ПАРАЛИМП: Манай таеквондочид тэмцээнээ өндөрлүүллээ

2021 оны 09 сарын 03

"Токио-2020" паралимпын наадамд өрсөлдөж буй Монголын хоёр таеквондоч өчигдөр /2021.09.03/ сүүлийн тулаандаа тун харамсалтай ялагдсанаар медалийн төлөө өрсөлдөх боломжоо алдлаа.

Дэлхийн аварга Х.Энхтуяа Тайландын Х.Пуангкитчатай тулалдаж, 33:30-аар дийлдсэн. Эхний үед тайланд тамирчин 16:5-аар илүүрхэж, том давуу талтай болсон юм. Удаах үед тэрбээр мөн 6:5-аар давамгайлсан. Онооны харьцаа 22:10 болон холдов. Сүүлийн үед Энхтуяа маш сайн тулалдаж, 20:11-ээр илүүрхсэн. Гэвч эцсийн дүндээ гурван онооны зөрүүтэй хожигдлоо.

Түүнчлэн эрчүүдийн 61 кг-д тулалдсан Г.Болор-Эрдэнэ Туркийн М.Бозтекед ганц онооны зөрүүгээр ялагдан олимпын наадмаа өндөрлүүлэв. Эхний үед манай хүн 17:9-өөр давамгайлсан ч удаах хоёр үед 4:2, 10:3-аар дийлдсэнээр нийлбэр дүндээ 23:22-оор ялагдсан юм.  Хэрэв манай тамирчид ялсан бол хүрэл медалийн төлөө тулалдах байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top