ОХУ-ын нийслэлд болж буй Армийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий медалийн эзэд тодорсоор байна.
Манай тамирчдаас “Алдар” спорт хорооны тамирчид болох Хархүүгийн Энх-Амар, Хархүүгийн Энхмандах нар өнөөдөр /2021.09.24/ мөнгөн медалийн төлөө Москвагийн ринг дээр тулалдана.
Х.Энх-Амарын төрсөн дүү ОУХМ Х.Энхмандах эрэгтэйчүүдийн 52 кг-д хүрэл медалийн төлөө Азербайжаны боксчин Масуд Юсифзадаг ялж медалийн болзол хангасан бол ах Х.Энх-Амар нь 56 кг жинд Замби улсын тамирчин Эверисто Муленког ялж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй болсон юм.
Сонирхуулахад, ОУХМ Х.Энх-Амарын эхнэр буюу эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөж байгаа ОУХМ Т.Болортуул Беларусийн Галина Бруевичтай тулалдаж, ялснаар мөнгөн медалийн болзлоо хангасан. Манай тамирчин маргааш армийн дэлхийн аваргын төлөө ОХУ-ын Гавьяат тамирчин Дарья Абрамоватай тулалдана.
Ийнхүү “Алдар” спорт хорооны гавьяат дасгалжуулагч А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр нарын шавь болох Х.Энх-Амар (нөхөр), Т.Болортуул (эхнэр), Х.Энхмандах (дүү) гэсэн нэг гэр бүлийн боксчид Армийн ДАШТ-ий медалийн болзол хангаад байна.
Сэтгэгдэл ( 0 )