Эрхүүгээс Казачинское руу хөөрсөн зорчигч тээврийн L-410 онгоц ойд осолдож, 4 хүн амиа алджээ.
Онгоцонд 14 зорчигч, 2 нисгэгч байсан аж. Манан ихтэй байгаагаас болж аврагч нар онгоцыг олох гэж уджээ. Дөрвөн хүн онгоцноос гарч чадсан бол бусад нь онгоцон дотор гацсан байсан гэнэ.
Амиа алдсан хүмүүс нь гурван зорчигч, нэг нисгэгч аж. Онгоцны нөгөө нисгэгч Николай Махнутин нь шокийн байдалтай байгаа бөгөөд “Бид өндрөө авахдаа толгод шүргэсэн” гэж ярьжээ.
Нисэхийн аюулгүй байдлын дүрэм зөрчигдсөнөөс болж онгоц сүйрсэн гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Онгоцны нэг хар хайрцгийг олжээ.
Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев амиа алдагсдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, есдүгээр сарын 15-ны өдрийг тус мужийн нутаг дэвсгэрт гашуудлын өдөр болгох тушаал гаргасан байна.
L-410 онгоцны ослоор амиа алдагсдын гэр бүлд 1 сая рубль, хүнд гэмтэл авсан хүмүүст 500 мянган рубль, дунд зэргийн гэмтсэн хүмүүст 250 мянган рубль, хөнгөн бэртсэн хүмүүст 100 мянган рублийн нөхөн олговор өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )