Хараа голд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2021 оны 07 сарын 12

Усны ослын дуудлага, мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна гэж өнөөдөр /2021.07.12/ Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга С. Пүрэвсамдан мэдээллээ.

Голын усны түвшин эрс нэмэгдсэн гэдгийг мэргэжлийн байгууллагаас байнга мэдээлж буй ч иргэдийн болгоомжгүй байдал, аюулгүй байдлаа хангахгүй байх явдал гарсаар байна.

Тухайлбал: Өчигдөр Хараа голын Алтанхундагын тохой гэх газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 22 км-т/ 3 автомашинтай, 17 иргэн амарч байх үед 1 иргэн /21н, эр/ усанд осолдсон байна.

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, дэлсэгч Э.Лхагва-Очироор ахлуулсан эрэн хайх аврах бүлгийн 7 алба хаагч ажиллаж байна. Тэд Хараа голын “Алтанхундагын тохой” гэдэг газраас баруун хойд зүгт “Гурван Мод” гэдэг газар хүртэл 8 км-т 3 удаа завиар болон машинтай самналт хийж, 5 км газарт 2,50 метрийн гүнд шумбалт хийж эрлийн ажиллагааг явуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоожээ.

Өнөө өглөө 06:00 цагт эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж. Мөн аймгийн ОБГ-ын 5 албан хаагч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд осолдсон 2 иргэнийг эрэн хайх ажиллагаанд ажиллаж байгаа юм байна.

Иймд иргэд, олон нийт аялж, зугаалахдаа баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top