Цэрэгжлийн спортын тэмцээн явагдаж байна

2021 оны 09 сарын 07

Зэвсэгт хүчний 2021 оны аварга шалгаруулах цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлага, туухай өргөлт, цэрэг спортын цогцолборын зуны олон төрөлт, саадын зурвасын тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа өчигдөр /2021/ Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Хужирбулан дахь сургалтын төвд боллоо.

Нээлтийн ёслолд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга, СБЗХ-ийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ болон тэмцээнд оролцогч нэгтгэл, ангиудын захирагч нар, баг тамирчид оролцлоо.

Тэмцээний нээлтийн үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний цэрэгжлийн спортын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудаас оролцогчдын тоо үлэмж нэмэгдэж, тэр ч чанараараа тэдний өрсөлдөх чадвар, тэмцээний явцад үзүүлж буй амжилт, эцсийн үр дүн нь улам бүр сайжирч, цэрэгжлийн спортын цол, зэрэгтнүүд шинээр төрсөөр байна. Энэ жилийн хувьд зохион байгуулж буй эдгээр уралдаан, тэмцээн нь өмнөх жилүүдийнхээс онцлогтой бөгөөд дэлхийн нийтийг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисны үндсэн дээр баг тамирчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, түүний зэрэгцээ уг тэмцээнд оролцогчдоос ихээхэн тэсвэр хатуужил, авхаалж самбаа, зориг тэвчээр, байнгын бэлтгэл сургуулилтыг шаардсан хүнд сорилтын үед зохион байгуулагдаж байна. Нөгөө талаас энэхүү тэмцээн нь Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ой зэрэг түүхэн тэмдэглэлт баяр тохиосон жил болж буй нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгох нь дамжиггүй биз ээ” гэдгийг онцолсон юм.

Энэхүү тэмцээнийг цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисны үндсэн дээр зохион байгуулж байгаа юм. Мөн туухай өргөлтийн тэмцээнийг Зэвсэгт хүчний хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулах ба энэ нь холбоо, мэдээллийн технологийн давуу байдлыг бүрэн ашиглах, цаашид энэ хэлбэрээр уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломжийг тодорхойлох өндөр ач холбогдолтой ажээ.

Тэмцээнд  оролцож буй тамирчдын дотор олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер болон дэд мастер тус бүр 10 гаруй, цэрэгжлийн спортын мастер 30 гаруй, цэрэгжлийн спортын зэрэгтэй тамирчин 50 орчим, тэрчлэн 20 гаруй түрүүч, байлдагч нар оролцож байгаа нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгоно хэмээн зохион байгуулагчид үнэлжээ.

Мэдээллийг: Хурандаа Б.ОТГОНБАЯР

Гэрэл зургийг: Ахлах ахлагч Г.БАТ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top