"Бээжин 2008" олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа өчигдөр МУИС-ийн харьяа Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийг Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр дүүргэж байгаа анхны төгсөгчдийн нэг болсон юм. Сонирхуулахад, тэрээр энэ сургуулийг төгсч буй хоёр дахь хөдөлмөрийи баатар гэнэ.
-Баяр хүргэе. Та хоёр дахь дээд сургуулиа дүүргэж байгаа байх аа?
-Тийм ээ. Би энэ сургуульд 2007 онд элссэн. Өнөөдөр сургуулийнхаа ромбо, дипломыг гардаж байгаадаа баяртай байна. 87 жилийн түүхтэй энэ сургууль анх Худалдааны техникум байснаа өргөжиж дээд сургууль болж, өнгөрсөн жилээс МУИС-ийн харьяа болсон. Би худалдааны байгууллага үүсч хөгжсөний 90 жил болоод олон түүхт ой давхацсан энэ жил сургуулиа амжилттай төгслөө. Бас нягтлан бодох бүртгэлийн анхны төгсөгч боллоо.
-Олимпийн эрх, сургуулиа төгсөх, дараа дараагийн тэмцээн гээд та амьсгаа нэлээд дээгүүр явсан. Ямар ч байсан ард нь гарчихлаа?
-Би өнгөрсөн тавдугаар сарын дундуур АНУ-д болсон Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэнээр олимпийн эрхээ авсан. Энэ миний оролцох тав дахь олимп. Германд болсон дэлхийн цомд оролцоод дөрөв хоногийн өмнө ирлээ. Энэ нь дэлхийн буудлагын холбооноос зохиож буй олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн байсан. Хэдийгээр эрхээ авчихсан ч гэсэн өөрийнхөө амжилтыг ахиулахын тулд өрсөлдлөө. Энэ удаад олимпод буудах шинэ буугаараа өрсөлдсөн. Манай тамирчдаас Ц.Мөнхзул маань олимпийн эрх авахад ойрхон байсан. Харамсалтай нь авч чадсангүй.
-Таны цэц мэргэнээ сорих дараагийн тэмцээн хаана болох вэ?
-Дэлхийд рейтенгээрээ эхний наймдугаарт бичигдсэн тамирчид дэлхийн цомын финальд өрсөлддөг уламжлалтай. Би энэ тэмцээний урилгаа дөнгөж хүлээж аваад байна. Мөн ирэх аравдугаар сард хийн бууны Азийн аваргад өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна даа.
-Буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /өчигдөр/ эхэлсэн. Та тэмцээндээ оролцоно биз дээ?
-Оролгүй яах вэ. Төгсөлт давхацсан учир нээлтэд очиж амжсангүй. Би мягмар, пүрэв гаригт буудна.
-Та Монголын төдийгүй дэлхийн шилдэг залуусын нэг. Залуустаа хандаж юу хэлэх бол?
-Миний амьдралд тавьсан зорилго спортод чиглэсэн байдаг. Хүн ямар ч салбарт ажиллаж болно. Хамгийн гол нь өмнөө тавьсан зорилгодоо үнэнч байж түүндээ хүрэхийн тулд өөрийгөө 100 хувь дайчилж чаддаг байх хэрэгтэй. Тиймээс үргэлж урагш тэмүүлж, тэмцэж байгаарай гэж хэлэх байна. Өөрийгөө дайчилж, хөдөлмөрлөж чадвал хожим хойно тэр бүхний үр шим гарна шүү дээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )