Өвөрмонголын жүжигчин Баасанг манайхан "шок"-онд оруулав
Ар монголчуудын хийж чадаагүй "Чингис хаан" киног Өвөрмонголчууд монгол туургатан болгоны сэтгэлд хүртэл бүтээсэн. “Монголын нууц товчоо”-г өөрчлөхгүйгээр түүхэн үнэнийг бодитоор харуулсанд уг киноны мөн чанар оршиж байгаа болов уу. Тэгэхдээ уг кинонд эзэн Чингисийн маань дүрийг бүтээсэн Өвөрмонголын нэрт жүжигчин Баасан онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэр тусмаа түүний нүдний ухаантай харц, жүжигчний ур чадварт ач холбогдол өгсөн хүмүүс цөөнгүй. Тийм ч учраас сүүлийн үед Өвөрмонгол хөрөнгө оруулагчийн мөнгөөр босож байгаа “Аравт” уран сайхны кинонд манайхан түүнийг урьж тоглуулсан аж. Гэвч уг кино эхэлсэн цагаасаа нэлээдгүй хэл амыг дагуулаад байгаа. Анх төлөвлөсөн хуваарийн дагуу бол уг кино өнгөрсөн нэг сард бэлэн болж улмаар Азийн кино наадмуудад оролцох ёстой байсан ч юун дэлгэцэнд гарах эвлүүлгийн ажил гээд таг болж хагас жилийн нүүрийг үзэж байгаа аж. Элэг нэгт Монголчуудтайгаа хамтран ажиллахаар баяртай ирсэн Баасан анх удаагаа зохиол байхгүй зураг авалт гэдгийг хараад мэл гайхаж цэл хөхөрсөн гэнэ. Мэдээж сүүл рүүгээ юунд дандаа гайхаад байхав, манайхны шөнө дөл болтол сархад хүртээд өглөө босож чадахгүй нам унтаж зургийн талбайдаа ирдэггүй тэр занд уурлаж бухимдсан сурагтай. Зураг авалт явагдахтай зэрэгцээд зохиолыг нь бичиж байсан бөгөөд халуун наранд хэдэн хүмүүст илд бамбай, хөө хуяг бариулчихаад өнөөдрийн зохиол ингээд дууслаа гэх нь холгүй юм болсон юм байх. Шалгалтанд урьдаас бэлдэлгүй газар дээр нь уншаад онц аваад гараад ирдэг оюутнууд шигээ кино зохиолыг газар дээр нь бичээд кино хийчихдэг гайхалтай авъяас шүү . Аргагүй л авъяаслаг Монголчууд аж. Хэтэрхий суут авъяасыг чинь магтахын хажуугаар арай дэндүү хариуцлагагүй , хэнэггүй, арчаагүй байдлаасаа ичиж амьдраач ээ гэдэг үгийг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдана.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )