БНХАУ-ын дарга Ши Жиньпин тавны орой Бээжингээс БНФУ-ын ерөнхийлөгч Эмманүэл Макрон, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель нартай онлайн уулзалт хийжээ.
Ши Жиньпин: Өдгөө цар тахлын нөхцөл байдал мөн хүндхэн байж, эдийн засгийн сэргэлтийн хэтийн төлөв тодорхойгүй байна. Дэлхийн ертөнц өмнөх аль ч үеэс илүүтэйгээр итгэлцэл, харилцан хүндэтгэл, үнэнч хамтын ажиллагаа шаардаж байна. Харин нэгнийгээ сэжиглэж, сөргөлдөх нь хэн алиндаа ашиггүй. Тиймээс Хятад, Европ нийтлэг ойлголт, хамтын ажиллагаагаа тэлж, даяарчилсан сорилтуудыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ бүхний тулд, нэг, Харилцан нэгнийгээ зөв таньж ойлгох хэрэгтэй. Хоёр, Харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Гурав, жинхэнээсээ олон талт үзлийг хамгаалах хэрэгтэй. Дөрөв, ерөнхийдөө тогтвортой, тэнцвэртэй хөгжсөн том гүрэн хоорондын харилцааг байгуулах хэрэгтэй. Хятад улс өөрийгөө сайтар хөгжүүлэхийг бодож байна, харин бусдыг орлох, дарах нь Хятадын улсын хөгжлийн зорилго биш гэв.
Эмманүэл Макрон: Өнгөрсөн хэдэн арван жилд Хятад улс асар их хөгжлөө. Францын тал Хятад улстай үргэлжлэн ажил хэрэгчээр хамтран ажиллаж, Европ-Хятадын хөрөнгө оруулалтын хэлэлцээр тохиролцохыг дэмжиж, Хятад улстай хүмүүнлэгийн солилцоогоо нэмэгдүүлэх бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүд Францад хөрөнгө оруулахыг урьж байна. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын өөрчлөлт, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг асуудлаар Хятад улстай зөвшилцлөө нэмэгдүүлж, Күньмингийн “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ыг үндэслэн байгуулагч талуудын 15-р чуулган болон Марселийн дэлхийн байгаль орчны хамгаалалтын 7-р чуулган бүрэн дүүрэн амжилттай явагдахыг дэмжиж ажиллах болно. Хятад улс хөгжиж буй орнуудад вакцин шударгаар хуваарилахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг Францын тал сайшааж байгаа бөгөөд Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн. Өрийн асуудлыг хойшлуулах тухай Их 20-ын бүлгийн санаачилгыг практик дээр хэрэгжүүлэхэд гаргасан Хятадын талын хүчин чармайлтыг Францын тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд Африк тивд хөрөнгө босгох, болосврол зэрэг салбарын асуудлаар Хятад улстай үргэлжлэн идэвхтэй хамтран ажиллахад Францын тал бэлэн байна гэжээ.
Ангела Меркель: Хятад улс цар тахлын нөлөөг арилгаж, эдийн засгаа хөгжүүлж буйд баяр хүргэе. Вакцины шударга үйлдвэрлэл, хуваарилалт, хүмүүсийн зорчих болон худалдааны хэлхээ холбоог сэргээж хөгжүүлэх талаар Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Герман бэлэн байна. Европ, Хятадын харилцаа маш чухал, тиймээс харилцан хүндэтгэж, яриа хэлцлээр санал зөрөлдөөнөө багасгах ёстой. Европын Холбоо-Хятадын удирдагчдын 23-р уулзалтыг даруй зохион байгуулахыг Германы тал дэмжих бөгөөд Европ-Хятадын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг эртхэн батлахыг хүсэж байна. Түүнчлэн олон улсын үйл хэргээр Хятад улстай зохицуулалтаа эрчимжүүлж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, цар тахлын эсрэг Африкийн тэмцлийг дэмжих зэрэг асуудлаар идэвхтэй зөвшилцөхөд ч бэлэн байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )