Иргэн Төрболдын Бат-Оргил өөрийн цахим хуудаснаа "Өглөө 08:36-д утас дуугарч СБД прокурорын газраас залгаж байна. (Нөгөө Ерөнхий газрын бичиг шөнө нэг юм ирсэн юм байлгүй дээ.) "Таны гомдол Билгүүн прокурорт байгаа юм байна, ирж уулзаарай" гэв. Очлоо. "Прокурор шаардлагаар ажилладаггүй тул та гомдол гаргана уу?" гэлээ. Би ч хэллээ. "Би Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд улс төрийн шаардлага хүргүүлсэн болохоос прокурорт хувийн асуудлаар гомдол гаргаагүй. Төр засаг бидний хэдэн зуун иргэний гарын үсэг бүхий албан шаардлагад хариугаа 30 хоногийн дотор өгөх ёстой. Та юу ч гэсэн өөрийн хариугаа бичгээр өг. Би харин хариугаа Ерөнхий сайдаас л авч таарах нь дээ. Доошоо явуулсаар байгаад хорооны даргаас тодорхойлолт авч дуусгах тоглоомыг хүлээн зөвшөөрөхгүй! Төр засаг иргэдийн шаардлагын дагуу арга хэмжээ авах 30 хоногийн хугацаа нь дуусаж байгааг анхаарна уу!" гээд саллаа.
Ахин сануулахад, бидний шаардлага:
1. Монгол Улсын иргэдийг шүүх, прокурорын тогтоолгүй, хууль зөрчин гэрээс нь баривчлах тушаал өгсөн бүхий л албан тушаалтнуудтай хамгийн чанд хариуцлага тооцож, дараа дараагийн удаа ийм даварсан ажиллагаа хийх юм бол ямар үр дагавартай болохыг бүгдэд харуулах!
2. Үндсэн хуулийн дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван цуглах бидний дархан эрх, эрх чөлөөг боомилж, нухчин дарах зорилгоор үүсгэсэн эрүүгийн болон зөрчлийн БҮХ хэргүүдийг хааж, торгуулиудыг цуцалж, хохироосон иргэн бүрээс албан ёсоор уучлалт гуйх!
Их л энгийн ойлгомжтой шаардлагууд юм сан. Ойлгохгүй хэцүү байвал дахиад л талбай дээрээ гарч учирлая даа! ЗГ-т шаардлагыг биелүүлэх, эсвэл яагаад биелүүлэх боломжгүй болохыг ҮНДЭСЛЭЛТЭЙ тайлбарласан хариу өгөхөд 2 хоногийн хугацаа үлдлээ" хэмээн бичжээ.
Эл асуудлаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч С.Батсүрэнгээс тодруулсан юм.
Тэрбээр "Т.Бат-Оргил тэргүүтэй иргэдээс ирсэн шаардлагад дурдсан зарим асуудал нь прокурорын байгууллагад харьяалагдаж байгаа юм. Тиймээс дуудаж, уулзсан. Өөрөөр хэлбэл, шаардлагад дурдсан асуудал нь үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг шүүх, прокурорын зөвшөөрөлгүй баривчилж, саатуулсан гэх асуудал хөндөгдсөн байсан. Энэ нь хүний эрх зөрчигдсөн байж болзошгүй байгаа тул үүнийг тодруулахаар дуудаж, уулзсан асуудал байгаа юм" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )