"Жолоочийг өршөөх хууль 10 сарын 1-нээр дуусгавар болно"

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” хэмээн заасан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин, торгох шийтгэл хүлээсэн 2.8 сая хүний 66 тэрбум 517 сая төгрөгийн торгууль байгаа аж. Үүнээс 77.4 хувь буюу 2.29 сая иргэний 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгох шийтгэлийг биелүүлээгүй байна. Үүнтэй хобоотойгоор замын хөдөлгөөний зөрчлийн төлөлттэй холбоотой мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.


-Замын хөдөлгөөний зөрчилтэй холбоотой ташаа мэдээлэл их байна. Ямар хугацаанд гарсан замын хөдөлгөөний зөрчлүүдэд торгуулийн тал хувийг чөлөөлөх арга хэмжээ авч байгаа вэ?

-2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс энэ оны зургаадугаар сарын 24-ний хооронд бичигдсэн торгуульд өршөөл үзүүлэх хууль үйлчилж байгаа. Иргэд энэхүү торгуулийг аравдугаар сарын 1-ний дотор тушаах шаардлагатай. Аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх торгуулийг 50 хувь хөнгөлнө гэж бодож андуурал гараад байгаа учир үүнийг зөв ойлгох хэрэгтэй.

-Торгуулиа төлсөн ч гэсэн цахим системдээ төлөөгүй байдлаар харагдаж байгаа гэсэн иргэд байна. Үүнд системийн алдаа байна уу?

-Иргэд торгуулиа төлөхдөө нийтлэг алдаа их гаргаж байна. Энэ торгуулийг төлөхдөө төрийн сангийн 100000200000985 гэх дансанд тушаадаг. Зөрчил гаргасан жолоочид торгуулийн хуудсыг бэлэн бусаар хэвлэн гаргаж өгч байгаа. Энэ хуудас нь 16 оронтой, 31 цифрээр эхэлсэн тоотой. Иргэд банканд торгуулиа төлөх үедээ дээрх 16 оронг алдаж бичих тохиолдлууд их байна. Мөн бусдын машиныг жолоодож байхдаа гаргасан зөрчлийн торгуулийг төлөхдөө жолоодож явсан машин бус, өөрийн тээврийн хэрэгслийн машины дугаарыг оруулснаас үүдэж торгуулийн төлөлтөө хийсэн ч алдаа заасан тохиолдлууд бий. Тиймээс мэдээллээ үнэн зөв оруулж, сайтар нягтлах шаардлагатай байна.

-Цагдаагийн албан хаагчаар торгуулсан торгуулийг тушаахдаа адил дансанд хийх үү?

-Тээврийн хэрэгслийн торгууль, цагдаагийн албан хаагчийн торгууль нь хоёр өөр данстай. Цагдаагийн албан хаагчаар биетээр торгуулсан торгуулийн мөнгөн дүнг тушаахдаа 100200000952 гэсэн дансанд тушаах юм. Энэ хоёр дансны ялгааг ойлгоогүйн улмаас нэг дансанд бүх торгуулийг бөөндөж хийх асуудлууд гарсаар байна.

-Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөний зөрчилтэй хүмүүсийн хэдэн хувь нь торгуулиа төлсөн бэ?

-Өнөөдрийн байдлаар зөрчил үйлдсэн хүмүүсийн 22.6 хувь нь торгуулийнхаа 50 хувийг төлсөн байна. Энэ нь 39 тэрбум 412 сая төгрөгтэй тэнцэх мөнгөн дүн юм.

-Замын хөдөлгөөний зөрчлүүдээс хамгийн түгээмэл нь ямар зөрчлүүд байна вэ?

-Хамгийн их давтагдсан зөрчлүүд нь чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчих, түр буюу удаан хугацаагаар зогсохыг хориглосон газар зогссон, гэрлэн дохио зөрчсөн, хурд хэтрүүлсэн зөрчлүүд байнга гарч байна. Иргэд аравдугаар сарын 1-нээс өмнө замын хөдөлгөөний зөрчлийн торгуулиа барагдуулж дуусгах хэрэгтэй. Хэрэв энэ хугацаа өнгөрвөл 50 хувийг чөлөөлөхгүй болохыг анхааруулж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Н.Анужин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ббб(203.91.119.147) 2021 оны 09 сарын 27

10\\1 нээс өмнө бүх торгуулиа төл гэхийн, Бүгдийг нь төлчхөөр улс 50 хувийг яаж хөнгөлөх болж байна ойлгохгүйн байна\n

0  |  0
Top