2025 оноос зээл нь төлөгдөж эхлэх ҮЙЛДВЭР үүдээ нээх хугацаа дахин нэг жилээр хойшиллоо

2021 оны 08 сарын 04

 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үедээ найман жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэдгээ мэдэгдээд буцаж байв.

 

Модигийн айлчлалаас 10 сарын дараа буюу 2016 оны дөрөвдүгээр сарын эхээр Монголын Засгийн газрын төлөөлөгчид Дели хотноо очицгоож, 1 тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар хэлэлцээ хийсэн байдаг. Улмаар зээлийн хүүг жилийн 1,75%, хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг долоон жил байхаар тохиролцсон юм.

Энэ зээлийн талаар тодотгон сануулахын учир нь,  Дорноговь аймаг дахь Газрын тосны үйлдвэрийг уг зээлээр барьж, байгуулж байгаа билээ. Манай улс анх зээлсэн 1 тэрбум ам.доллар дээр нэмээд 236 сая ам.долларын зээл авсан бөгөөд үндсэн төлбөрийн төлөлт 2025 оноос хийгдэж эхлэх юм.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулагдах, газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг 2019 оны аравдугаар сарын 8-ны өдөр  ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэлснийг Засгийн газар мэдэгдэж байсан. Түүнчлэн 2023 онд үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна гэж байсан. Тэгвэл УУХҮ-ийн сайдын мэдэгдэж буйгаар үйлдвэр ашиглалтад орох хугацаа одоогоор 2024 он болж, нэг жилээр хойшлоод байна. Өмнө нь 2022 онд ашиглалтад орно гэх мэдээллийг ч албаныхан өгч байсан удаатайг сануулъя. 

Төслийн хэмжээнд олон жил яригдаж буй газрын тосны үйлдвэр ашиглалтад орвол манай улс гадаад зах зээлээс 100 хувь хамааралтай нефтийн бүтээгдэхүүний 50 хувийг дотоодоосоо хангах боломж бүрдэнэ гэсэн тооцоололтой.

Түүнчлэн гадаад зах зээлийн нөхцөл байдлаас үүдэн шатахууны үнэ, нөөцөд асуудал үүсээд буй энэ үед газрын тосны үйлдвэрийн төсөлд албаныхан анхаарлаа хандууллаа.

“Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг Засгийн газар  ирэх долоо хоногт батлах аж. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон цаашид  хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Засгийн газраас өгч буй мэдээлэлд: Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээгээ хангах боловсруулах үйлдвэр байхгүйн улмаас гадаад улс орнуудаас шууд хамааралтай байсаар ирсэн нь манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг. 2020 онд Монгол Улс 1.9 сая тонн шатахуун ОХУ-аас импортолсон бол 2021 оны эхний зургаан сарын байдлаар 900 мянган тонн шатахуун импортлоод байна. Сүүлийн үед ОХУ-ын үйлдвэрүүдэд АИ-95 бензинийг түр хугацаанд үйлдвэрлэхгүй болсон тул өдгөө манай улс урд хөрш БНХАУ-аас АИ-95 бензинийг нийлүүлж эхлээд буй.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явц 30 хувьтай байгаа бөгөөд цар тахлаас улбаатай элдэв саад бэрхшээл тохиолдож буй ч улс орны эдийн засаг, нийгэмд өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын ажлууд нэг хоног, нэг цагаар ч болов хойшлох, саатах ёсгүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан тодотгосон.

Жилд 1.5 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай уг газрын тос боловсруулах үйлдвэр нь дизель, АИ95, онгоцны түлш, зуухны түлш, шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэх боломжтой. Ковид-19 цар тахлаас үүдэж Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа тээвэр саатаж, тээвэрлэлттэй холбоотой үнийн хөөрөгдөл үүссэний зэрэгцээ гадаад, дотоодын ажиллагсдыг удаан хугацаагаар тусгаарлах, хот хоорондын зорчих хөдөлгөөний хязгаарлалт зэрэг хүндрэлтэй асуудлууд байгаа хэдий ч төслийн ажил зогсолтгүй үргэлжилж байна.

Цаашид түүхийн эдийн хангамжийн асуудал буюу Давст XXXI талбайд хайгуулын үйл ажиллагааг явуулах асуудлыг шийдвэрлэх болон үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг хойшлуулшгүй бэлтгэх зэрэг тулгамдсан асуудал байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ.

Шадар сайд С.Амарсайхан “Аливаа томоохон төсөл хөтөлбөрийн цаана зөвхөн эдийн засгийн өсөлт, санхүү мөнгөөр хэмжигдэхгүй нийгмийн үр өгөөж үлэмж их байдаг. Ялангуяа стратегийн чухал ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Ажлын хэсгийн гишүүд та бүхний үүрэг оролцоо ч их учраас илүү хичээж ажиллах хэрэгтэй. Төслийн ач холбогдолтой харьцуулахад дээрх тулгамдсан асуудлууд бол харьцангуй шийдвэрлэх боломжтой зүйлүүд. Тиймээс тээвэрлэлттэй холбоотой асуудлууд болон Хөгжлийн банкны зээлийн хүү, үнийн өсөлттэй холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлуудыг наймдугаар сард багтаан шийдвэрлэж, төслийн ажлыг урагшлуулах ёстой” хэмээн Шадар сайд хуралдааны төгсгөлд өгсөн үүрэг даалгавартаа онцоллоо.

Эрчим хүчний сайдыг Ажлын хэсэгт оруулж, цахилгаан эрчим хүчтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдүүлэхийг үүрэг болголоо гэсэн мэдээллийг өгч байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(85.218.48.83) 2021 оны 08 сарын 07

Amjilt husie !

0  |  0
zorigt(47.229.177.228) 2021 оны 08 сарын 07

bytej baigaa neg ch yum alga novshiin zasgiin gazar.\n

0  |  1
Top