ОЛИМПЫН ФОТО: М.Уранцэцэг гавьяатын ЯЛАЛТЫН АГШНУУД

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

Манай сэтгүүлч М.СУГАР-ЭРДЭНЭ, Ч.ГАНБАТ нар ТОКИО ХОТООС мэдээлж байна

"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр (2021.07.24) "Бүдокан" ордонд болж байна. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдаж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн Варгас Лейг өчих мэхээр цэвэр ялсан.

Дараа нь хэсгийн аваргын төлөө Израилын SHIRA RISHONY-той барилдлаа. Өмнө нь 5 таарч барилдахад бүгдэд нь Урнаа ялж байжээ. Хэн хэнээ хэтэрхий сайн мэдэх өрсөлдөгчид. Гэхдээ олимпын наадамд нэг л анхаарал сулруулах, алдаа гаргахад хажууд байсан ялалтаа алдах нь олон байдаг.

Урнаа харин тун хянамгай барилдаж, үүрч шидээд, дахин өчих мэхээр яллаа.

Эмэгтэй 48 кг-ийн жингийн хагас шигшээд манай тамирчин Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникитэй барилдана. Тэдний барилдааны ялалтын харьцаа 2:2 байгаа.

Нөгөө талд Украины Белодед, Японы Тонаки хагас шигшээд шалгарсан бөгөөд хөнгөн жингийн 4 хүчирхэг бөх бүгд таавар ёсоор шалгарлаа.

Медалийн төлөөх барилдаанууд Монголын цагаар 16:00 цагаас эхлэх ба М.Уранцэцэг гавьяат дөрөв дэх барилдаанд дэвжээн дээр гарна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top