Үргэлж л олон нийтийн зүгээс асуулт, сониучирхсан харц хүлээж авч байдаг гоо үзэсгэлэнтэй, ганц бие, Монголын хүсэмжит 10 бүсгүйн нэг гээд энэ залуухан бүсгүйд сонирхолтой зүйл олон бий. ”Зvvдийг минь эргvvлж өгөөч буюу стриптиз блюз” хэмээх Монголын анхны эротик жүжигт эр зоригтойгоор нүцгэлж, тэсрэлт хийж байсан Р.Анхням энэ удаа урд өмнө ярьж байгаагүй сэдвээрээ илэн далангүй ярилцлага өглөө.
-Ярилцлагаа шуудхан таны эротик секси имижийн талаар эхлүүлье гэж бодлоо. Урлагийн ертөнцөд та эротик, секси имижээрээ Р.Анхням гэх жүжигчний орон зайг тодорхойлчихлоо. Танд үүнээс өөрөөр олонд танигдах боломж байгаагүй гэж үү?
-Тэгж хэлж болохгүй л дээ. Нэг жүжигт бүтээсэн дүрээс болоод ийм ойлголт бий болчихсон. Тухайн үед тэр жүжгийн менежментээс болоод ийм нэр цолтой болчихсон. Гэхдээ би энэ жүжгээс өмнө “Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны нэлээн даруухан охины дүрд тоглосон Эндээс хүн юуг ямраар харахыг хүснэ, түүнийгээ л хардаг гэдэг нь батлагдаж байгаа юм. Намайг тэр өнцгөөс нь харахыг л хүссэн байхгүй юу. Тэрнээс биш Анхням гэдэг хүн хувь чанар, дотоод ертөнцийнхөө тухайд их өөр.
-Танаас гомдол үнэртэж байна. Тэр жүжигт тоглох нь таны л шийдвэр байсан биз дээ?
-Миний шийдвэр. Би ерөөсөө гомддоггүй. Гомдохоос илүү энэ бол миний хийх ёстой ажил гэдэг үүднээс нь хүлээж авдаг.
-”Зvvдийг минь эргvvлж өгөөч буюу стриптиз блюз” нэртэй энэ жvжиг тавигдаж байсан тэр үеийг санаж байна. 50 долларын өртөгтэй, тухайн үедээ л өндөр ханштайд тооцогдох жvжгийг Цvки Хаусын тайзнаа тоглож Монголын баячууд зөвхөн таны нvцгэн биеийг харах гэж хошуурч байлаа. Тэр үеийг эргээд дурсаач?
-Би тэнэг их зоригтой байсан. Одоо эргээд бодоход тэр үед хүмүүс намайг сонирхож ирж байна, энэ жүжиг ийм үнэтэй энэ тэр гэж би ерөөсөө бодож байгаагүй. Оюутны ширээнээс амьдралд хөл тавиад анх авч тоглосон жүжгийн гол дүр. Энд би сайн тоглох ёстой л гэж бодож байсан. Тэрнээс карьер, нэр төр хөөж эсвэл муу нэртэй болох байх, аль эсвэл мандан бадрах байх гэж ер бодож байгаагүй юм байна.
-Буруутгах аргагүй л дээ. Таны залуу халуун нас шүү дээ. Дуучин Ариунаа анх эротик имижээр гарч ирж тун ч амжилттай карьерынхаа үндэс суурийг тавьсан. Хар сарнайгийнхан өмдөө тайчиж байсан гээд бүгд л зөвхөн залуу хүмүүсээс л гарч болох зоригтой, хайрламаар алхмууд түүх болон үлдэж. Зөвхөн залуу нас…
-Юу ч хийхээс буцахгүй, тэрэндээ гэмшихгүй залуу нас гэдэг нь үнэн л дээ. Би ер нь шийдвэр гаргахдаа их шийдмэг л дээ. Эргэж буцах, айж эмээх юм надад байдаггүй.
-Одоо бол танаас ийм зориг гарах уу? Ер нь тэр үеэс хойш та хэр өөрчлөгдсөн бэ?
- Үгүй ээ, одоо гарахгүй ч гэж хэлэхгүй л дээ. Дахиад тийм жүжигт тоглох, ямар нэг кинонд нүцгэлэх тухайд зориг нэг их хамаатай биш. Амьдрал дээр бол би аймхай хүн биш. Нэг их хулчганаад байдаггүй. Хэрвээ таалагдвал би тоглоно. Яагаад гэвэл би жүжигчин хүн шүү дээ. Энэ бол миний ажил, мэргэжлийн шаардлага. Өөрчлөлтийн тухайд, мэдээж байгаа. 2003 оныг одоогийнхтой харьцуулбал би юмыг хийхдээ боддог болсон. Гэхдээ л бас болоогүй байгаа. Зарим юман дээр бодлогогүй шийдвэр гаргасан байдаг. Тэгэхээр бас залуухан байна, болоогүй байна гэж боддог.
-Нууц биш бол дээрх жүжигт тоглоод та хэдий хэр мөнгө авч байсан бэ?
-Өдөртөө 50 мянган төгрөг авч байсан юм болов уу. Тэгж санагдаж байна. Дөнгөж ажлын гараагаа эхэлж байсан надад гоё л санагдаж байсан.
-Нарийндаа бол дүр сонголтын хувьд жүжигчний гэхээсээ илүү найруулагчийн таашаал илүүрхдэг гэдэг. Тэр утгаараа та найруулагчдын нүдэнд хүүхэнлэг, секси талаасаа илүү тусдаг жүжигчин юм гэсэн бодол бас байдаг л юм. Санал нийлнэ биз?
-Хүн хүний нүдэнд янз янзаар харагддаг байх. Ер нь ийм сэтгэлгээ тэр жүжгээс хойш тогтсон байхаа. За байз, эротикдуу дүрд тоглочихоор хэн байдаг билээ гэхэд нөгөө Анхням чинь нэг тийм юманд тоглоод байдаг ш дээ гэх жишээний. Тэр жүжигт тоглоогүй бол хаанаас миний тийм имиж гарах вэ дээ. Зарим хүмүүсийн хувьд би даруухан, гэрээсээ гардаггүй эхнэр, эсвэл бүрэг номой эмэгтэйн дүрээр харагддаг юм шиг. Найруулагч найруулагчийн харах өнцгөөс болдог байх.
-Та сүүлд “Сексийн эрх чөлөө” кинонд бас тоглолоо…
-“Сексийн эрх чөлөө” киноны хувьд хоёр талтай. Киноны найруулагч Жамъяансүрэн бид хоёр сайн найзууд. Оюутан байхдаа “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд хамт тоглож, тэр үедээ “Чи гоё кино найруулаад, би гол дүрд нь тогловол гоё, тийм ээ” гэж ярьж байсан юм. Мөрөөдөж байгаа ш дээ. Сүүлд Жамиа нэг кино бичиж байна гэж байсан юм. Энэ дүрийг надад зориулж бичсэн байхгүй юу. Нэг талдаа Жамиа бид хоёрын багын мөрөөдөл биелсэн. Би найзынхаа кинонд тоглож өгсөн.
-Нэрний хувьд их том, сүржин юм. Яагаад заавал Анхнямд зориулсан кино нь “Сексийн эрх чөлөө”-ний тухай байгаа юм бол гээд олон асуулт гарч ирнэ?
-Сексийн эрх чөлөө гээд их хашгирсан нэр байгаа биз дээ. Хүн болгоны чихэнд цохигдож сонсогддог. Ерөнхийдөө гэр бүлийн сэтгэхүйн эротик кино гэж болох юм. Яг жанрыг нь нарийн хэлж чадахгүй байна. Миний бодлоор хүний сексийн эрх чөлөө тархиныхаа ар дагзанд байдаг байх. Хүн сексийн тухай бодлоо бусдад хэлдэггүй. Ялангуяа эрчүүд. Гэр бүлтэй боловч эр ч бай, эм ч бай өөрийнх нь амьдрал өөрт нь сэтгэл ханамжтай бус санагдах тэр үед дотроо боддог ч гадагшаа задалж хэлж чаддаггүй. Гэхдээ хүн юугаа ч нуулгүй ярьж хэлж явдаг ертөнцөд амьдардаг бол нэг талдаа амар ч юм шиг нөгөө талдаа аймаар ч юм шиг. Ямар ч байсан үл итгэлцэл гэж байхгүй байна байх. Хэзээ ч бүтэшгүй боловч заримдаа ингэж бодохоор сонин байдаг юм. Энэ утгаараа би сексийн эрх чөлөө ар дагзанд байдаг гэж боддог. Энэ кинонд миний тоглож байгаа дүрийг юу ч гэж тайлбарламаар юм бэ дээ. Ерөнхийдөө гэр бүлийн харилцаа, тэр дундаа сексийн харилцаа, илүү юманд шунаснаас болж эцэст нь юунд хүргэж болдгийг харуулсан.
-Сексийн талаар та ямар бодолтой явдаг вэ? Ийм кино бүтээхэд хувь хүн талаасаа хангалттай хэмжээний туршлага танд бий юу?
-Энэ туршлага чинь эцсийн цэг нь хаана хүрээд яаж дуусахыг би мэдэхгүй байна ш дээ /инээв/. Гэхдээ жүжигчний ажил мэргэжлийн онцлог нь заавал өөрөөрөө туулж өнгөрүүлсэн зүйлээ гаргах биш бусдын туулсан амьдралын үзүүрээс атгаж аваад өөр дээрээ ургуулан бодсоны эцэст сэтгэлээрээ дүрээ урлаж гаргадаг ажил. Тиймээс хангалттай туршлага хуримтлуулсан байх албагүй. Сексийн талаарх бодол гэвэл гэр бүлийн харилцаан дахь хүний ёс шүү дээ. Гэхдээ энэ талаар яаж ч ярьсан гэсэн хүмүүсийн чихэнд хэзээ ч таатай тусдаггүй байх. Ямар ч байсан хүний амьдрах, орших үндэс бол секс.
-Та гэр бүлийн харилцаа гээд их л онцлох шиг. Үнэндээ секс бол зөвхөн гэр бүлийн харилцааны хүрээнд бус илүү өргөн хүрээнд хэрэглэгддэг зүйл шүү дээ?
-Мэдэхгүй, би эсвэл их тогтож буусан насан дээрээ ирчихсэн юм болов уу /инээв/. Надад одоо тэр талаараа их бодогддог болчихоод байгаа. Гэхдээ д сексийг хэзээ ч замбараагүй юмтай хольж хутгаж болохгүй. Уул нь болж өгвөл их гамнаж байх ёстой зүйл гэж боддог. Тэр тал нь л жаахан замбараатай байх хязгаараа даваад эхэлбэл хүний амьдрал ч задгайрч эхэлдэг юм шиг ээ. Харж байхад ууж иддэг, замбараагүйдүү хүмүүсийн тэр тал нь ч гэсэн задгай байдаг. Залуу хүний хувьд секс маш чухал. Ялангуяа хайртай хүмүүсийн хувьд бие биеэ ойлгох, уусах хамгийн эрхэм нандин харилцаа. Хайргүй эсвэл зугаа цэнгэлийн агуулгатай бол үүнээс болж маш их алдаанд ч хүрч болох. Хэн нэгний амьдралаар тоглож, хэн нэгний амьдралыг сүйтгэж болох аюултай харилцаа.
-Та сая тогтож буусан нас гэлээ. Таны хувьд зохимжгүй сонсогдож байнаа?
-Хүний ухаан бодол насаар хэмжигдэхгүй ээ. Юу сурч, юу нь боловсорсон юм, юу туулж, ямар орчинд амьдарч байснаас шалтгаалж хүний ухаан бодол төлөвшдөг. Амьдрал намайг хүссэн хүсээгүй хүмүүжүүлж, ухааруулж байна.
-Эмэгтэй хүний гучин насыг Бальзакын нас гэдэг. Таны хувьд тэр насны босгыг алхаж яваа эмэгтэй. Хайрлаж, дурлаж, гэр бүлтэй болох талаар бодож байна уу?
-Гэр бүлтэй болох талаар үнэхээр бодсон юм алга. Ярилцлага өгөхдөө “Би гэр бүлгүй, найз залуу байхгүй” гэчихээр сонин хэвлэлийн хуудсаар дамжуулаад би найз залуу, нөхөр хайж байна гэсэн зар тарааж байгаа юм шиг болчихдог. Миний хариулт бол үүнд би ач холбогдол өгөхгүй байна. Миний сэтгэлд нийцэх хүн нь ч алга. Угаасаа нас явах хэрээр сэтгэлд хүрэх сонголт багасдаг гэдэг шүү дээ /инээв/. Би арай ч тийм насан дээрээ хүрчихээгүй байна. Гэхдээ л үнэхээр сэтгэлд хүрэхгүй байна. Зарим хүмүүс итгэл дааж чадахгүй юм шиг санагддаг. Итгэл бол хамгийн гол зүйл шүү дээ. Хүн өөрийг нь хайрлаад, сэтгэлээ өгч байхад эргүүлээд намайг ч гэсэн хайрладаг байх ёстой. Тийм хүн олоход хэцүү болчихсон юм уу. Гэхдээ бурхны зураг байдаг биз дээ. Нэг хүнтэй суулгаад хэдэн хүүхэдтэй болгоод зурчихсан тэр төөргөөр л явна.
-Та ч их л хаширсан хүн шиг ярих юм. Өдий насан дээрээ хэр их дурлаж, хэр их зүрх чинь шархалсан бол?
-Нэг их зүрх шархлаад аймаар болох нь ч юу байхав дээ. Би их өөдрөг үзэлтэй хүн. Гутраад шаналаад байх нь ховор. Ийм байх ёстой юм байлгүй дээ гээд орхиод л цаашаа явдаг. Хүн дурлаа л биз, дурлал нь явсан л биз. Тэрний төлөө нүдэндээ гуниг тээгээд байх утгагүй шүү дээ. Гэхдээ би амьдралдаа дурлаж байсан. Тэр маань жаахан азгүйтчихсэн л болохоос. Гэвч би ямар азгүй юм бэ гэж боддоггүй л дээ. Хувь төөрөг л байсан байх гэж боддог.
-Хайртай залуугаа алдсан тухайгаа ярьж байгааг тань ойлгож байна. Магадгүй энэ тухай ярихгүй ч байх ёстой байх, уучлаарай. Тэр үе амьдралын тань хамгийн хүнд хэцүү үе байсан нь мэдээж?
-Их олон хүний амьдралд тийм юм тохиолдож байгаа. Тэрнээс ч аймшигтай юм тохиолдож байгаа. Тэр бодлоор л өөрийгөө хуурдаг. Мэдээж амаргүй, хэцүү байсан. Тэр тохиолдолд өөрийгөө аль болох хурдан сэргээж авахыг хичээсэн. Нэг л хатуу үнэн байдаг, амьдралд хүн ирсэн л бол буцдаг зовлон, хагацал сүлдэг хорвоод бид амьдардаг. Тэр бүхний өмнө хүн толгой гудайн, дотогшоо бүхнээ залгиж амьдардаг хуультай. Энэ бүхнийг дааж давж гарах сэтгэлийн хат, тэнхээ л чухал. Үлдсэн хүн амьдарна. Нэгэнт амьдрахаас хойш тэмцээд амьдрах хэрэгтэй, даваад гарах хэрэгтэй
-Залуу нас омголон, бардам байдаг. Тэр насан дээрээ амссан анхны хүнд цохиолт байсан байх даа?
-Миний өвөө, эмээ хоёр бас өөд болсон л доо. Бас л миний хамгийн эрхэм чухал, хайртай хүмүүс. Энэ бүхэн надад хүний ертөнцийн жам ийм байдаг, үүнтэй бид хэзээ ч тэмцэлдэж чадахгүй. Харин түүнээс ухаарах ёстойгоо ухаарч, цаашид зөв амьдрах ёстой гэдгийг маш сайн ойлгож үлдсэн. Амьдралд мөнгө бол үнэндээ юу биш. Хэрэглээ. Хүн сэтгэлээрээ амьдардаг амьтан юм байна гэдгийг энэ олон хагацал надад ойлгуулсан. Бас омголон бардам занг нэлээн номхтгож өгсөн.
-Дурлаж хайрлаж явсан тэр өдрүүдийнхээ дурсамжаас хуваалцаж болох уу?
-Бүх юм нь сайхан байсан даа. Хүнд хайрлаж дурлана гэдэг гайхалтай гоё зүйл. Амьдрал тэр чигээрээ аз жаргал дунд, бүх юм гэрэлтэй тод харагдаж байсан. Муухай зүйл, болохгүй бүтэхгүй юм харагдахаа больдог. Хамтдаа байсан бүхий л өдөр, цаг мөч бүхэн үнэ цэнэтэй дурсамж болон үлдсэн. Ялангуяа анх эргүүлж байсан үе нь их гоё болоод тод дурсамж үлдээсэн. Хүмүүсийг ажиглаж байхад цаг хугацааны эрхэнд удаан амьдраад ирэхээрээ үнэт зүйлсээ алдаад эхэлдэг юм шиг. Эсвэл мартчихдаг ч юм уу. Үргэлж миний дэргэд байхаас хойш гэж боддог юм уу. Тэрнээс гомдол үүсдэг. Хажууд байгаа хүнээ болж л өгвөл хайрлаж, үнэ цэнэтэй бүхнээ тэр чигээр нь ариун нандинаар хадгалж, дурсаж явах хэрэгтэй гэж боддог. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.
-Анхнямын хайрлаж, дурлаж явсан тэр хүн ямархуу хүн байсан юм бол гэж сонирхох хүн бишгүй байдаг. Тухайн үед зодоон нүдээн үүссэн ч гэж ярьдаг..?
-Зарим нэг сонин хэвлэлээр тэр үед буруу ташаа мэдээллүүд гарч байсан. Хүнтэй муудалцаад зодолдсон гэдэг ч юм уу. Яг юу болсныг би дэргэд нь байгаагүй учраас тодорхой мэдэхгүй байна. Ямар ч байсан тийм амархан юманд уурлаж, бухимдаад байдаггүй, зөөлөн сайхан сэтгэлтэй бусадтай нийтэч хүн байсан. Эр хүний сайхан зан чанартай л хүн байсан даа
-Алдахаас айгаагүй залуу нас гэдэг. Тэр насны гоо сайхан, түүнээс гарах алхам бүгд эр зоригийнх байдаг гэдэгт би итгэдэг юм. Асаж, шатаж, дурлах насан дээрээ та явна. Магадгүй энэ явдал таны дурлах нүдийг хаачихсан юм шиг?
-Надад үүнтэй дасан зохицох хангалттай цаг хугацаа хэрэгтэй байх аа. Цаг нь ирвэл хайрлаж дурлах л байлгүй дээ. Хэрвээ миний сэтгэлийг хөдөлгөж чадах хүн гарч ирвэл.
-Та Өвөрмонголд бараг жил гаруй болчихов уу даа. Өвөрмонголын бэр болох гэж байна гэхээс авахуулаад сенсаац хөвөрч өгсөн. Ер нь тэнд амьдрах хэр боломжтой юм?
-Ер нь хүний нутагт амьдрах хэцүү. Ялангуяа Хятадад Монгол хүн амьдрах бүр хүнд. Тэр их гүрэнд гадны хүнийг дээш нь гаргана гэж бараг л байхгүй. Цойлж гарна гэдэг үнэхээр хэцүү. Нөгөө талдаа хятад хэл сураад, өөрийгөө боловсруулаад тэндхийн кастингийн агентлаг, продюссерүүдтэй гэрээ байгуулаад, Хятадад би амьдрахыг хүсэж байна гэвэл бас боломжгүй биш л дээ. Миний хувьд тэгж амьдрахаар хүн биш байх. Ядахдаа хоол нь надад тохирдоггүй. Өвөрмонгол хүнтэй суулаа гэж сонин хэвлэлээр бичихэд би их гомдсоон. Бичих ярих юмандаа бодолтой хандаасай, арай дэндэж байгаа юм биш үү гэж бодсон. Надад Өвөрмонгол хүнтэй суух бодол байдаггүй юм аа. Ер нь гадаад хүнтэй суух бодол байхгүй. Уул нь болж өгвөл Монгол хүнтэйгээ суумаар байна. Гэтэл манай залуучууд ямар ч юм бэ дээ. Энэ дундаа хүн сонгоод сууна гэдэг, мэдэхгүй ээ…
-Би бодохдоо та тэнд авъяас, хөдөлмөр, гоо сайхнаа илүү хангалттай үнэлүүлж чадсан байх?
-Мэдээж Монголдоо тоглосноос хамаагүй дээр л дээ. Ямар найруулагчийн ямар төрлийн кинонд тоглохоос их шалтгаалдаг юм байна лээ.
-Маш олон эрчүүдтэй та холбогдлоо. Энэ бол гайхах зүйл биш, яагаад гэвэл та залуухан, ганц бие, бас үзэсгэлэнтэй, олны танил. Олон шалтгаан байгаа биз. Гэхдээ ажиглаж байхад таны сонголт, вкус яавч биш баймаар эрчүүд байдаг юм л даа. Жүжигчин Бямбацогт, гитарчин Өөжгий, дуучин Банзрагч гэх мэтээр. Яагаад вэ?
Сонин хэвлэлийн хуудаснаа би маш олон эрчүүдтэй холбогдсон нь үнэн. Бүр гурав ч байна уу, дөрвөн ч хүүхэдтэй юм шиг байна лээ ш дээ. Хоёр ихэр хүүхэд лав гаргасаан /инээв/. Таны хэлж байгаа хүмүүсийн хэнтэй нь ч би хайр сэтгэл болоод эр эмийн харилцаанд ороогүй. Зүгээр ажил хэргийн эсвэл найз нөхдийн харилцаатай явсан хүмүүс.
-Та ер нь эрчүүдийн юуг нэгдүгээрт тавьдаг вэ?
-Таалагдах вкус бол нэгдүгээрт. Цэвэрхэн эрэгтэй надад таалагддаг. Хүнд амласан амлалт гэж байдаг. Түүндээ хүрдэг байх ёстой. Үнэнч байх ёстой гэж хэлж чадахгүй ч худалч, хулчгар эр хүнд би үнэхээр дургүй. Эр хүн хүчирхэг байх гоё.
-Таныг Монголын тачаангуй бүсгүйчүүдийн нэг гэдэг боловч яагаад ч юм үргэлж та үнэхээр даруухан харагдах юм. Яг энэ имиж чинь хааяа таныг хөдөөний төрхтэй гэхэд хүргэдэг байх. Урлагийн тайз таны энэ багийг тайчиж хаях цаг болсон баймаар. Насны хувьд ч гэсэн таны ёстой жиргэж, эмэгтэй хүний гайхамшиг, ид хавыг үзүүлэх нас шүү дээ?
-Миний өссөн орчин ийм байхгүй юу. Миний эргэн тойрон үсэрч цовхочсон хүмүүс байдаггүй. Ээж, аав номын хүмүүс. Жаахан байхад Орост сурцгаагаад, ерөнхий суурь эмээ, өвөө дээр тавигдчихсан. Жижигхэн хүнийг өөрсдийнхөө бодлоор өсгөчихөөр өөрийн эрхгүй буурь суурьтай болгочихдог юм шиг байна лээ /инээв/. Ер нь эмээ, өвөөгийн хүүхдүүд голцуу хэрсүү, тиймэрхүү тавилттай байдаг биз дээ.
-Алдааны тухайд та ямар бодолтой явдаг вэ?
-Хүн ер нь эртхэн алдаад алдаад үзчихмээр юм шиг ээ. Гуч хүрсэн тэнэгийг жинхэнэ тэнэг гэдэг шүү дээ. Эцэг, эхчүүд хүүхдээ алдаа хийлгэхгүйн тулд багаас нь тэгж болохгүй, энэ чинь буруу гэдэг. Нэг талдаа энэ эцэг эхийн хайр, буруутгах аргагүй боловч нөгөө талаар өөрөөр нь алдуулаад үзүүлчих хэрэгтэй. Нэг алдсан хүн дахиад алдахгүйг хичээдэг. Би бол өөрийнхөөрөө зүтгэдэг хүн. Хүн боль гэж байхад би хийнэ, ард нь гарна гэдэг. Олон ч юмны ард гарч, яахыг нь харсан. Гэхдээ би алдаандаа хэзээ ч харамсдаггүй.
-Та жүжиг, кинонд тоглохоос гадна өдөр тутамдаа юу хийж байна?
-“A artist” продакшн байгуулсан. Шинэ тутам байгуулагдсан учраас хийх ажил их байна. Манайд байгаа олон студи, продакшнуудаас юугаараа ялгарах вэ, яавал зөв, ашигтай ажиллах вэ гээд хичээж байна. Та амьдралаа өөрийн хүчээр босгож, бүтээнэ гэж ярьсан байсан. Өөртөө хэтэрхий их ачаа, үүрэг даалгавар өгч байгаа хэрэг биш гэж үү? Би тэгж бодохгүй байна. Эмэгтэй хүн биеэ даасан, хүчтэй байх ёстой. Яг өнөөдрийн манай нийгэмд ихэнх гэр бүлийг эмэгтэйчүүд нуруун дээрээ авч явж байна. Үнэхээр дайчин байна. Гэхдээ насны ялгаатай. Би бүгдэд хамруулж байгаа юм биш, залуухан охид хөнгөн чанараар биеэ зовоохгүй амьдрахыг эрхэмлэдэг болж. Амархан олдож байгаа амьдрал амтгүй. Өөрсдөө тэмцэж зүтгэе гэж бодохгүй байгаа юм шиг. Цөөн тооны зарим охидод хэлж байгаа юм шүү. Амархан аргаар мөнгө олоод гоёж гангалах, машин унахыг боддог. Хэн нэгэн баян хүнтэй суучихлаа гэж бодъё. Эхэндээ сайхан л байна биз дээ. Хоёр хүүхэд гаргалаа, гэртээ суудаг эхнэр нөхөртөө гологдож эхэлнэ биз дээ. Нөгөөх нь эр хүн л болсон хойно уйдаад, солиод өөр хүүхэнтэй сууна. Энэ хүсэх амьдрал гэж үү. Би бол хэзээ ч баян хүнтэй суухыг хүсдэггүй. Би сайн л хүнтэй сууж, хүнтэй нь амьдарч сэтгэл түвшин байхыг амьдралын хамгийн үнэт зүйл гэж боддог.
Баярлалаа. Амжилт хүсье.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 2 )
Өвөр монголчуудыг нэг л үндэстэн гэж хардаггүй муу новшнуудыг яахвээдээ
Өвөр монгол гадаад хүн юм уу, монгол биш юм уу? Өвөр монголтой суулаа гэхэд гомдоод байх юу байдаг юм. Бодож яримаар юм