Б.Цэнд: Усанд автсан 236 тохиолдол бүртгэгдэж, 427 иргэнийг аварсан

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Б.Цэндээс цаг үеийн сэдвээр тодруулга авлаа.


-2021 он гарсаар усны ослын улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хэр хэмжээний хохирол учирсан бэ?

-Он гарсаар наймдугаар сарын 2-ны байдлаар 81 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгдэж, 94 иргэн амь насаа алдсан байна. Үүний 73 нь том хүн, 21 нь хүүхэд. Өчигдрийн байдлаар Төв болон Дархан-Уул аймагт тус бүр нэг эрэн хайх, аврах ажиллагааг алба хаагчид явуулж байна. Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Бор хошуугаас долоон км-т Туул голын эрэг дээр зургаан хүн /үүнээс дөрвөн хүүхэд/ зугаалж байснаас нэг хүүхэд живсэн гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын II багийн “Ширээ нуруу” гэдэг газар Хиймэл нуурын эрэг дээр зургаан хүн зугаалж байснаас нэг хүн живсэн дуудлагаар мөн тус аймгийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.

-Ихэвчлэн ямар шалтгааны улмаас осол болдог вэ?

-Усны ослын шалтгаан нь Онцгой байдлын байгууллага, Ус цаг уурын байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэд хүлээн авч, ахуй амьдрал, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж сураагүй байгаатай холбоотой. Аюулгүй байдлаа ханган зорчих талаар сэрэмжлүүлэг, анхааруулга өгсөөр байхад анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал гаргаж, хүүхэд багачуудад тавих хараа хяналт суларсан, томчууд нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн зэргээс үүдэлтэй.

-Энэ сард зарим нутгаар олон жилийн дунджаас илүү хур тунадас орно гэж цаг уурын байгууллагаас анхааруулж байгаа. Бороо ихтэй үед иргэд аялж зугаалахдаа хэрхэн болгоомжлох хэрэгтэй вэ?

-Иргэд цаг уур, онцгой байдлын байгууллага гээд мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, сэрэмжлүүлгийг анхаарч дагаж мөрдөх, бусдад дамжуулж байгаарай. Үерийн эрсдэл бүхий газар, өндөр хүчдэл, цахилгааны шугамын ойролцоо бууж, суурьшихгүй байх ёстой. Аялал зугаалгаар гэр бүл, албан байгууллага, хамт олноороо явахдаа бага насны хүүхдээ сайтар анхаарах хэрэгтэй байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд битгий ороорой. Баталгаатай зам гарцаар гарч баймаар байна. Өмнө нь ирэхэд энэ хэсгээр ус бага байсан, болно гээд гардаг. Гэтэл үертэй байхад баталгаагүй замаар гарч эд хөрөнгөөрөө хохирох, автомашинаа живүүлэх, амь насаараа хохирч болзошгүй. Түүнчлэн хүүхдүүд хийлдэг тоглоом их хэрэглэж байна. Стандарт бус тоглоомууд хагарах, хийлдэг завь хөмрөх, ингэснээр хүүхдийг гэмтээх эрсдэлтэй. Хогоо ил задгай их хаях юм. Эдгээрт иргэд хамгийн их анхаармаар байна.

-Үерээс шалтгаалж далан, хаалт эвдрэх, явган хүний зам, автомашины зам усаар дүүрч иргэд зорчих боломжгүй болох гээд саадууд үүсдэг. Энэ зун үерийн аюулаас улсын хэмжээнд хэр хэмжээний хохирол учруулж байгаа вэ?

-Улсын хэмжээнд 2021 он гарсаар давхардсан тоогоор нийслэлийн хоёр дүүрэг, 35 аймгийн 47 суманд үерийн усанд автсан 236 тохиолдол бүртгэгдэж, 427 иргэний /том хүн 289, хүүхэд 138/ амь биеийг аварсан байна. Зургаан иргэн /том хүн дөрөв, хүүхэд хоёр/ нас барсан. Нийт 848 мал хорогдож, үерийн усанд хоёр гэр нурж эвдэрч, 45 байшин, 235 гэр, 75 автомашин усанд автсаныг аюулгүй болгосон.

-Улаанбаатар хотын хэмжээнд Туул голын эрэг орчмоор, Тэрэлжийн гол зэргээр иргэд амарч зугаалж ачаалал ихтэй байдаг. Аялж зугаалахдаа хамгийн анхаарах ёстой байршлууд нийслэлд хаана байдаг вэ?

-Нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах ангиас дулааны улиралд буюу зургаадугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд нийслэлийн Цагдаагийн газартай хамтарсан Туул голд хэсэгчлэн хөдөлгөөнт завьт эргүүлийн үйл ажиллагааг 2011 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Үүрэг гүйцэтгэлийн хугацаанд үер, усны 1800 гаруй дуудлагаар ажиллаж, гол усанд суусан 3512 автомашиныг татан гаргаж, 3500 гаруй иргэний амь насыг авран хамгаалж, 899 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Туул гол дагуух усанд осолдох магадлалтай хамгийн аюултай бүс гэж тодорхойлсон газруудад анхааруулах самбаруудыг байрлуулсан байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top