Ж.БАТМӨНХ: Охиноо сайн теннисчин болгохын тулд аав нь бүхнээ зориулна

Админ | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

ТВ8 телевиз, Zindaa.mn сайтын сурвалжлах баг Токиогийн зуны 32 дахь удаагийн олимпод ширээний теннисний төрөлд Монголоос анх удаа оролцсон хамгийн залуу (18 настай) тамирчин Б.Болор-Эрдэнийн гэр бүлтэй ярилцлаа. Түүний гэр бүл охиноо Токиогийн олимпод өрсөлдөхийг зурагтаар үзэж байхдаа нулимс дүүрэн, уухайлан дэмжиж, баярласнаа хуваалцлаа.


Бэлтгэсэн Э.ЭНЭРЭЛ, Б.ДАВААНЯМ

-Охиноо Токиогийн олимпод Монголынхоо нэрийг дуудуулан өрсөлдөж байхад ямар сэтгэгдэл төрж байв. Монголчууд бүгд таны охиноор бахархаж байлаа?

-Бид гэртээ, гэр бүлээрээ хамтдаа үзлээ. Монголчууд маань миний охины нэрийг дуудаж уухайлж байсныг харахад сэтгэл хангалуун, омогших сэтгэл төрж суулаа. Миний охин 18-хан насандаа Монголынхоо нэрийг нэг удаа ч болов дэлхийд дуурсган дуудуулсанд аав хүний хувьд бахархаж байна.

-Монголын баг тамирчдын Токиогийн олимпын эхний ялалтын эзэн нь таны охин байлаа. Энэ бас их сайхан тохиолдол болсон?

-Тэглээ. Эхний тоглолтод 4:0-ээр ялалт байгуулахад сэтгэл уужраад, ийм мундаг охин төрүүлсэндээ бахархаад л байсан. Дараагийн учраа чанга байсан учраас миний охинд маш том туршлага болсон гэж харж байна. Цаашид энэ спортоор дэлхийд Монголынхоо нэрийг гаргах тамирчин болно гэж аавынх нь хувьд итгэж, хүсэж байна. Би охиноо бүхий л боломжоороо дэмжих болно.

-Б.Болор-Эрдэнэ хэд дэх жилдээ ширээний теннисний спортоор хичээллэж байгаа вэ. Охины хувьд СЭЗДС-д Бизнес удирдлагын чиглэлээр сурдаг. Бэлтгэл хийх цаг хугацаа, нөхцөл боломж хангалттай байж чаддаг уу?

-Миний охин математикийн хичээлдээ их дуртай. Тиймдээ энэ мэргэжлээ сонгосон байх. Гэсэн ч түүний туйлын хүсэл нь ширээний теннисээр хичээллэж, энэ төрөлд монгол тамирчин олимп, дэлхийн аваргад амжилт гаргахын төлөө байдаг. Охин маань тасралтгүй 10 жил шөнө, орой, өдөр гэж ялгалгүй бэлтгэлээ хийж ирсэн. Ширээний теннисний “ОЧ”  клуб дээр бүх л чөлөөт цагаа өнгөрүүлдэг байх.

-Токиогийн олимпод оролцох эрхээ ямар тэмцээнээс авсан билээ. Б.Болор-Эрдэнэ маань өөрийн биширч шүтдэг улсын 10 удаагийн аварга Б.Батхишигийг ялсан удаатай гэж байсан?

-Тийм ээ. Өөрийн хүндэлдэг дотоодын гол тамирчнаа ялсан нь дэлхийд  өрсөлдөх чадвар байгааг харуулсан явдал болсон байх. Миний охин азаар хожсон ч байсан, үгүй ч байсан түүний ширээний теннис төлөө гэсэн чин сэтгэл нь цаашид олон ажилтад хүргэх байх. Миний охин Катарын нийслэл Дохад болсон олимпын наадмын эрх олгох тэмцээнд амжилттай оролцож, эрхээ авсан.


Б.БОЛОР-ЭГШИГЛЭН: БИ ЭГЧ ШИГЭЭ ОЛИМПОД ОРОЛЦОХЫГ МӨРӨӨДӨЖ БАЙНА

Б.Болор-Эрдэнийнх ам бүл зургуулаа. Аав, ээж, нэг эгч, хоёр дүүтэйгээ амьдардаг.Түүний хоёр эмэгтэй дүү нь хоёулаа ширээний теннисээр хичээллэдэг нь ховор тохиол байлаа. Том дүү нь есөн настай бол бага дүү маань долоон настай. Бид олимпын залуу тамирчин Б.Болор-Эрдэнийн том дүү Б.Болор-Эгшиглэнтэй мөн ярилцав.
 


-Б.Болор-Эгшиглэн хэдэн жил ширээний теннисээр хичээллэж байна вэ?

-Би одоо есөн настай. Тав дахь жилдээ ширээний теннисээр хичээллэж байна. Эгч бид хоёр бэлтгэлээ хамт хийхийг хичээдэг.

-Эгчийгээ олимпод өрсөлдөхийг үзэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Би доглоод л байсан. Хүлээгээд л... Эгч минь үнэхээр бахархмаар, баярламаар сайхан байсан. Би эгчийгээ чин сэтгэлээсээ дэмжсэн.

-Эгчдээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Би тань шигээ олимпод оролцох мөрөөдлөө заавал биелүүлнэ гэж хэлмээр байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top