БНХАУ-ын “Шэньжөү-12” сансрын хөлгийн буцах бүхээг өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдрийн 13 цаг 34 минутад Дүн Фэн хиймэл дагуул хүлээн авах талбайд амжилттай газарджээ. Эх дэлхийдээ ирсэн “Шэньжөү-12” сансрын хөлгийн багийн Ниэ Хайшэнь, Лю Боминь, Тан Хунбо нарын биеийн байдал хэвийн сайн байна гэдгийг албаны хүмүүс мэдээлэв. Энэ удаагийн буулт Хятадын сансрын станцаас эх дэлхий рүү анх удаа хүн тээвэрлэсэн амжилттай газардалт гэдгээрээ онцлог юм.
“Шэньжөү-12” сансрын хөлгийн баг энэ сарын 16-ны 8 цаг 56 минутад сансрын өртөөнөөс салж, дараа нь дэлхийг тойрон эргэж, агаар мандлыг туулах гэх мэт шат дамжлагаар эх газар руу амжилттай буцаж иржээ.
Дашрамд, “Шэньжөү-12” сансрын хөлгийн баг зургадугаар сарын 17-ны 9 цагт Жю Чуаний хиймэл дагуулын төвөөс хөөрсөн. Сансрын хөлгийн багт томилогдсон Ниэ Хайшэнь, Лю Боминь, Тан Хунбо нарын 46-56 насны гурван нисгэгч үүрэг гүйцэтгэхээр явсан. Багийн ахлагч Ниэ Хайшэнийн хувьд энэ нь гурав дахь удаагийн нислэг бөгөөд тэрбээр өмнө нь “Шэньжөү-6” болон “Шэньжөү-10” сансрын хөлгийг жолоодож байсан туршлагатай. Харин Лю Боминь нь “Шэньжөү-7” хөлгийг жолоодож байсан туршлагатай юм. Тан Хунбо сансрын нислэгт анх орж байна. Тэд өнгөрсөн гурван сарын турш сансрын станц болон задгай сансарт ажилласан ба зургаан сарын 23-ний 9 цаг 30 минутад уг баг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд байрлах сансрын нислэгийн удирдлагын төвөөр холбогдон заавар чиглэл авч ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )