Тайз дэлгэцийн олон уран бүтээлд дүрээ мөнхөлж, олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй залуу жүжигчин Хүсэлбаатарын Баярмааг Zindaa.mn урьж, ярилцлаа. Түүнийг “Нинжин сэтгэл”, “Аюултай харилцаа”, “Замбуулин дуусах болоогүй” гэх мэт олон уран бүтээлээр нь үзэгч та бүхэн андахгүй биз ээ.
-Тоглосон олон уран бүтээлээр нь үзэгчид таныг мэдэх байх. Гэхдээ манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахыг хүсэж байна?
-Намайг Х.Баярмаа гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. АНУ-д кино зохиолч продюсер, найруулагч мэргэжлийг эзэмшсэн.
-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ. Аав, ээж нь урлагийн хүмүүс шүү дээ. Гэр бүлийнхэн нь нөлөөлсөн үү?
-Тийм ээ. Багаасаа л жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Ээж маань драмын театрт ажилладаг байлаа. Ажил дээр нь үргэлж очдог байсан юм. Урлагийн хүмүүсийн ажиллахыг харж өссөн болохоор гоё санагдаж, жүжигчний мэргэжил эзэмшихийг хүссэн. Одоо мөрөөдлөө дагаад явж байна.
-Гэр бүлийнхэн нь энэ мэргэжлийг сонгоход эхэндээ дургүй байсан гэсэн. Энэ мэргэжил их хэцүү юу?
-Хүн болгоны амьдрал уналт, босолттой байдаг. Дээшээ доошоо зүрхний цохилт шиг байдаг. Үргэлж дардан замаар явдаг хүн гэж байхгүй байх. Хүн л юм хойно хэцүү зүйл тохиолдоно. Тэр бүгдийг давж гарна.
Миний хувьд хамгийн хэцүү байсан үе гэвэл хүний нутагт очоод сургуульд сурах хэцүү байсан. Таван жил тэнд ганцаараа сурсан. Тэр үед гэрээ санах, ганцаардах гэх мэт хэцүү зүйл маш их тохиолдож байсан. Энэ бүгдийг даваад гарсны дараа үргэлж сайхан зүйлүүд тохиолддог. Өөрийгөө тэвчээр их сурсан болов уу гэж боддог.
Аливаа нэг уран бүтээл эхлэхэд дандаа сорилт гарч ирдэг. Сургуулиа дөнгөж төгсөөд “Замбуулин дуусах болоогүй” гээд олон ангит кинонд тоглож байсан. Өвөл хүйтэнд зураг авалттай. Би 1000 гаруй сцентэй байсан. Хүйтэнд маш урт хугацаанд үргэлжилсэн. Тэр хамгийн хэцүү ажил байсан.
Сүүлд “Бурхны авралаар чи ирлээ” гээд нэвтрүүлэгт ажилласан. Энэ тайзны шууд нэвтрүүлэгт таван сарын туршид багаараа хамтдаа ажилласан. Таван сарын туршид ах нараасаа, найзуудаасаа маш их зүйл сурч авсан. Ажиллагаа ихтэй байсан. Гэхдээ энэ бүхнийг давж гараад сүүлд нь бодоход дурсамжтай, сайхан үе байсан.
-Тоглож байсан уран бүтээлүүдээс нь хамгийн хайртай дүр нь ямар дүр вэ?
-Жүжигчин хүнд дүр авна гэдэг хамгийн том шагнал байдаг. Тэр дундаа тайзны уран бүтээлд тоглоно гэдэг маш том шагнал. Нөгөө талаараа тайз жүжигчдийн шандсыг шалгадаг. Миний хувьд тайзны бүтээлд ажиллана гэдэг нь маш том сорил байдаг. Ажиллаж байсан дүр бүхэндээ хайртай, дуртай. Өөрөө дурлаж сонгосон болохоор ажлаа хийхдээ үргэлж жаргалтай байдаг.
-Ээжтэйгээ найз шиг байдаг гэсэн. Ижил мэргэжилтэй болохоор нэгнээ ойлгоод амар байдаг уу?
- Ээжтэйгээ нэг үеийн найз шиг л байдаг. Манай ээж их залуу сэтгэлгээтэй. Цаг үеэ мэдрээд тэгэх нь ч зөв гэж боддог.
Ээжээсээ их олон зүйлийг сурч авдаг. Ээжтэйгээ хамт олон уран бүтээлд тоглож байсан. Миний орж байгаа уран бүтээлүүдэд маш их зөвлөгөө өгдөг. Надад ч гэсэн асуух зүйл их байдаг. Та энэ дүрд тоглосон бол яах байсан бэ гэх мэт. Ээжийнхээ туршлагаас маш их зөвлөгөө авдаг.
Надад хамгийн их тус болдог. Өөртөө итгэх итгэлийг хамгийн их өгдөг хүн бол манай ээж. Бүх зүйл дээр үргэлж намайг дэмждэг.
Бид хоёр бие биенээсээ юу ч нуухгүй, илэн далангүй байдаг. Хэнд ч хэлдэггүй, бүр найзууддаа ч хэлдэггүй нууцаа ээжтэйгээ хуваалцдаг.
-Шүүмжлэлийг яаж хүлээж авдаг вэ?
-Шүүмжлүүлэхгүй байна гэж байхгүй. Уран бүтээлч хүн, ялангуяа олны нүдэн дээр байгаа хүмүүс үргэлж шүүмжлэл, магтаалыг хослуулж авч байдаг.
Дөнгөж уран бүтээлч болоод дэлхийн мисст ороод явж байхад шүүмжлэлд маш их өртдөг байсан. Тухайн үед бас адилхан л суралцаад явдаг байсан.
Шүүмжлэлийг маш зөв зүйл гэж би боддог. Хүнээс шүүмжлэл сонсож чаддаггүй хүн бол хөгжих гэхээс илүү биеэ тоох гээд байгаа юм шиг санагддаг. Манай багшийн хэлсэн үг байдаг. Хүн биеэ тоож эхэлсэн цагаасаа эхлэн уруудаж байдаг. Тийм учраас үргэлж өөрийгөө болоогүй байна, Надад илүү их боломж байгаа гэж харах хэрэгтэй. Би илүү хөгжих ёстой. Илүү олон зүйл сурах ёстой гэж бодож явах ёстой.
-Залуучуудад хандаж юу гэж хэлэхийг хүсэж байна вэ?
-Хүн үргэлж боломж дунд сэлж байдаг. Тиймээс залхуурахгүйгээр бүх зүйлийг боломж гэж хараарай. Олдсон боломжоо аль болох ашиглаад өөрийгөө сорьж байгаарай.
Одоо цагт гар утас компьютер тоглоом, шоу цэнгээн гээд л сатаарах зүйл ихтэй болчихсон. Залуу хүн болохоор иймэрхүү зүйлийг хийж болно. Гэхдээ хийж байгаа зүйлдээ төвлөрөөд, тууштай байх хэрэгтэй. Тууштай хичээж байгаа зүйл заавал үр дүнгээ өгнө. Тиймээс зогсолтгүй яваад л бай. Давж гарсан бэрхшээл бүрийн ард ямар нэгэн “цэцэгт нуга” тааралдана.
-Ярилцсанд баярлалаа.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )