Өнөөдөр “Токио-2020” паралимпын сүүлчийн өдөр

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 05

“Токио-2020” 16 дахь удаагийн зуны паралимпын наадмын сүүлчийн өдрийн тэмцээн явагдаж байна. Өнөөдөр бадминтон, суугаа волейбол, марафон зэрэг төрлийн тэмцээн болж байгаа. Харин орой XVI Паралимпын хаалтын ёслол Токиогийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Энэ удаагийн паралимпод манай улсын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдсөн ба хүндийн өргөлтийн 107 кг жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ найман тамирчинтай хүчээ сорьж, паралимпын алтан медаль хүртсэн билээ.

Одоогийн байдлаар БНХАУ 207 медаль хүртсэн амжилтаар паралимпын наадамд оролцож буй 162 улсыг тэргүүлж байна. Удаах байранд Их Британи улсын баг 124 медальтайгаар жагсаж байгаа юм.

Харин манай улсын хувьд гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн амжилтаар 59-р байранд жагсаж, паралимпын наадмаа өндөрлүүллээ.

"Токио 2020" Паралимп наадмын албан ёсны сурвалжлагч, япон хэлний орчуулагч, судлаач, тайлбарлагч Д.Төмөрбаатар “Монголын паралимпын баг тамирчид бүх хүчээ дайчлан оролцлоо. Энэ паралимп зохион байгуулалтын хувьд онцгой олимп болсон юм. Албаныхан, багш нар, тамирчдын хувьд Коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан бий болсон дүрэм журам, зохион байгуулагчдаас тавьж буй "хатуу" шаардлагыг биелүүлж ажиллалаа. Паралимпын алтан медалийн буухиаг 13 жилийн дараа үргэлжлүүлэн эх орон, ард түмэндээ итгэл, баяр хөөрийг авч ирсэн Э.Содномпилжээ, түүнийг ийм амжилтад хүргэсэн Монголын паралимпын хорооны хамт олон, Токиогийн парлимпэд амжилттай оролцсон бусад бүх тамирчдад, багш дасгалжуулагчдад чин сэтгэлийн халуун баяр хүргэе! Дараагийн паралимп тун ойрхон байна, ердөө гурван жилийн дараа шүү” хэмээн цахим хуудсандаа сэтгэгдлээ үлдээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top