Ц.Сүхбаатар: АН, ХКН-ын хооронд маш идэвхтэй хамтын ажиллагаа хөгжиж ирсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 08

Монголын Ардчилсан Намын гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар өчигдөр /2021.07.08/-нд ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд халуун баяр хүргэжээ.

Ц.Сүхбаатар хэлэхдээ, Өнгөрсөн ХХ зууны эхэн үе буюу Манж Чин улс мөхсөний дараах он жилүүдэд Хятад орон дотоодын үймээн самуунд автаж, гадаадын түрамгийлэгчид Хятадыг бүрэн эрхшээлдээ оруулахыг эрмэлзэн дур зоргоороо авирлаж байх тэр хүнд бэрх цаг үед Хятадын Коммунист Нам анх үүсэн байгуулагдсан билээ. ХКН нь байгуулагдсан цагаасаа хойш Хятадын ард түмнийг ядуурал гуйрамчлалаас ангижруулах, улс орноо гадаадын түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнол, бие даасан байдлаа баталгаажуулах, дайнд сүйдсэн улс ардын аж ахуйгаа сэргээн босгох, цаашдын эдийн засгийн тогтвортой хөгжлийн найдвартай үндсийг тавихын төлөө нөр их тэмцэлд Хятадын ард түмнийг уриалан дуудаж, удирдан жолоодож ирсэн билээ. Энэ тэмцэлдээ ХКН ялалт байгуулж Хятадын ард түмнийг ядуурлын гамшгаас бүрэн чөлөөлж чадсанаа саяхан дэлхий нийтэд зарлан тунхаглалаа. Тиймээ. Энэ амжилт хялбар олдоогүй. Энэхүү амжилтанд хүрэхийн тулд үй олон Хятад хүн амь насаа золиослож, асар их зовлон бэрхшээл, гачигдал хомсдлыг даван туулсан нь дамжиггүй. Гэхдээ бүхэл бүтэн тивийн хүн амтай дүйхүйц, түүнээс ч олон хүнийг ядуурлын гамшгаас ангижруулсан нь яах аргагүй хүн төрөлхтөний түүхэнд өмнө нь хэзээ ч гарч байгаагүй бодит үр дүн юм. ХКН-ын 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед дээрх амжилтыг нь зохих ёсоор тэмдэглэн халуун баяр хүргэх нь АН-ын зарчмын байр суурь юм.

АН, ХКН-ын хооронд олон жилийн турш маш идэвхитэй хамтын ажиллагаа хөгжиж ирсэн түүхтэй. Хоёр намын хооронд өндөр хэмжээний төлөөөлөгчдийн солилцоо тогтмолжсон бөгөөд сүүлийн жилүүдэд намуудын дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагуудын төлөөлөгчдийн харилцан айлчлал, солилцоо идэвхитэй өрнөж байна. Мөн ХКН-ын дэмжлэгтэйгээр мнай намын залуучууд Хятадын их дээд сургуулиудад сонирхсон мэргэжлээрээ суралцах боломж нээгдэж байгаад манай намын гишүүд ихээхэн талархалтай байдаг юм.

Энэ сарын 6-ны өдөр болсон ХКН ба дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалт амжилттай болж өнгөрлөө. Уг уулзалтыг нээж ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинпиний хэлсэн үг ихээхэн сэтгэгдэл төрүүллээ. Бидний нийтийн гэр орон болж буй эх дэлхийгээ хайрлан хамгаалах, нийт хүн төрөлхтөний сайн сайхны төлөө улс төрийн намууд үзэл бодлын зөрөөгөө хойш тавьж, хамтран хариуцлага хүлээж, хамтдаа урагшлахыг уриалснаараа энэхүү уулзалт онцлогтой боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top