Улсын баяр наадам ойртох бүр хүн бүхэнд энэ жилийн наадам ямар болох бол гэсэн битүүхэн хүлээлт үүсээд байна. Саяхан болж өнгөрсөн Монгол улсад өмч хувьчлал эхэлсний 20, Төрийн өмчийн хороо байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж шимтэн үзсэн төдийгүй аав Долгорсүрэн, ах Сумъяабазар, дүү Сэржбүдээ нарынхаа хамт бие халаалт хийхээр өөрийн амралтын газар гарчихаад байгаа нь бөх сонирхогчдын дунд “Дагвадорж барилдаж магадгүй” гэсэн горьдлогыг төрүүлээд байна. “Тавган дээр хоёр мантуу зодолдоно” хэмээн хошигнодог байсан сумогийн ертөнцөд Монгол эр хүний бяр чадал, уран мэхийг уралдуулан хийж нэг хэсэг Монголд төдийгүй дэлхийд гайхуулаад байсан аварга маань үндэсний бөхөөрөө барилдаж наадамчин олноо баярлуулахыг хэн байг гэхэв. Энэ жилийн улсын баяр наадмын хувьд Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой гээд олон түүхт баяр давхцаж байгаа. Жирийн бус олон сайхан тэгш ой давхцсан энэ наадмаар Монголчуудын 44 жил хүлээсэн Олимпийн алтан медалийг эх орондоо авчирсэн Н.Түвшинбаяр зодоглохоор болсон. Дээрээс нь Долгорсүрэн зааны гэр бүлийн дөрвөн хүчтэн наадмын дэвжээнээ зодоглох аваас баяр дээр баяр нэмэх нь гарцаагүй. Үзэгчгүй шахам болчихоод байсан Японы сумог дэлхий нийтийн сонирхлыг татахад голлох үүрэг гүйцэтгэсэн их аварга Д.Дагвадоржийг зодгоо тайлсанаас хойш Монголчуудын бараг тал хувь нь сумог тэгтлээ сонирхохоо больсон нь нууц биш. Их аваргыг үндэсний бөхөөр барилдаад эхэлбэл Монгол түмнээс гадна дэлхий нийт манай үндэсний бөхийг сонирхох нь гарцаагүй. Аварга минь ард түмэн чинь барилдахыг чинь хүлээж байна. Ард чинь биш өмнө чинь олон олон спортын амжилтууд хүлээж байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )