Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан наймдугаар сарын 1-ээс эхлэх “Hisense” үндэсний дээд лигийн эхний тойрогт учраа таарсан багуудыг танилцуулж байна.
УЛААНБААТАР СИТИ – ХААН ХҮНС ЭРЧИМ
Энэ хоёр багийн тулаан лигийн хэд дэх тойрогт, хэн нь хүснэгтийн хаана байхаас үл хамааран үргэлж сонирхолтой болдог.
Үндэсний дээд лигийн 12 удаагийн аварга “Эрчим”-ийн дөрөв дараалсан түрүүг “Улаанбаатар сити” тасалдуулсан түүх хоёр багийн тулааныг чимдэг нэгэн том шалтгаан. Дээд лигийн аваргын төлөөх өрсөлдөөнд нэрсээ дуудуулдаг хүчирхэг хоёр клубийн тоглолтоор “Hisense” үндэсний дээд лигийн шинэ улирал нээлтээ хийнэ.
ДЭРЭН – СП ФАЛКОНС
Жил ирэх тусам тоглолтын чанар нь сайжирсаар байгаа “Дэрэн”, улирал ирэх тусам бүрэлдэхүүнээ зузаалсаар байгаа “СП Фалконс” клубүүд ням гарагийн хоёр дахь тоглолтыг хийнэ. Тус хоёр клуб өмнөх улирлын мөн эхний тойрогт учраа таарч тоглоход “СП Фалконс” 1:0-ээр хожиж байв.
Өнгөрсөн улирлыг “СП Фалконс” 35 оноотой тав, “Дэрэн” 33 оноотой зургаа дугаар байраар өндөрлүүлсэн. Нээлттэй үзүүштэй тоглолтыг толилуулдаг хоёр багийн тулаан эхний тойргийн нэгэн чимэг байх болно.
УЛААНБААТАРЫН МАЗААЛАЙНУУД - ХАНГАРЬД
Үндэсний дээд лигийн ууган клубүүд эхний тойрогт хүч үзэж энэ улирлын өнгөө тодорхойлно. Өнгөрсөн улиралд аваргын цомоос атгаад алдсан “Хангарьд” энэ удаад зорилгоо гүйцэлдүүлэхээр хүчтэй дайралт хийх нь гарцаагүй.
Харин “Улаанбаатарын Мазаалайнууд” өөрсдийн шинэ дүр төрхийг лигийн хүчтэй багийн эсрэг харуулахын төлөө бүхнээ дайчлана. “Мазаалайнууд”-ын дундаж нас өмнөх жилүүдээс залуужсан бөгөөд илүү хурдтай, эрч хүчтэй тоглолтыг үзүүлж чадна гэдгээ улирлын өмнөх нөхөрсөг тоглолтууд дээр харуулаад амжсан билээ.
БИ СИ ЭЙЧ ЛИОНС - УЛААНБААТАР
Дээд лигт анх удаа хүч үзэж байгаа “Би Си Эйч Лионс” клуб өнгөрсөн улирлын мөнгөн медальт, энэ улирлын Супер цомын эзэн “Улаанбаатар”-тай эхний тойрогт учраа таараад байна.
“Улаанбаатар” клуб хашир туршлагатай дасгалжуулагч Воиеслав Бралушичийн удирдлага дор аваргын төлөө хүч үзнэ. “Нийслэлийн баг”-ийн 10 жилийн ой энэ улиралд тохиож байгаа учраас тэд аварга цол хүртэхийг юу юунаас илүү хүсэж буй бизээ.
АТЛЕТИК 220 - ХОРОМХОН
Аваргын цомыг хамгаалагч “Атлетик 220” нээлтийн тоглолтоо наймдугаар сарын 2-нд түүхт “Хоромхон” клубтэй хийнэ. Азийн цомын тэмцээнд оролцож туршлага судалсан “Атлетик 220” аваргын цомоо хамгаалж, дахин тивийн тэмцээнд хүч сорихыг зорилгоо болгох нь дамжиггүй.
Хүчирхэг “Хоромхон”-ы нэгэн үе солигдож шинэ залуус туршлага хуримтлуулсаар байна. Клубийнхээ өсвөрийн багаас тодорч гарсан залуу хөвгүүд дээд лиг, нэгдүгээр лигт жил дараалан амжилттай тоглож сурсан мэдсэнээ энэ улиралд харуулах болно.
Цар тахлын улмаас үзэгчид цэнгэлдэх хүрээлэнд цуглаж багаа дэмжих боломжгүй байгаа. Харин бүх тоглолтуудыг чанарын өндөр түвшинд SPS National телевизээр шууд хүлээн авч үзэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
Хөл бөмбөгт хайртай хүн бүхний хүсэн хүлээсэн үндэсний дээд лигийг ивээн тэтгэж буй PC mall “Hisense”-ийн хамт олон, тэмцээн уралдаанаа эхлүүлэх зөвшөөрлийг олгосон УОК, НОК, Биеийн Тамир Спортын газар, онцгой цаг үед ард түмнийхээ эрүүл энхийн манаанд байгаа бүх хүмүүст нийт хөл бөмбөгчдийнхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.
Сэтгэгдэл ( 0 )