Э.Содномпилжээ: Ард түмнээ баярлуулахын тулд дараагийн тэмцээндээ хичээх болно

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Токио-2020  паралимпын наадамд оролцсон манай улсын тамирчид өчигдөр /2021.09.06/ эх орондоо ирсэн.

Энэ үеэр пауэрлифтингийн 107кг-ийн жинд аваргын алтан медалийг эх орондоо авч ирсэн МУГТ Э.Содномпилжээ сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр “Төр засагтаа баярлалаа. Биеийн тамир спорт хорооны хамт олон, Үндэсний шигшээ баг, Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд болон Сүлд спорт хорооны хамт олондоо бүгдэд нь баярлалаа. Мөн намайг дэмжсэн Монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ард түмнийхээ итгэлийг алдаагүйдээ сэтгэл өндөр байна. Талийгаач багшийнхаа гэрээслэлийг биелүүлсэндээ баяртай байна.

Зургадугаар сард ковидын халдвар аваад эдгэсэн. Үүнээс болоод бэлтгэл суларсан. Өөрийн эрхгүй ядарч хүч унадаг юм байна лээ. 250 кг-ийг өргөх сэтгэлзүйтэйгээр бэлтгэлээ сайн хийсэн юм.

Одоо дараагийн бэлтгэлдээ орно. Парисийн паралимпын наадам болоход гуравхан жилийн хугацаа байна.  Аравдугаар сараас эхлээд IPF-ийн дэлхийн аварга зохион байгуулагдана. Мөн он гараад томоохон тэмцээнүүд эхэлдэг.  

Амжилтаа ахиулах зорилготой байгаа. Ард түмнээ баярлуулахын тулд дараагийн тэмцээндээ хичээх болно.

Тамирчин хүний хувьд ар гэрийн асуудал маш чухал. Миний ар гэрийн амьдрал, бүхий л асуудлыг ээж маань хариуцдаг. Ард минь үргэлж бат зогсдог ээждээ маш их баярладаг. Ээжийгээ бага ч гэсэн баярлуулсандаа сэтгэл өндөр байна” хэмээлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top