Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д зочилж, Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Хелга Шмид-тэй уулзалт хийв.
Уулзалтын үеэр 10 гаруй жилийн өмнө Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол Улс ЕАБХАБ-д гишүүнээр элсэх шийдвэр гаргаж, энэ хүсэлтээ гишүүн орнуудад тавьж байсан бөгөөд одоо бүрэн эрх гишүүн нь болж хамтран ажиллаж байгаад УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв.
Хүний эрх, үндсэн эрх чөлөөг дээдэлсэн иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох бүх нийтийн зорилгод ЕАБХАБ тухайлбал, Ардчилсан институт, хүний эрхийн албатай өрнүүлж буй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж тухайлбал, өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан “Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдал”-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Монгол-ЕАБХАБ-ын хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Талууд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар мөн санал солилцов. Тухайлбал, ЕАБХАБ-ын бүс нутагт төдийгүй дэлхий нийтэд нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус байгууллага чухал үүрэгтэйг талууд дурдаж, мансууруулах бодисын хууль бус наймаа, авлига, терроризмтой тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлээр Монгол-ЕАБХАБ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдгээ талууд нотлов.
Түүнчлэн цахим болон цахим бус орчинд худал мэдээлэл түгээх, хүний нэр хүндийг гутаах, үзэн ядах үг хэллэг тараахтай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа талууд илэрхийлэв.
Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл ( 0 )