Монгол зураачдын бүтээлийг олон улсад цахимаар борлуулах эхлэл тавигдлаа

2021 оны 06 сарын 30

“Монгол брэнд” холбооноос санаачлан 2021 оноос эхлэн Монгол Улсын зураач, урчуудын бүтээлийг гадаад зах зээлд гаргах, худалдан борлуулах, Монголын түүх, соёл, ёс заншлыг хилийн чинадад сурталчлан дэлгэрүүлэх ажлыг хийж эхлэв. Энэ хүрээнд АНУ-ын www.fineartamerica.com уран бүтээлийн худалдааны цахим хуудсанд MONGOLART/https:// fineartamerica.com/profiles/1-mongol-art нэртэй өрөөг албан ёсоор түрээслэн авсан байна. Уг өрөөнд Монгол уран бүтээлчдийн бүтээлийг нэгтгэн нийтлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, дижитал хэлбэрээр дэлхийн зах зээлд худалдан борлуулах, сурталчлан таниулах зэрэг ажлыг зохион байгуулах юм. Уг арга хэмжээний нээлт өнөөдөр “Монген” цогцолбор сургуульд болж, “Монгол брэнд” холбооны тэргүүн, арга хэмжээг санаачлагч Ш.Отгон-Өлзий, Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид нар үг хэллээ.

Эхний ээлжинд Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид, зураач, уран бүтээлч Ж.Ойлан, С.Солонго, Ш.Төмөрбаатар, Т.Бадамжунай, Д.Золзаяа, Ш.Шүрэнцэцэг, Б.Мөнхзул, У.Батцоож нарын зэрэг 10 бүтээлчийн 256 зургийг дижитал хэлбэрт шилжүүлж, олон улсын зах зээлд гаргахаар болоод байна. “Монгол брэнд” холбоо цаашид Соёлын яам, Урлагийн зөвлөл, Урчуудын эвлэлийн холбоотой хамтран нэг жилийн дотор 1000 уран бүтээлчийн бүтээлийг олон улсад гарган таниулах зорилт тавьжээ.

Уран зураг, бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд дижитал хэлбэрт шилжүүлэх ажлыг Л.Элбэгзаяа, Б.Нямгэрэл нар гүйцэтгэсэн байна. Тэд Японд музейн үзмэрүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх төслүүд дээр ажиллаж дадлагажсан, “Гамма” агентлагийн шилдэг гэрэл зурагчид юм.

Дижитал хэлбэрт шилжүүлсэн бүтээлүүдээр цахим ном, товхимол, сэтгүүл гаргаж олон улсын зах зээлд гаргах зорилтыг мөн дэвшүүлжээ. Fineartamerica.com платформ нь АНУ-ын технологи, хэвлэлийн компани бөгөөд 2006 онд үндэс сууриа тавьжээ. Өнөөдрийн байдлаар уг платформ нь олон улсын 100 мянган уран бүтээлчийн 10 сая гаруй бүтээдийг цахим хэлбэрээр хэвлэж, олон улсад худалдаалсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би-ма(202.70.44.116) 2021 оны 07 сарын 01

амжилт...ийм бодлого хэргэтэй байсан юм\n

0  |  0
Top