Дэлхийнү Шатрын холбооноос 2021 оны долоодугаар сарын 12-ны өдрөөс наймдугаар сарын 6-ны өдрийн хооронд ОХУ-ын Сочи хотноо Дэлхийн цом 2021, Эмэгтэйчүүдийн Дэлхийн цом 2021 өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийг зохион байгуулж байна.
Тэмцээний 2-ын даваанд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул Украйн улсын тамирчин, Их мастер Осьмак Юлияг 2:0 онооны харьцаатай илт илүү буулгаж авлаа. Ингэснээр тэмцээний шилдэг 32-т багтаж, дараагийн 3-ын даваанд дэлхийн од, ОХУ-ын тамирчин, Их мастер Лагно Екатеринатай хүч үзэхээр боллоо.
Тэмцээний тухай товч мэдээлэл:
Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг тус тэмцээнд дэлхийн 100 гаруй орны зөвхөн шилдэг гэсэн шатарчид, тэр дундаа Дэлхийн цом 2021-д 206, Эмэгтэйчүүдийн Дэлхийн цом 2021-д 103 шилдэг шатарчин Дэлхийн өнцөг булан бүрээс оролцож байна. Тэд хасагдах системээр 8 даваа буюу бүрэн матч, тус даваа бүрт цагаан, хар талаас тус бүр үндсэн стандарт 1 өрөг тоглож, оноо тэнцсэн тохиолдолд рапид, блиц төрлүүдээр мөн адил цагаан, хар талаас тус бүр 1 өрөг тоглон хайнаагаа хагалж явсаар аваргуудаа тодруулах юм.
Энэ жилийн Дэлхийн цом тэмцээн нь тус өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцогчдын тоог нэмэгдүүлэн хамрах хүрээгээ тэлж, шагналыг санг 50%-иар өсгөж, Дэлхийн цом тэмцээний дэргэд Анхдугаар Эмэгтэйчүүдийн Дэлхийн цом 2021-ийг зохион байгуулж, хувцаслалтын өндөр дэг журам мөрдөж буйгаараа өнгөрөгч цомуудаас онцлогтой.
Зөвхөн өндөр зэрэглэлийн шатарчид оролцдог дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Дэлхийн цом 2021-д Их мастер Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ, Эмэгтэйчүүдийн Дэлхийн цом 2021-д Их мастер Б.Мөнгөнтуул, ОУМ Т.Мөнхзул нарын дөрвөн шилдэг шатарчин оролцож байна.
Сэтгэгдэл ( 1 )
Бүгдэд нь амжилт хүсье. Мөнгөнтуул минь аварга болоорой.