“Ээж ээ, би том болоод ямар мэргэжилтэй болно гээч. Лав л УИХ-ын гишүүн болохгүй. Хэцүү байх. Харин би том болоод зохион бүтээгч болно. Тэгээд робот бүтээнэ. Бүр сансрын хөлөг бүтээгээд, таныг суулгасан ч чадна”
Аравхан настай хирнээ хэрсүү, хэвлүүхэн яриатай, хөөрхөн хүүг Б.Бэрх гэдэг.
Б.Бэрх Сүхбаатарын талбайд болсон номын баярт өөрийн бичсэн “Бэрхийн яриа” номоор оролцсон бөгөөд энэ удаагийн номын баярын хамгийн бяцхан зохиолч байсан юм.
Үе тэнгийнхэндээ үлгэр дууриал, эрдэм сурч, зөв хүмүүжихийн эерэг, зөв замыг заахад тусалж буй бяцхан зохиолч хүүтэй цөөн хором ярилцлаа. Та түүний ярилцлагыг хүүхдэдээ уншиж өгөн, номыг нь бас худалдан авч, хөвгүүд, охиддоо зориулаарай.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахыг хүсэж байна?
-Намайг Баатархуягийн Бэрх гэдэг. Би 10 настай. Нийслэлийн ерөнхий боловсролын 93-р сургуульд сурдаг.
-Ийм жаахан мөртөө өөрөө ном бичээд, номын баярт оролцож байгаад нь баяр хүргэе. Бахархаж байна?
-Миний амьдралд хөгжилтэй зүйлс их болдог. Тэр бүгдийгээ энэ номондоо бичиж үлдээхийг хүссэн юм. Хорвоод мэндэлсэн цагаасаа эхлээд өдийг хүртэлх хугацаанд надад тохиолдсон бүх хөгжилтэй бас гунигтай дурсамжаа зургийн хамт оруулсан. Өөрийн зурсан зургуудыг ч хавсаргасан байгаа. Зарим нууцуудаа ч бас хуваалцсан (Инээв).
-Номоо хэзээ бичиж эхэлсэн бэ. Ямар хугацаа зарцуулсан бол?
-Хоёр жил орчмын өмнөөс бичиж эхэлсэн. Ээжтэйгээ ярихдаа ямар ч айдасгүйгээр бүх зүйлээ ярьдаг болохоор миний ярьсан болгоныг ээж маань цээжлээд авчихсан байсан. Тэгээд л ээжтэйгээ ярилцаж байгаад хамтдаа бичсэн юм.
-Ном бичихэд хэцүү санагдсан зүйл тохиолдож байсан уу?
-Бичих зүйл их байсан болохоор гар их хөшдөг юм байна лээ. Хамгийн хэцүү нь энэ байсан. Бас номондоо хөгжилтэй түүх олныг оруулахын тулд илүү адал явдалтай байх хэрэгтэй болсон. Түүний тулд ууланд гарах, аялалд явах хэрэгтэй болсон. Энэ мэтчилэн хүндхэн зүйл зөндөө гарсан.
-Найзууд нь, үе тэнгийнхэн нь чиний номоос юуг ойлгох хэрэгтэй вэ?
-Хүүхдүүд хүнтэй харилцахаас айгаад байдаг. Айх зүйлгүйгээр бодож байгаа бүхнээ томчуудтай хуваалцахад миний ном тусална. Тийм болохоор найзууддаа хандаж айх зүйлгүйгээр бусадтай ярилцаж байгаарай гэж хэлье.
Харин аав, ээжүүдэд хандаж хэлэхэд, хүүхдээ битгий загнаарай. Ярьж, хэлж байгаа бүхнийг нь төвөгшөөхгүйгээр сонсож, дотоод ертөнцтэй нь танилцаарай гэж хэлмээр байна.
-Номын үзэсгэлэн, худалдаа 3 өдөр үргэлжиллээ. Чи өдөр бүр л энд ирж байсан. Номын борлуулалт нь хэр байсан бол. Хүмүүс их ирсэн үү?
-Одоогоор хэчнээн ном зарснаа сайн мэдэхгүй байна. Тооцоо гаргаагүй байгаа (Инээв). Гэхдээ үеийн найзууд маань болон маш олон ээжүүд ирж, ном авсан. Миний номыг авсан ээжүүддээ баярлалаа. Үеийн найзууд, ах эгч, дүү нартаа баярлалаа. Надад их урам өгсөн. Харин аав нар бараг ном авахгүй байгаа. Арай цөөн.
-Ном бичих нь чиний маш том хөдөлмөр. Номоо борлуулж, олсон мөнгөөрөө юу хийх вэ? Төлөвлөж амжсан уу?
-Хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлсийн аянд зарцуулна гэж бодож байгаа.
-Дахиад ном бичих тухай бодож байгаа юу?
-Дахиад ном гаргана. Гэхдээ ямар сэдвээр бичихээ төлөвлөөгүй байгаа. Ээж, аавтайгаа ярилцаж байгаад шийднэ.
-Номын баяр ингээд дуусаж байна. Номыг нь авч амжаагүй уншигчид маань хаанаас авах вэ?
-Ном маань өнөөдрөөс Интерном, Азхур, Мир номын дэлгүүрүүдэд хүргэгдэж байгаа. Мөн Модны 2-ын "Оймон" төвийн 903 тоотоос ирж авч болно. Харин орон нутгийн найзууд маань 91590209 дугаар руу холбогдоод захиалах боломжтой шүү.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье, чи мундаг хүү байна.
-Баярлалаа, танд.
Сэтгэгдэл ( 0 )