Сэлэнгэ аймаг 2019-2020 оны ажлаараа манлайлж өчигдөр “Монгол Улсын шилдэг аймаг”-ийн нэгээр шалгарсан юм. Тодруулбал, Засгийн газраас “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу жил бүр нийслэл, салбарын яам болон 21 аймгийн ажлыг дүгнэж, байр эзлүүлдэг. Тэгвэл Сэлэнгэ аймаг 2019-2020 оны ажлаараа төвийн бүсээс шалгарч Монгол Улсын шилдэг таван аймгийн нэгээр тодорчээ. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой ярилцлаа.
-Сэлэнгэ аймаг “Монгол Улсын шилдэг аймаг” болжээ. Аймгийн Засаг даргын хувьд энэ амжилт гарахад ямар үзүүлэлт нөлөөлсөн гэж бодож байна вэ?
-Шилдэг аймаг болж байна гэдэг бол 21 аймгаасаа ажил үйлсээрээ тэргүүлсэн гэсэн үг. Миний бодлоор нэг чухал үзүүлэлт бол манай аймаг Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр мэрийж ажилласан.
Ирсэн үүрэг даалгаврыг сайн биелүүлж, зөв зохистой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн болохоор шилдэг аймаг гэсэн эрхэм хүндтэй нэр төрийг оллоо. Энэ бол аймгийн нийт иргэний хичээл зүтгэл, төрийн албан хаагчдын маань нэг баг болж ажиллаж байгаагийн илэрхийлэл гэж бодож байна.
-Газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймгийн иргэд хөдөлмөрчөөрөө алдартай. Энэ нь удаа дараа шилдэг аймаг болоод байгаад нөлөөлдөг байх. Өнөө жилийн хувьд ямар хэмжээтэй талбайд тариалалт хийсэн бэ?
-Энэ жил эргэлтийн 300 мянган га-гаасаа 180 мянган га-д тариалалт хийгээд байна. Манай Сэлэнгэ аймаг чинь онцлогтой шүү дээ. Улсын хэмжээний үр тарианы 50 хүртэлх хувийг дангаараа хангадаг, төмс хүнсний ногооны 40 хүртэлх хувийг дангаараа хангаж байгаа. Стратегийн ач холбогдолтой аймаг гэж явдаг. Улсынхаа нийт хүн амынхаа гурил будааны 50 хүртэлх хувийг дангаараа хангаж байгаа энэ аймгийг удирдаж байгаагаараа ч бахархаж явдаг. Мэдээж, шилдэг аймаг гэдэг шагналыг авч байгаад газар тариалангийн хүчин зүйл зайлшгүй холбоотой. Манайх чинь газар тариалангийн бүс нутаг гээд Засгийн газраас албан ёсоор тогтоочихсон бүс нутаг шүү дээ. Үүнийг дагаад бэлчээрийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуй руу орж байгаа ганц аймаг. Аймгийн 17 сумаас 16 сум нь Засгийн газрын тогтоол шийдвэрээр эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг гэж зарлагдсан байгаа.
-Танай аймагт банкны шаардлага тавихгүйгээр төрийн албан хаагчдаа орон сууцжуулах хөтөлбөр яваад байсан байх аа. Тэр талаараа сонирхуулахгүй юу?
-Тийм. Үүнийг би Сэлэнгэ аймгийн манай баг, удирдлагын нэг том ажил гэж боддог юм. Бид Монгол Улсын хэмжээнд анх удаагаа банкны урьдчилгаагүйгээр, банкинд хүү төлөхгүйгээр төрийн албан хаагч байртай болох боломжийг бүрдүүлсэн. Эхний ээлжинд 120 айлыг орон сууцтай болгоод байна. Миний хувьд үүнийг зөвхөн эхлэл гэж харж байгаа. Цаашдаа 1200 өрхийг орон сууцанд ийм аргаар оруулах маш том зорилт тавиад явж байна. Энэ санаа юунаас гарсан бэ гэхээр төрийн албан хаагч боловсон хүчнээс гарч ирсэн л дээ. Ялангуяа Сэлэнгэ аймагт эрүүл мэндийн салбар дээр ажиллаж байгаа нарийн мэргэжлийн эмч нар маань орох орон байхгүй. Ихэнх нь айлын хажуу өрөө хөлсөлдөг байдалтай байлаа. Бид үүнээс санаа авч хөрөнгө мөнгө босгоод банкаар дамжихгүйгээр 50 сая төгрөгийн байранд орсон бол долоон жилийн дотор тухайн 50 сая төгрөгийг хувааж төлөөд өөрийн болгох боломжийг санал болгосон. Монгол Улсын хэмжээнд анх удаа ийм санаачилга гаргаж, нэвтрүүлж чадсан юм. Хэдийгээр 120-хон айлын орон сууцыг шийдсэн сонсогдож байгаа боловч үүний цаана ам бүлийнх нь олон хүн бий. Төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах боломж нөхцөл бүрдэж байгаа.
-Сэлэнгэ аймаг цар тахал дотооддоо алдахад эхний тархсан газруудын нэг болсон. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-Монгол Улсад КОВИД-19 цар тахал зөөвөрлөгдөж орж ирснээс хойш Сэлэнгэ аймаг эхнээс нь тэмцэж, зүтгэсэн. Одоо ч зүтгэсээр байгаа. Төрийн албан хаагчид, эрүүл мэндийн салбар, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой гээд бүгд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Манай баг бас маш их хүч болж бидний урьдчилан сэргийлж байгаа ажил дээр нэгдэж ажиллаж байгаа. Засгийн газраас Сэлэнгэ аймгийг шилдгээр зарласан нь энэ хамтын үйл ажиллагааг дэмжсэн ажил боллоо гэж миний хувьд харж байна. Төрийн албан хаагчид маань аймагт коронавирус анх гарснаас хойш ёстой өдөр шөнөгүй, нойргүй зүтгэж байгаа шүү. Одоо ч бид 24 цагаар жижүүрлээд ажиллаж байна. Манайх 17 сум, зургаан тосгонтой. 17 сумаас 16 сум нь улаан, нэг сум ногоон зэрэглэлтэй байгаа. Мэдээж аймгийн Онцгой комисс, сумын Онцгой комисс дангаараа энэ аюулт цар тахлыг дийлэхгүй. Иргэд маань ч маш сайн ухамсартай байгаа. Тийм болохоор өнөөдөр бид өдий зэрэгтэй аваад явж байгаа гэж бодож байна.
-Цар тахлын халдварыг нэгэнтээ дотооддоо алдчихсан учраас өнөөдөр хамгийн гол нь иргэдээ яаж эмчлэх вэ гэдэг асуудал байгаа. Сэлэнгэ аймгийн хувьд эмнэлгийн орны хүрэлцээ ямар байна, өвчтөнүүдийг гэрээр нь эмчилж байна уу?
-Бидний хувьд гэрээр эмчлэх гэдэг асуудал байхгүй гэж үзэж байгаа. Ямар ч байсан сумдын бүсийн төвүүд дээрээ КОВИД-19-ийн эмчилгээний тасгуудыг нээлээ. Нэлээд хэдэн сумандаа аль бололцоотой стандарт хангаж байгаа байр сав, эрүүл мэндийн төвүүдийг ашиглаад нээж байна. Тэгэхээс ч өөр арга байхгүй. Дээрээс нь аймгийн Эрүүл мэндийн газар, салбарын яамнаас бид чиглэлээ авч байгаа шүү дээ. Түүнээс биш бид дангаараа мэдэж тэр өвчинтэй тэмцэнэ гэж юу байх вэ дээ. Засгийн газар, Улсын онцгой комиссоос ямар бодлого шийдвэр гарч байна түүний дагуу алдаа дутагдал гаргахгүй ажиллах ёстой гэдэг үүднээс ажилласан. Мөн аймгийнхаа Нэгдсэн эмнэлэг дээр бид бусад аймгаас анхлан КОВИД-ын эмчилгээний тасгийг нээсэн. Түүнийгээ дагаад эрчимт эмчилгээний тасаг байх ёстой гээд аймгийн ИТХ-аараа хэлэлцүүлж бид эрчимт эмчилгээний тасагт нь амьсгалын аппарат, ор гэх мэт бэлтгэл ажлыг хангаад явж байгаа. Өнөөдөр нөхцөл байдал үнэхээр сайнгүй байгаа. Өдөрт 20, 30, 40-н тохиолдол гарч байсан бол одоо 80 гарч байна гэх мэтчилэн. Тийм болохоор иргэд маань ч өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй шүү гэдгийг уриалъя. Төрөөс чадлаараа ажиллаж байгаа, гэхдээ иргэд маань олон хүн цуглаж байгаа газарт аль болох очихгүй байх, хамгийн гол нь хүүхдүүд вакцинд бүрэн хамрагдаагүй учраас хүүхдүүдээ эрсдэлд оруулах вий гэдэг тал дээр маш их анхаараарай. Энэ талаарх мэдээллийг ч бид иргэддээ өгч байгаа. Ядаж хүн хооронд хоёр метр зайгаа бариад, амны хаалтаа байнга зүүгээд, гараа ариутгаад, олон хүнтэй газар очихгүй байх юм бол бид энэ өвчнийг хумих бүрэн боломжтой гэж харж байгаа.
-Цар тахалтай холбоотойгоор Засгийн газар Улсын наадмыг цахимаар тэмдэглэнэ гэдэг шийдвэр гаргасан. Бас долоодугаар сарын 20-ноос хойш цар тахлын нөхцөл байдлаас хамаарч аймаг, сумдын наадам хийх эсэхийг шийднэ гэж байсан. Танай аймгийн хувьд баяр наадамтай холбоотой ямар шийдвэр гаргасан бэ?
-Бид чинь тусдаа вант улс эсвэл муж биш шүү дээ. Орон нутагт байгаа Засгийн газрын нэг нэгж гэсэн үг. Тийм учраас мэдээж, Засгийн газрын шийдвэрийг дагана. Тэр утгаараа ч явж байгаа. Манай аймгийн хувьд аймаг, сумдад наадам хийхгүй, баяр наадам тэмдэглэхгүй гэсэн шийдтэй байгаа. Өнөөдөр (өчигдөр) аймгийн Онцгой комиссын хурал боллоо. Хурлаас ямар ч байсан Сэлэнгэ аймагт есдүгээр сарын 1-нийг хүртэл ямар нэгэн баяр наадмын арга хэмжээ явуулахгүйгээр шийдлээ. Яагаад гэвэл бид дэлхий дийлэхгүй байгаа цар тахалтай тэмцэж байгаа. Түүнээс биш тэмдэглэнэ гэж үзэх юм бол аймгийн маань түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Мөн Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Сэлэнгэ аймаг Ардын хувьсгалын өлгий нутаг гэдэг, Сэлэнгийн олон партизан цэргүүд хувьсгалд оролцож байсан түүхтэй. Дээрээс нь манай аймагт болгоомжлох зүйл нь авто замын Алтанбулаг, төмөр замын Сүхбаатар гээд хилийн хоёр том боомттой. Ерөөсөө манай оронд бараа бүтээгдэхүүн, хүнсний гол урсгал орж ирдэг боомт гэвэл Замын-Үүд тэгээд Сэлэнгэ аймгийн хоёр боомт шүү дээ. Үүнийг тооцоолоод бид анхнаас нь халдвараас хамгаалж, хичээж ажилласан. Энэ бүх ажлынхаа үр дүнг наадам, баяр цэнгэл гээд унагачихаж болохгүй. Бас бусад аймаг энэ жил наадам хийхгүй гэдгээ эхнээсээ зарлаад байгаа. Гэтэл бид тэднээс зөрүүдлээд ганцаараа наадам хийж болохгүй. Яагаад гэвэл тэр ойр аймгийн хүмүүс Сэлэнгэ наадам хийх юм бол очиж оролцоно, үзнэ гээд хүрээд ирнэ. Миний хувьд наадам бол ямар нэгэн уралдаант шалгаруулалт, тэмцээн биш гэж боддог. Тийм болохоор дэлхий нийтээрээ тэмцэж байгаа өвчинтэй бид аль болох хариуцлагатай тэмцэж дараад авах юм бол энх сайхан цаг удахгүй ирнэ. Иймээс 90 жилийн ойгоо түр хойшлуулаад, магадгүй дараа жил 91 жилийн ойгоороо нөхөж хийсэн ажилтай, хэлэх үгтэй үргэлжлүүлээд явах юм. Хамгийн гол нь цар тахлын тархалт их байгаа энэ үед наадам хийж болохгүй гэдэг шийдвэрийг аймгийн Онцгой комиссоороо хэлэлцээд шийдсэн.
-Наадам хойшлуулж болзошгүй нөхцөл үүсэхэд уяачдын холбооноос эхлээд үндэсний спортын бусад байгууллагууд хэвлэлийн хурал хүртэл хийж байлаа. Уяач, бөх, харваачдын бүтэн жилийн бэлтгэл үр дүнгүй өнгөрөх нь гэдэг гомдол ч гарсан. Сэлэнгийн уяач, бөх, харваачид наадмын талаарх шийдвэрийг хэрхэн хүлээж авч байх шиг байна?
-Мэдээж, бүгд наадамдаа бэлдсэн байх. Тэр тусмаа Сэлэнгэ аймгийн 90 жилийн ойг, Ардын хувьсгалын 100 жилийн ойтой цуг давхцаж хийх гэж байсны хувьд хүлээлт их байсан. Бид ч аймгийн ИТХ-аараа 90 жилийн ойгоо долоодугаар сарын 22, 23-ны өдөр хийнэ гээд хугацааг нь заачихсан, ИТХ-аараа баталчихсан байлаа. Гэхдээ уяачид, бөхчүүд наадамчид маань нэг л зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна. Хүмүүс хүсээд байхад бид нэг шийдвэр гаргаад хийлгэхгүй гэж байгаа юм биш. Дахин, дахин хэлэхэд дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байна. Энэ өвчин биднийг юу ч хийлгэхгүй, хамаг ажлыг унагааж байгаа хамгийн том шалтаг шалтгаан нь юм. Тэгэхээр бид үүнийг богино хугацаанд дарж аваад сайхан цаг ирэхэд нөхөөд нижгэр тэмдэглэж болно шүү дээ. Түүнээс бид нэг хурал хийгээд боломжтой юмыг боломжгүй гээд баяр наадам хийхгүй байгаа юм биш шүү. Иргэд маань үүний шалтгааныг нь бодож тунгааж, эерэгээр харахыг хүсэж байна.
-Төгсгөлд нь Сэлэнгэ аймаг шилдгээр шалгарсан болохоор танд аймгийнхаа иргэдэд хандаж хэлэх үг байвал дамжуулъя?
-Монголчууд тэр дундаа Сэлэнгэ аймгийнхандаа баярлаж, талархаж байгаагаа хэлж, баяр хүргэе гэж бодож байна. Шагналыг нь өнөөдөр би гардан авч байгаа болохоос биш Сэлэнгэ аймгийн маань иргэд, төрийн албан хаагчдын гавьяа шүү дээ. Мөн Засгийн газрын чиглэлийг оновчтой зөв удирдан зохион байгуулж, цаг хугацаанд нь зөв хийсний шагнал болохоор Засаг даргын Тамгын газрын баг хамт олондоо баярлаж, талархсанаа илэрхийлье.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
jsj
excavator pizda
Юу ч хийгдээгүй аймаг шилдэг болдог байр хүргэе
Сэлэнгэ аймгийн хөдөлмөрч ард түмэн Ш.Оргил даргатай хамт олонд баяр хүргэе.Энэ шагнал зүгээр сууж байхад ирдэг шагнал биш юм.Аймгаа хөгжүүлж,ард иргэдээ орлоготой баялагтай болгоорой.
Танд болон танай баг хамт олонд баяр хүргэе! Сэлэнгэчүүд бид хүчтэй.
Ми данжаадын хамаатан луухаан дарга мөн үү?