Хятадын зэсийн эрэлтийг КОНГО нөхнө

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

Бүгд Найрамдах, Ардчилсан Конго Улсын Камоа-Какула уурхайн  зэсийн баяжмалыг ачсан хөлөг  Өмнөд Африкийн Дурбан боомтоос БНХАУ-ыг чиглэн хөдөлсөн байна. Уг хөлөг онгоц энэ сарын сүүлчээр БНХАУ-д ирэх аж. Камоа-Какула уурхайд Хятад, Канад хувь эзэмшдэг бөгөөд хамтран үйл ажиллагаа явуулдаг.  Эхний жилүүдэд 200 гаруй тонн зэсийн  хүдэр олборлож, 2029 он гэхэд 800 мянган тоннд хүрэхээр байгаа ажээ. Хятадын эдийн засаг  цар  тахлаас сэргэж эхэлмэгц тус улсад зэсийн эрэлт огцом өссөн. Өнгөрсөн  зургаадугаар сард тус улсын Засгийн газар 10 гаруй жилийн хугацаанд анх удаа үндэсний стратегийн нөөцөөсөө зэс, цайр, хөнгөн цагаан гаргасан. Төв Африкийн зэс-кобальтын хүдрийн нөөц бүхий бүсэд орших Камоа-Какула уурхайн төсөл нь сүүлийн 20 жилийн хугацаан дахь зэсийн хүдрийн хамгийн томоохон нөөц бүхий нээлт юм. 43.69 сая гаруй тонн нөөцтэй уг уурхай нь  Хятадын зэсийн нөөцийн 37 орчим хувийг бүрдүүлэхээр байна. Уг уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэхэд зургаан жил зарцуулжээ. Одоогоор  Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ 9400 ам.доллароос дээш ханштай байна. Хятадын Уул уурхайн ассоциацын мэдээлснээр, арваннэгдүгээр таван жилийн төлөвлөгөөндөө (2006-2010 онуудад) тус  улсын хилийн чанад дахь уурхайнуудад оруулсан хөрөнгө оруулалтууд төдийлөн амжилттай бус байжээ.

БНХАУ-ын түүхий эдийн эрэлт  XXI зууны эхэн үеэс эхлэн эрс өссөн. Тус улс дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүчний төслүүдэд шаардагдах зэсийн  80 хувийг  хилийн чанадаас импортоор авдаг. Хятадын компаниуд Канад, Австрали зэрэг уул уурхай хөгжсөн бүс нутагт үйл ажиллагаа явуулах боломж хомс байгаа юм. Канад, Австрали, Зүүн Өмнөд Азийн орнуудын уул уурхайн салбарт оруулж буй  Хятадын хөрөнгө оруулалт  2011 онд 22.5 хувь байсан бол 2020 онд 5.6 хувь болж буурчээ. Харин Африк, Латин Америкт оруулсан хөрөнгө оруулалт 2011 онд 10 хувь байсан бол 2020 онд 18.7 хувь болж өсжээ. Камоа-Какула уул уурхайн төсөл нь Африкийн өмнөд хэсэгт Айвенхоу Майнз компанийн хэрэгжүүлж буй гурван төслийн нэг юм. Айвенхоу Монгол дахь Оюу Толгойн зэс-алтны уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлснийхээ дараа буюу 2003 онд Конгогийн Колвези хотын ойролцоох Камоа-Какула уурхайн хайгуулын эрхийг авч, 2008 онд зэсийн асар их нөөцтэйг нь олж тогтоосон юм.

Ирээдүйд дэлхийд тэргүүлэхүйц зэсийн уурхайны нэг болох Камоа-Какулаг Конгогийн  Засгийн газар 20, Айвенхоу Майнз 39.6, Зижин Майнинг 26.1, Ситик Металл 13.7 хувийг эзэмшдэг байна.  Хятадын Уул уурхайн эдийн засгийн хүрээлэнгийн ахлах судлаач Вү Юэ  “Хятад болон гадаадын уул уурхайн компаниудын хамтын ажиллагаа нь олон улсын гэрлэлт шиг соёл болоод үзэл баримтлалын асар том цоорхойтой" гэжээ. Уурхайн бүтээн байгуулалтын хоёрдугаар  шат  2021 оны эхний хагаст эхэлсэн бөгөөд 2022 оны гуравдугаар улиралд бүрэн ашиглалтад орох юм. Төслийг бүрэн дуусгахын тулд техникийн судалгаа, зураг төсөл,  бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг  Зижин констракшн, Хятадын төмөр зам зэрэг тус улсын томоохон бүтээн байгуулалтын компаниуд хамтран ажиллаж эхэлсэн байна. Төслийн хоёр дахь шатны зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлыг эцэслэн шийдвэрлэхдээ менежментийн баг барууны дизайны компанитай үргэлжлүүлэн ажиллах уу, эсвэл Зижиний өөрийн дизайны хүрээлэнг сонгох эсэхэд маргаан үүсээд байгаа аж.  Уг уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн үед БНХАУ-ын эрэлтийг бүрэн хангана гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(172.69.219.135) 2021 оны 09 сарын 08

xujaa odoi duuldexgyi ny dee

0  |  0
zochin(172.69.219.135) 2021 оны 09 сарын 08

xujaa odoi duuldexgyi ny dee

0  |  0
Top