Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах ажлыг эрчимжүүлнэ

2021 оны 09 сарын 08

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдааны сайд А.А.Слепневтой есдүгээр сарын 6-ны өдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Худалдааны сайд А.А.Слепнев Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын тайлангийн төслийг боловсруулах ажлыг түргэтгэх саналтай буйгаа илэрхийлэв.

Хамтарсан судалгааны ажлын тайлангийн төслийг энэ оны 11 дүгээр сард эцэслэн, 12 дугаар сард болох Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад танилцуулж, албан ёсны хэлэлцээ эхлүүлэх эсэх талаар холбогдох шийдвэр гаргуулахаар төлөвлөж байгаагаа дурдав.

Элчин сайд Д.Даваа Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын тайлангийн төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж, зөвлөлдөх уулзалтуудын давтамжийг нэмэгдүүлэх боломжтойг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top