Шинэ цэвэрлэх байгууламжийн БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 30 ХУВЬТАЙ үргэлжилж байна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 17

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр /2021.08.17/ шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Өнөөдрийн байдлаар шинэ цэвэрлэх байгууламжийн барилга, угсралтын ажил 30 хувьтай үргэлжилж байна. Уг бүтээн байгуулалтын ажилд 450 гаруй хүн оролцож байгаа бөгөөд 17.6 га талбайд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. 


Б.МӨНХБААТАР: ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА 

Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Хуучин цэвэрлэх байгууламжийг 1967 онд байгуулсан. Хоногт 160 мянган м.куб усыг хүлээж авах хүчин чадалтай. Ойролцоогоор 500-600 мянган хүн ам оршин суугч амьдрахад зориулагдсан цэвэрлэх байгууламж л даа. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэж, асар их тэлсэн. Үүнтэй холбогдуулж хотын хүн амын үндсэн суурь болсон зүйл бол цэвэрлэх байгууламж, цэвэр ус дулаан цахилгааны эх үүсвэрээ олон жил арга хэмжээ авч чадахгүй явсаар өнөөг хүрсэн. Улаанбаатарчуудыг ирэх 20-30 жил, түүнээс ч олон жил хангах дэд бүтцийн эх үүсвэрийн хамгийн эхний ажил бол хоногт 260 мянган м.куб бохирыг хүлээж авах хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил ид үргэлжилж байна" гэв. 

Түүнчлэн "Шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 2024 онд дуусна. Графикийнхаа дагуу ямартай ч жаахан хоцрогдолтой ч  шахаж ажиллана гэдгийг холбогдох байгууллага, бүтээн байгуулалтыг хийж байгаа хүмүүс хэлж байна. Одоогоор бохир усыг хуримтлуулж авдаг том хоёр усан сангийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Ирэх аравдугаар сарын 15 гэхэд дуусгах зорилго тавьсан. Хүндрэл их байна. Барилгын материалын үнэ өссөн. Газар дээр нь ажиллаж, явцтай нь танилцаж дараагийн ажлаа уялдуулах зүйлийг ярих хэрэгтэй байгаа юм. Ус сувгийн удирдах газрынхан эхнээс нь ажилд нь оролцох, хяналт шалгалтыг нь байнга тавьж байх, ашиглаад авч явах хүмүүсээ сургах зэрэг ажил байна. Өнөөдөр Монгол Улсад бүтээн байгуулалтын ажил хоцрогдож, хүндрэлтэй байна. Хэдий тийм ч тавьсан зорилтоо шийдэж, нөөц бололцоогоо ашиглаж, хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна" хэмээн ярилаа. 

Ц.ТӨРХҮҮ: СААРАЛ УСЫГ УНДНЫ УСЫГ ХЭРЭГЛЭХЭЭС БУСАД БҮХ ЗҮЙЛД АШИГЛАНА 

Тэгвэл Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү "Саарал ус цэвэрлэх байгууламжийг шинэ цэвэрлэх байгууламжтай уялдуулж барих ёстой. Саарал ус боловсруулах үйлдвэр Сонгино уулын зүүн бэлд баригдах юм. Хоногт 180 мянган м.куб бохирыг цэвэршүүлж, боловсруулах үйлдвэр юм. Эхний ээлжид гарч байгаа саарал усыг III, IV цахилгаан станцад нийлүүлнэ. Одоо бол тус хоёр станц хөргүүртээ цэвэр усыг ашиглаж байгаа. Ундны усыг хэрэглэхээс бусад бүх зүйлд ашиглах боломжтой юм. Бид 2016, 2017, 2018 онд цэвэрлэх байгууламжийн хур лагийг цэвэрлэсэн. Одоо бага үнэртэж байгаа, бараг байхгүй болчихсон. Дараагийн асуудал бол шинэ цэвэрлэх байгууламжийн асуудал яригдаж байна. Барилга, хот байгуулалтын сайд газар дээр нь ажиллаж, үүрэг чиглэл өглөө. Тэр чиглэл, үүргийн дагуу ажиллана. Хуучин цэвэрлэх байгууламж 60 гаруй ажил болчихсон. Орос технологиор баригдсан. Хүчин чадал нь хоногт 160-170 мянган м.куб усыг цэвэрлэдэг. Өнөөдөр Улаанбаатар хотод 1.2 сая хүн амтай. Хүн ам ихэссэн, хөрсний ус их, элбэг байна. 197.200 м.куб ус ирж байна. Тиймээс зайлшгүй шинэ цэвэрлэх байгууламж шаардлагатай байгаа биз дээ. Барилга, угсралтын ажил 30 орчим хувьтай явна. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон ч хуучин цэвэрлэх байгууламжаа хамт ажиллуулах юм. Ингэснээр хоногт 410 мянган м.куб усыг цэвэрлэх боломжтой болно" гэх мэдээллийг өглөө.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pHqghUme(85.203.22.214) 2021 оны 08 сарын 23

1

1  |  0
Заагч(202.9.46.226) 2021 оны 08 сарын 23

Хог хятадууд чанар муу арматураараа гурилдах байхаа.

1  |  0
зочин(192.82.83.126) 2021 оны 08 сарын 23

Хөшигийн хөндийн замыг барьсан хятадууд хийсэн гэж байсан. Хамгийн гол нь найдвартай байгаасай.

1  |  0
Top