НИЙТЛЭЛ: Covid-19 вирусын гарал үүсэл

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 11

Сүүлийн үед, АНУ-ын тагнуулын байгууллагаас Covid-19 вирусын гарал үүслийн талаарх судалгааны тайлан гаргаж, Covid-19 вирус байгалиас үүсэлтэй эсвэл лабораториос алдагдсан гэх хоёр таамаглалыг үгүйсгэж болохгүй хэмээн үзэхийн зэрэгцээ Хятад улсыг олон улсын судалгааны ажилд саад хийж, мэдээллээ хуваалцахаас татгалзаж, бусад улс орныг буруутгаж байна хэмээн гүжирдлээ. Мөн тухайн өдөр АНУ-ын Цагаан ордноос вирусын гарал үүслийн тайлангийн талаар мэдэгдэл гаргаж, Хятадын талыг гүжирдсэн дайралт хийж, зохих хүчийг цуглуулан Хятадын талд дарамт шахалт үзүүлэхээр санаархлаа. Энэхүү тайлан бол эхнээсээ эцсээ хүртэл улс төрийн тайлан, худал хуурмаг тайлан бөгөөд шинжлэх ухаанч бус, ямар ч үндэслэлгүй тайлан юм. Хятадын тал үүнийг тууштай эсэргүүцэж, хүчтэй буруушааж байна.

 

Covid-19 вирусын гарал үүслийг тогтоох асуудал нь шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудал бөгөөд зайлшгүй олон улсын эрдэмтэд хамтарсан судалгаа хийх нь зүйтэй. АНУ шинжлэх ухаан болон бодит байдлыг үл хайхран, улс төрийн, тагнуулын ажиллагаанд хэт автаад байна. АНУ-ын тагнуулын байгууллага цөөнгүй “шилдэг ажиллагаа” явуулж байсан түүх бий. Тэд өмнө нь жижиг савтай угаалгын нунтагийг Иракийн үй олноор хөнөөх зэвсгийн баримт болгож байсан. Тэд мөн “цагаан дуулгатнууд” байгууллагыг өөрсдөө байгуулан “Сирийн химийн зэвсгийн дайралт” гэгч бичлэгийг зохиомлоор хийж байсан. Өдгөө АНУ хуучны башир аргаа дахин хэрэглэж, тагнуулын байгууллагынхаа нэрээр вирусын гарал үүслийн талаар зохиомол тайлан гаргаж байгаа нь вирусын гарал үүслийн асуудлыг улс төржүүлж байгаа хөдөлшгүй нотолгоо болж байна. АНУ үнэнд тулгуурласан ямар ч баримт гаргаж ирж чадахгүй байж удаа дараа худал хуурмагийг зохиож, Хятад улсыг харлуулан буруутгаж байна. Тэд вирусын гарал үүслийн асуудлаар шалтаглан буруугаа Хятад улсад “тохож”, хариуцлагаас зугтаж, улс төрийн вирус тараах гэсэн ганц л зорилготой.

 

АНУ вирусын гарал үүслийн асуудалд Хятад улсыг ил тод бус, нийцэж ажиллаагүй хэмээн буруутгаж байгаа нь зөв бурууг хутгасан, мэдсээр байж худал ярьж буй хэрэг юм. Цар тахал дэгдсэний дараа Хятад улс нэн даруй цар тахлын талаар мэдээллэж, вирусын геномын дараалал зэрэг чухал мэдээллүүдийг цаг тухайд нь зарласан. Хятад улс вирусын гарал үүслийн талаарх олон улсын шинжлэх ухаанч хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцдог. Шинжлэх ухаанч, нээлттэй, ил тод зарчмыг баримтлан ДЭМБ-ын мэргэжилтнүүдийг хоёр удаа Хятадад урьж авчран вирусын гарал үүслийн талаар судалгаа хийсэн. Энэ оны эхэнд, олон улсын болон Хятадын нэр хүндтэй мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг Хятад улсад 28 өдрийн хугацаатай судалгаа, шинжилгээ хийж, Хятад-ДЭМБ-ын вирусын гарал үүслийн талаарх хамтарсан судалгааны тайланг гаргаж, нэр нөлөөтэй, мэргэжлийн, шинжлэх ухааны дүгнэлтэд хүрч, олон улсын вирусын гарал үүслийн хамтын ажиллагаанд сайн суурь тавьж өгсөн. Бид вирусын гарал үүслийн шинжлэх ухаанч ажлыг ямагт дэмжиж, цаашид ч мөн идэвхтэй оролцох болно. Бид мөн вирусын гарал үүслийн асуудлыг улс төржүүлэхийг тууштай эсэргүүцнэ.  

 

Вирусын гарал үүслийн асуудалд ил тод бус, хариуцлагагүй, хамтарч ажиллаагүй нь АНУ юм. АНУ-ын дор хаяж таван мужийн Covid-19 халдвар тархсан байдал АНУ-ын анхны батлагдсан тохиолдлоо мэдээлсэн хугацаанаас эрт байна. АНУ-ын хэвлэл мэдээллээр АНУ-ын Covid-19 вирусээр нас барсан анхны тохиолдол 2020 оны эхээр бүртгэгдсэн гэж мэдээлсэн нь тус улсын албаныхны тогтоосон 2 сарын эхээр гэсэн хугацаанаас хэдэн долоо хоногийн өмнө байна. АНУ одоог хүртэл  Форт Детрик биологийн лаборатори, Хойд Каролинагийн их сургууль болон АНУ-ын хилийн чанад дахь 200 гаруй биологийн туршилтын баазын талаарх олон улсын нийгэмлэгийн үндэслэлтэй эргэлзээнд хариулахаас татгалзаж байна. АНУ өөрийн улсын лабораторийн нөхцөл байдлыг шалгаж зарлахгүй байж бусдыг гүжирдэн, үнэнийг дарагдуулж, хариуцлагаас зугтахаар санаархаж байна. Вирусын гарал үүслийн хамтын ажиллагаанд “гэрлийн сүүдэрт нуугдсан” зүйл байх ёсгүй. АНУ вирусын гарал үүслийн сохор бүс болж болохгүй ба дэлхий нийтэд тайлбар өгөх үүрэг, хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Хятадын тал 《Форт Детрик биологийн лабораторийн талаарх эргэлзээ》,《Хойд Каролинагийн их сургуулийн Барикийн багийн титэмт вирусын судалгааны нөхцөл байдал》 гэсэн хоёр баримт бичиг болон Форт Детрик лабораторийг шалгуулахыг шаардсан Global Times сайтын нээлттэй захидлыг ДЭМБ-д хүргүүлсэн. Хэрвээ АНУ вирус лабораториос тарсан хэмээх таамаглалыг баримталсаар байвал эхлээд ДЭМБ-аар Форт Детрик бааз, Хойд Каролинагийн их сургууль зэрэг газарт вирусын гарал үүслийн судалгаа хийлгэх хэрэгтэй.

 

АНУ-ын вирусын гарал үүслийн асуудлыг хөөрөгдүүлж байгаа явдал болон улс төрийн ажиллагаа явуулж байгаа нь хүмүүсийн дэмжлэгийг авалгүй олон улсын нийгэмлэгийн нийтлэг эсэргүүцэлтэй тулгараад байгаа. 80 гаруй улс орон ДЭМБ-ын Ерөнхий захиралд захидал илгээх, мэдэгдэл гаргах, ноот бичиг илгээх зэрэг арга замаар вирусын гарал үүслийн асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцэж, Хятад-ДЭМБ-ын хамтарсан судалгааны тайланг хамгаалахыг шаардсан. 100 гаруй улс орон, бүс нутгийн 300 гаруй улс төрийн нам, нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид ДЭМБ-ын Нарийн бичгийн газарт вирусын гарал үүслийн асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцсэн хамтарсан мэдэгдэл хүргүүлсэн. Хятадын 25 сая гаруй интернэт хэрэглэгчид нээлттэй захидалд гарын үсэг зурж, АНУ-ын цэргийн Форт Детрик баазад шалгалт хийхийг шаардсан. Энэ бүхэн хүмүүсийн шударга ёсны дуу хоолойны тусгал болж байна.

 

Хятад улсын вирусын гарал үүслийн талаарх байр суурь тууштай бөгөөд тодорхой байгаа. Вирусын гарал үүслийн асуудал нь шинжлэх ухааны асуудал. Хятад улс вирусын гарал үүслийн шинжлэх ухааны судалгааг ямагт дэмжиж, цаашид ч мөн идэвхтэй оролцох болно. Хятад улс улс төрийн тоглолт явуулах, таамаглалд үндэслэн буруутгах,  бусдад хэрэг тохохыг эсэргүүцэж байна. Вирусын гарал үүслийн хоёр дахь шатны судалгаа нэгдүгээр шатны судалгаанд үндэслэн цогцоор үргэлжилж, дэлхийн олон орны олон газарт вирусын гарал үүслийн судалгаа явуулж байж үнэн бодит хариултыг олох болно. Бүх талууд АНУ-ын тагнуулын байгууллагын гаргасан вирусын гарал үүслийн талаарх тайлан гэгчийн цаад улс төрийн зорилгыг бүрэн гүйцэд ойлгож, вирусын гарал үүслийн шинжлэх ухаанч судалгаа болон энэ асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцсэн бодит шударга байр суурийг баримталж, вирусын гарал үүслийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагааны нөхцөл байдлыг муутгах хийгээд цар тахалтай тэмцэх дэлхий нийтийн эв нэгдлийг сүйтгэх үйлдлийг эсэргүүцэж, олон улсын нийгэмлэгийг вирусын гарал үүслийн шинжлэх ухааны судалгаа, цар тахалтай хамтран тэмцэх зөв замд буцаж ороход дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Нийтлэлийг: Цай Вэньруй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.27.235) 2021 оны 09 сарын 12

labotoos garsan uen bainalda,tsaana yamar aimar yumnuud dahij garah boloo,anh medeelsen hongkong elch uchir bituuleg aluulsan,survajlagch geed mash olon barimtuud baigaadaa,wuhani virusiin tsergiin nuuts labortory geed

1  |  0
Top