Номын баяр үндэсний хэмжээний баяр болоод удаж буй. Энэ намар 30 дахь удаагийн нээлтээ хийж УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Номын баярт дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог. Энэ жилийн намрын номын баяр энэ сарын 17-19-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар өргөн дэлгэр болж өндөрлөв. Гурван өдөр үргэлжилсэн номын баяр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн ажиллалаа.
УТГА ЗОХИОЛ ШҮҮМЖЛЭЛИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛД АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Номын нээлтэнд Улсын Их Хурлын Гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлого асуудал хариуцсан орлогч дарга Ж.Сандагсүрэн, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, “Төрийн соёрхолт” Урлаг, Соёл судлаач, зохиолч Ц.Санчир, “Номын соёлт ертөнц” ТББ-н тэргүүн Б.Сувд нар үг хэллээ.
Соёлын дэд сайд М.Батбаяр "Үндэсний бичиг соёл, ном хэвлэл бол салшгүй үнэт зүйл. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш ном хэвлэлийн бодлогыг тэргүүн чиглэлээ болгож, ном хэвлэлийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байгаа. Үндэсний бичиг соёлоо бүх нийтийн үйл хэрэг болгох зорилгоор “Хос бичигтэн” хөтөлбөрийг эхлүүлсэн. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш ном хэвлэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж, ном хэвлэлийг НӨАТ-аас чөлөөлөх асуудлаар судалгаа хийж, баримт бичиг боловсруулж байна. Мөн хүүхдэд зориулсан номын стандарт боловсруулж, утга зохиолын агуулга чанарыг сайжруулахын тулд утга зохиол шүүмжлэлийг сайжруулах чиглэлд анхааран ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан утга зохиолын улсын уралдааныг мөн зарласан байгаа. Үүн дотор утга зохиол шүүмжлэл томоохон орон зай эзэлж байна. Номын баярыг олон жил зохион байгуулж байгаа зохион байгуулагчид, ном хэвлэлийн зохиолч, хэвлэн нийтлэгч, түгээн дэлгэрүүлэгч Та бүхэнд номын баярын мэнд хүргэе” гэлээ.
Соёлын дэд сайд М.Батбаяр 30 дахь удаагийн номын баярт оролцож буй Монголын зохиолчдын эвлэлийн төлөөлөлтэй уулзаж Соёлын яамнаас хэрэгжүүлж буй үндэсний бичиг үсэг, ном хэвлэлийн стандартын асуудлаар санал солилцсон юм. Энэ үеэр “Номын Соёлт Ертөнц” ТББ-ын хөтөлбөр, зохион байгуулалт хариуцсан зохицуулагч Б.Батдулам Нийслэлийн хүндэт иргэн шагналаар, Номын клубийн багш Н.Адъяа -г “Жуух бичиг”-ээр, бичиг хэргийн ажилтан Б.Цэлмэг, гишүүн Б.Мичидмаа нарыг хөдөлмөрийн алдар шагналаар тус тус шагналаа. Мөн тэргүүний уншигч Нацагдорж тэмдэгтэн шагналаар “Номын ертөнц клуб”-ийн сурагч Т.Номин, Ч.Зандангарав, Х.Энэрэл, Б.Хаянгирваа, Б.Батцэцэг нарыг тус тус шагнасан юм. Нээлтийг Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Монгол дээл” дуугаар мялаалга өргөж шинэ номын танилцуулгыг үндэсний хувцасны “Uzemj” fashion house, Хатун төвийн загвар өмсөгчид дээжлэн өргөж толилуулсан юм.
Үндэсний төв номын сангийн түүхт 100 жилийн ойд зориулж нэн эртний ховор судар шашдирыг дэлгэн үзүүлэв. Он жилийн уртад онгож гандсан ховор судрыг Сүхбаатарын талбайг нар зөв тойруулж, ард түмэндээ адис хүртээв. Тус музейн захирал Б.Ичинхорлоо номын баярт хуран чуулсан уншигч олонд мэндчилгээ дэвшүүлж, өөрийн номын сангийн гэр музейдээ урин залсан юм.
ЯРУУ НАЙРАГЧ Б.ГАЛСАНСҮХ, Б.ОДГЭРЭЛ НАР ШИНЭ НОМОО ДЭЛГЭЛЭЭ
Номын баяраар бүх ном 10-60 хувь хямдардаг бөгөөд цоо шинэ болон олдоц муутай ховор номуудыг ч нэг дороос авах боломж ийнхүү бүрдэж буй юм. Богц дүүрэн ном үүрээд нүүр дүүрэн инээмсэглэн яваа залуусыг харахад залуу хойч маань оюуны гэгээтэй болжээ гэсэн бахархал төрнө. Өргөө цагаан асруудад өнгө өнгийн ном хараа булааж, зохиолч уншигчид хөөр баяраар цалгиж байв.
Зохиолчдоос Ардын уран зохиолч П.Бадарч гуай, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав, Ж.Нэргүй Болор цомын эзэн Б.Галсансүх, яруу найрагч Б.Одгэрэл, Б.Сарантуяа, Б.Шүүдэрцэцэг, , Б.Сарантуяа гээд олон ч зохиолчид мутрын үсэгтэй номоо худалдаалж байлаа. Түүн дундаас Б.Галсансүхийн хар, улаан номууд, Б.Одгэрэлийн “Үл таних зочин” номууд хамгийн эрэлттэй нь байсан бөгөөд залуу найрагчид, уншигчид тэдний асрыг бүчжээ.
"Аз хур", "Интерном", "Мон судар", “Жи ком”, “Өнгөт хэвлэл” зэрэг томоохон хэвлэлийн газрууд оролцож, өөрийн хэвлэсэн орчуулгын болон төрөл бүрийн номуудаа 30-50 хувь хямдруулжээ. “Мон судар” хэвлэлийн газраас “Утга соёл” цуврал багцаараа 177 мянгаас -126 мянган төгрөг болж хямдарчээ. Үүнд тууль, оньсого, домог, үлгэр, ертөнцийн гурав, аман наадгай, ерөөл магтаал, зан үйл зэрэг багцууд багтана. Дээрх номууд өв уламжлалдаа хайртай хүний харааг эрхгүй булаана. Мөн хэвлэлийн газраас “Монгол хэл соёл” цуврал багцаараа 296 мянгаас 204 мянган төгрөг болж хямдарчээ. Үүнд Монгол хэлний тайлбар толь, өвөрмөц хэлцийн толь, хэвшмэл хэлцийн толь, зөв бичих зүйн толь, хоршоо үгийн толь, хуучин үгийн толь, харь үгийн толь, шинэ үгийн толь, иж үгийн толь багтжээ.
Эх хэлээрээ зөв ярьж, зөв бичихийн утгыг таниулсан энэхүү номыг залуус их уншаасай гэж бодогдов. Ховор хуучин номын худалдааны худалдагч бүсгүй “Манай асарт нүдний гэм болж ховордсон хуучин номууд худалдаалдаг болохоор зорьж ирдэг хүмүүс их. Олон жил хайсан эрснээ олоод нүдэнд нь гэрэл асаж байгаа залуусыг хараад маш их баярладаг” гэв. Оюутан байрын охид нийлээд асраас асарт ном шохоорхон явах аж. Тэдний нэг н.Энхжин “Би энэ жил оюутан болсон. Хөдөө сурагч байхдаа үргэлж номыг нь уншдаг байсан хүндэлж дээдэлж явдаг зохиолчидтойгоо уулзаж гарын үсэгтэй номыг нь худалдаж авлаа. Энэ баяр долоо хоног үргэлжилбэл гоё доо“ гэж догдлон өгүүллээ. Охины “шүтээн” Ардын уран зохиолч, Соёлын гавьяатууд “Номыг дээдэлдэг хүн сэтгэлдээ хэзээ ч хир буртагтай байдаггүй юм. Номыг хойморьтоо залсан айл өнөд өөдлөн дэвжихийн заяатай байдаг юм” хэмээн үнэтэй сургаалиа айлдаж байлаа.
"Анжуна бүүк арт"-ын асраар “Нил ягаан нууц”, “Амьдрахуй”, “Сайн уу, гуниг минь”, “Хаана ч байсан хэрхэн Парис жүжиг шиг байх вэ” гэдэг номнууд дэлгээтэй байсан бол “Тагтаа” паблишны асраар “Зүрхэнд агч намур”, “Хориотой урлан”, “Эх орон чинь дуудаж байна”, “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” зэрэг шинэхэн ном хорхой асаана. Гурван өдөр үргэлжилсэн номын баяр ийнхүү дуутай хууртай, олзтой омогтой болж, хүн бүр бүтэн жилийнхээ үүцийг зэхэж авсан нь дамжиггүй.
А.СҮЛЕНА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )