав дахь тунг хэзээ хүн амдаа хийх вэ гэдэгт анхаарал хандуулж ирсэн билээ.
Түүнчлэн дэлхийн улс орнууд ч гэсэн вакцины гурав дахь тун шаардлагатай болохыг хүлээн зөвшөөрч эхлээд буй. Түүгээр ч барахгүй гурав дахь тунг хэзээ хийх тухай төлөвлөж цаг хугацаа, төсвийг тодорхой болгож эхлээд байна. Вакцины гурав дахь тунгийн үр дүнг тодорхойлох зорилготой эмнэлзүйн анхны туршилтыг Их Британид эхлүүлсэн. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, гурав дахь тунг “хүч нэмэгдүүлэгч тун” гэж нэрлэжээ. Туршилтад 30-аас дээш насны 2800 хүн сайн дураараа оролцсон бөгөөд үүнд 19.3 сая паунд зарцуулахаар төлөвлөсөн аж. Туршилтаар Их Британийн эрх баригчидтай гэрээ байгуулсан долоон компанийн аль нэгнийх нь вакцинаас гурав дахь тунг хийхийг санал болгох юм байна. Учир нь халдварын дараагийн давлагаа үүсэх магадлалтай тул тус улсын эрх баригчид гурав дахь тунг хийлгэхийг уриалж байгаа юм.Үүнээс гадна дэлхийд алдартай 50 гаруй эрдэм шинжилгээний байгууллагын нэгдэл болох “The People's” холбооноос мэдээлснээр нэг жил өнгөрөхөд эхний үеийн вакцины дийлэнх нь үр дүнгүй болох аж.
Тус холбооны эрүүл мэндийн бодлогын ахлах зөвлөх, доктор Мохга Камал Янни "Хэрэв бид КОВИД хэмээх улстай дайтаж байсан бол Засгийн газрууд үйлдвэрлэл, хангамж, үнийн талаарх чухал шийдвэрүүдийг зэвсэг үйлдвэрлэгч компаниудын мэдэлд үлдээх байсан уу. Вакцин бол цар тахалтай тэмцэх хамгийн чухал зэвсэг. Тиймээс Засгийн газрууд энэ чухал зэвсгийг хяналтдаа авах ёстой” хэмээжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
hujaa nar owsgootoigni gaohahaas yahaw
Энэ угаасаа бүрэн судлагдаж чадахгүй байгаа учраас дахин дахин хийгээд байна. Юун 95 хувь вэ. Вакцин туршилт хэвээрээ үргэлжилж байна.
Удку 4 дөх 5 дах гээд гарч өгөх байхдаа, анхнаасаа сайн вакцин гаргаж аваагүй. Албаар муу вакцин гаргаж тарисан ЭНЭ БОЛ ИРЭЭДҮЙН БИЗНЕСС , ДЭЛХИЙ 3-р ДАЙН улс орнуудын хоорондын тэмцэл.