"Болор цом" наадмын айргийн тавд орсон ШҮЛГҮҮД

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

"Болор цом" оны шилдэг шүлэг шалгаруулах наадам энэ сарын 26-ны өдөр "Сүлд" чуулгад болж өнгөрлөө. Наадамд 120 гаруй бүтээл ирүүлснээс 30 найрагчийн бүтээл хоёрын даваанд шалгарсан юм. Янжинлхамын хишиг хүртсэн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюушийн шүлэг тэргүүтэй айргийн тавд шалгарч үлдсэн шилдэг таван шүлгийг та бүхэнд толилуулж байна.


 

Тэргүүн шүлэг

МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш

ЦАСАН ШУУРГА

 

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар, тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нүүж байна

Хоёр хөл минь

Хоосорч ханхайсан цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хойноос чинь гудайсан толгойгоо бариад

Хонгор минь би ч бас чиний араас явж байна

Өмнүүр уул, нурууд нүргэлэн өнгөрч

Араар гол мөрөн шургалан холдож

Ой модод чиний араас шажигналдан хийсэж

Ой дурсамжууд чиний хойноос шивнэлдэж одож байна

Шуурах цасан гаднаас дайравч

Шүүрэх зүрхэн дотроос хайравч

Мэдээ алдсан хөл минь

Алхам бүртээ чам руу л тэмүүлж

Зүгээ алдсан нүд минь

Аних бүртээ чамайг л харж байна

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нуугдаж байна

Хоёр хөл минь

Хүндээс хүнд цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хүйтнээс хүйтэн нүүрээ дараад

Хонгор минь би ч бас чиний араас явж байна

Дээшээ хот суурин хашгиралдан хөөрч

Доошоо хад чулуу харшилдан бууж

Өвс, ногоо чиний араас зулгаран шуугиж

Өвөл, хавар чиний хойноос урагдан унаж байна

Шуурах салхин гаднаас түлхэвч

Шүүрэх зүрхэн дотроос татавч

Хүнийх болсон хөл минь

Чиний төлөө алхаж

Чинийх болсон итгэл минь

Миний төлөө зовж байна

Галзуу догшин...

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нурж байна

Хоёр хөл минь

Хов хоосон цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хойноос чинь гудайсан толгойгоо бариад

Хонгор минь би чамаас хагацаж байна

Шуурах цасан дотор орж ирлээ

Шүүрэх зүрхэн гадагш гарч одлоо

Шархиран өвдөхийг ч мэдэхээ болилоо

Шаналан харуусахаа ч мэдэхээ байлаа


Дэд байр

Болор цомын эзэн яруу найрагч М.ОТГОНБАЯР 

ГООНЬ ЭР

 

Мартахуйн мананд уусаж арилахгүй

Санахуйн шаналанд живж орилохгүй

Ганцаардаагүй ганц хүн

Гомдоогүй гоонь эр...

Дурлал бол дурлал

Хэнд ч дурлаж болно

Хайр бол хайр

Хэнийг ч хайрлаж болно...

Анд нөхөддөө од болж

Ахан дүүстээ ад болсон

Хүсмээр амьдрал гоонь эрийнх

Хүсмээргүй амьдрал гоонь эрийнх

Орой нь гэгээн бодлоо дэрлэн унтаж

Өглөө босоход үсэнд нь нэвчсэн

Өдөржин дотны хүмүүсээ санаж

Өр зүрхээрээ зүүдэндээ л тэврэх...

Хаанаас ч юм зовлон авч ирнэ гэж

Хайрласан хүмүүс нь хамгийн их үзэн ядна

Тэр их хараал, ерөөлийг тэсэж туулах

Тэвчээр хатуужлыг хэн түүнд өгнө вэ

Бурхан минь...

Бүгдийг араасаа хөтөлж

Бүхнийг өвөртөө дагуулсан

Будда

Есүс

Аллах

Баараггүй гоонь эрчүүд...

Бүрх малгай

Үнэртэй ус

Навчин тамхи

Би зэрлэг өрнөдөд дуртай...

Эрх мэдэл

Эрх чөлөөгөө

Өөр хүний өлмий дор хаяагүй

Энэ хорвоогийн эрс мандтугай....

Аз бол аз

Дайрахгүй ч байж болно

Амьдрал бол үхэл

Хэзээ ч үхэж болно...

Бүсгүй хүний зүрхэнд

Гарцаагүй ганцаараа

Бүтэн энэ хорвоод

Гологдоогүй эцэг хүн...

Мартахуйн манан зүссэн

Санахуйн салхин исгэрсэн

Гоц сүмбэр уулан

Гоонь эр...


Гутгаар байр

 

Сэр-Одын шагналт яруу найрагч С.НАЧИН 

ШҮТЭН ДУРЛАЖ БОСГОСОН ЦАЙЗ МИНЬ ШҮЛЭГ
ШҮТЭН ДУРЛАЖ НУРААХ ЦАЙЗ МИНЬ ШҮЛЭГ

 

(Өврийн дэвтрээс)

 

Яруу найргийг яаж бичихийг заагаад өгчих

Энэ амьдралд ялагдах ялалтыг бэлэглэгч нь чи билээ

Энэ амьдарлыг ялах ялагдлыг бэлэглэгч нь чи билээ

Нисэж буйг минь хараад нулимсаа асгаруулагч нь чи билээ

Нэг л мэдхэд бас инээмсэглэж зогсох нь чи минь билээ

Хийсэж буй өөртөө төөрсөн салхины үнэр

Хүрд мэт биеийг ороон эргэлдээд л эргэлдээд л байхад

Харцнаасаа нэгэн галыг асааж зүрхэнд шигтгэчихээд

Хаашаа ч юм бэ? явж одсоныг чинь

Хэнд ч хэлэхгүй хэлээд л явахдаа

Хэзээ нэгтээ хүрээд ирнэ гэж боддог шүү

Модод мэт гунигтайхан, одод мэт гундуухан

Миний санаанд оршигч үл үзэгдэгч ээ

Үзэгддэг хирнээ гарт баригддаггүй эмзэг сэтгэлт ээ

Үзэг гарт атгуулж цаас шатаалгуулж суулгадагт чинь хайртай

Үхүүлж чаддаг, амьдруулж чаддаг хэр нь

Ахин үхэж буйг минь тайван азнан харагч

Аз жаргалын сахиусан илчээ, илч гэрлээ хэзээ ч унтраадаггүй

Үнэрээсээ сэмэрсэн он цагийн тоосыг гөвөгч өө

Эхийнхээ хэвлийд чи яаж олдож, солирын хэлтэрхийнээс цацрах гэгээ шиг

Энх тунх эсэн мэнд амаржаад өдийг хүрсэн юм бэ.

Ялагдлыг минь цагаатгагчаа яруу найргийг

Яруу найргийг л яаж бичих ёстойг заагаад өгчих

Чамайг ялах их ялагдалдаа бэлдье зэвсэг дуулгаа агсъя

Чамд ялагдах их ялалтаа тэмдэглэе хундага дарсаа сөгнөе


Дөтгөөр байр

 

Сэр-Одын шагналт яруу найрагч Ч.Ууганбаяр 

ОРЧЛОНГИЙН АЙ САВ

 

1.

Уулын гүнд унтах нялх Янзага эхээ зүүдэлнэ

Уулын сүүдэрт гэтэх Бар зулзагаа тэжээнэ

Уул тэдний уулзах газрыг

Цаг тэдний учрах мөчийг бүтээнэ.

 

2.

Бяцхан Янзагны амнаас сүү амтагдана

Эх Гөрөөснийх нь амнаас өвс, тал нутаг амтагдана

Барын зулзаганы амнаас тал нутаг, өвс амтагдана

Бар ээжийнх нь амнаас Янзага амтагдана


Айргийн тавд орсон шүлэг

 

МЗЭ шагналт яруу найрагч Д.ОДГЭРЭЛ:​​​​

ААРУУЛАА ОРУУЛАХЫГ МИНЬ ГЭНЭТ ХАРААД...

 

Бороо шиврэхэд ааруулаа оруулахыг минь гэнэт хараад

Тэнгэр онгойтол нь салхи бороог хөөхөд нь баярладаг

Аадар буухад ааруулаа оруулахыг минь гэнэт хараад

Тэнгэр цэлмэтэл нь  салхи аадрыг хөөхөд нь баярладаг

Төрмөл сүнсэндээ өөрийгөө хураангуйлсан соронзон цэнэг билээ би

Нүүдлийн нутагт чоно авлах нь онгод шиг мэдрэмж байдаг

Нүцгэн талд ишиг төөрөх нь үлгэр шиг ухаарал байдаг

Голын тэртээд мөөрөх бух нь нутгийн сахиус байдаг

Газар цавчих хонгор морь ертөнцийн сэрэхүй байдаг

Эгэл огторгуйн зайнд зочлох минь давтагдашгүй төөрөг байдаг

Чоно нүдэнд харагдахад удмаа таньж сэхээрдэг

Чөмөг царцам хүйтэнд гүү унагалахад тэнгэр дулаацдаг

Боржигин найрын түрлэг шуранхайлахад Чингисийн сүнс саранд өнждөг

Бодолдоо зангирсан эр сэтгэлийг уртын дуу тэнийлгэдэг

Цас ороход өрхөө хошуулдахыг минь гэнэт хараад

Тэнгэр онгойтол салхи цасыг хөөхөд баярладаг

Шуурга шуурахад малаа хашихыг минь гэнэт хараад

Тэнгэр цэлмэтэл салхи шуургыг хөөхөд залбирдаг

Төрмөл сүнсэндээ өөрийгөө хураангуйлсан соронзон орон билээ би

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонин (202.126.90.77) 2021 оны 07 сарын 01

Баянсангийн шүлэг хамгийн муу нь байсан.

0  |  0
Хүнэнцрүүдэд(122.201.24.11) 2021 оны 12 сарын 27

Муусайн хүнэнцрүүд бага дарвалзаарай. Ядмагхан ч бай ямар ч бай Монгол зүрх сэтгэлийг торгоож яваа хүмүүс шүү! энэ найрагчид. Болор цом, яруу найраг энэ тэрийг далд оруулчих санаатай айн... Шүүмжилж болно, үгүйсгэж, үгүй хийхийг хүсэж болохгүй шүү барууны тэжээврүүд минь.

3  |  0
O(202.126.89.31) 2021 оны 07 сарын 02

үл мэдэхийн дэрэн доороос боов гарлаа гэдэг шүлэгтэй төстэй юмаа ха ха хи хи

1  |  0
Зочин(103.9.90.100) 2021 оны 07 сарын 02

Яасан ядмагхан шүлгэнцэрүүд вэ. Хэн ч тоож үл унших ийм яруу найраг нэртэй шүлгүүдийг уралдуулахаа болимоор юм. Шаардлага хангахгүй шүлэг ирсэн гээд Болор цом яруу найргийн наадмыг хойшлуулж баймаар байна. Болор цом яруу найргийн наадам яруу найраг уралдуулах биш арай ядан эвлүүлсэн хэдэн үгийн холбоосыг шалгаруулдаг наадам болж өнгөө хувиргав аа хөөрхий.\n

2  |  0
Зочин(202.126.88.154) 2021 оны 07 сарын 02

Өө хөөрхий ийм толгой холбосон турьхан мөрүүд Болор цомыг тэргүүлдэг болоо юу. Энэ цагийн чалх нэлдээ буурчээ

2  |  0
Top