Жил гаруйн өмнө “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйлээр гэмт хэрэгт холбогдуулан 6.2 жил, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ялыг шүүхээр тогтоосон байдаг. Ямар учраас хэрхэн ял оногдуулсан болон “Зөв амьдрах ухаан” ТББ-ын үйл ажиллагаа хэрхэн явж байгаа, Г.Загдаагийн биеийн байдал ямар байгаа талаар Г.Загдаагийн эхнэр Г.Амарсайхантай ярилцлаа. Тэрбээр долоодугаар сарын 9-нд Өршөөлийн хуульд хамрагдаж хорих ангиас суллагдсан юм.
-Шүүхээс таны нөхөр Г.Загдааг хүчингийн гэмт хэрэгт холбогдуулж 6.2 жилийн хорих ял, танд нэг жилийн хорих ял ногдуулсан байдаг. Хорих ялыг хэрхэн эдэлсэн бэ. Таны хувьд Өршөөлийн хуульд хамрагдсан уу?
-Хамтарч, бүлэглэж хэмээн тодотгоод нөхөр, бид хоёр нэг шүүхийн тогтоолоор яллагдсан. 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний хувьд нэг жилийн хорих ял, миний нөхрийн хувьд 6.2 жилийн хорих ял авсан. Намайг ямар зүйл ангиар буруутгасан бэ гэхээр тухайн үед манай төрийн бус байгууллагад 0-76 насны 130 орчим иргэн байсан.
Тэдгээр иргэдийг миний гэр бүлийн гишүүд гэж үзээд, гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийг зодсон, дарамталсан, тарчлаасан, захиран зарцуулах эрхэд нь халдсан гэж нэг жилийн хорих ял өгсөн. Миний нөхрийг дөрвөн зүйл ангиар буруутгасан. Хоёроос дээш эмэгтэйг хүчирхийлсэн гээд дөрвөн жилийн хорих ял, цагдаагийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй гээд нэг жил, миний зүйл ангитай адил гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийг зодсон, дарамталсан гээд нэг жил, 2018 онд хүүхдийн хүчирхийллээс болж нэг аавтай муудалцаж байсныг 2020 онд буцааж нээж хоёр сарын ял өгсөн. Нийт 6.2 жилийн хорих ял оногдуулсан. Бид хоёр шүүхээр таслагдаад 409 дүгээр хорих ангид дөрвөн сар хоригдох хугацаандаа нийслэлийн шат руу давж заалдсан. Цар тахлын үе учраас шүүх хурлууд хойшлогдсоор 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн шатны шүүх хурал цахимаар болсон. Нийслэлийн шат хэргийг хэвээр баталсан нь үнэхээр сонирхолтой. Яагаад гэвэл хоёроос дээш эмэгтэйг хүчиндсэн гэсэн зүйл ангид миний нөхрийг ялласан гэтэл нэг эмэгтэй нь би хүчиндүүлээгүй, тийм зүйлд оролцоогүй гэж өөрөө өөрийн биеэр өмгөөлөгч аваад ороод ирсэн байхад нийслэлийн шат хэвээр баталсан. Шүүх хурлаас 14 хоногийн дараа шүүхийн магадлал гэдгийг аваад хоёр тийшээ ачигдсан. Миний нөхөр 415 дугаар хорих анги руу, би 407 дугаар эмэгтэйчүүдийн хаалттай, нээлттэй хорих анги руу ачигдсан. Миний хувьд 407 дугаар хорих ангид өнгөрсөн гуравдугаар сард хоригдсон. Тэндээ алба хаагч нарын харуулын жижиг байр, ариун цэврийн өрөөг цэвэрлэдэг ажил хийдэг байсан. Ажлын хоног сайн авсан. Биеэрээ найман сар суугаад, ажлын 28 хоног аваад 2021 оны долоодугаар сарын 9-ний өдөр Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлсэн гээд хоёр сар гаруй хугацааны ялаа өршөөлд хамруулж суллагдсан. Тэнд 300 орчим хоригдол эмэгтэйчүүд байдаг юм билээ. Тэднээс хоёр л эмэгтэйг шууд сулласны нэг нь би байсан. Яг тэр өдөр 16 эмэгтэй зорчих эрхээ хязгаарлуулаад гарч байсан. Нийт 18 эмэгтэй хорих ангиас суллагдсан. Тэнд байсан 300 орчим эмэгтэй Өршөөлийн хуульд маш их найдаж байсан. Өршөөлийн хуулиар суллагдах гэхээсээ илүү өндөр ялтай хүмүүсээс ганц, хоёр жил хасагдах, гав гинжээс суллах зэрэг байдлаар өршөөлд хамрагдсан бололтой байсан.
-Г.Загдаа одоо аль хорих ангид байгаа вэ. Сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал гайгүй юу?
-Миний нөхөр 415 дугаар хорих анги буюу Мааньтын хорих ангид байгаа. Нөхрийг маань 2020 оны дөрөвдүгээр сарын 11-нд 100 гаруй цагдаа дайрч баривчилсан. Тухайн үеийн бичлэг ч байдаг. Яагаад ингэж баривчилсан бэ гэхээр хохирогч нэрлэн заасан учраас хойшилшгүй ажиллагаагаар баривчилсан гэсэн. Мэдээж хорих ангид байгаа хүн ямар олигтой байхав. Дээрээс нь миний нөхөр 63 настай, хоёр удаа зүрхний хагалгаанд орсон, хоёр удаа цус харвасан, зүрхэндээ хиймэл суулгацтай, даралт нь байнга тогтворгүй байдаг. Ийм хүнийг нэг жил хоёр, гурван сар хорьж байна. Миний нөхөр бие, эрүүл мэндийн хувьд хүнд байгаа. Өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр миний нөхрийн байгаа хорих ангид шүүгч нарын бүрэлдэхүүн очсон юм билээ. Хүмүүсийг Өршөөлийн хуульд хамруулах зорилготой очсон. Тэгэхэд хорих ангиас манай нөхөр ганцаараа ороогүй. Яагаад гэвэл “Гэмт хэрэг хийгээгүй учраас төрөөс өршөөл гуйх нь тохирохгүй. Тийм учраас гарвал нэгмөсөн гарна. Гарахгүй бол өршөөгдөхгүй. Хэргээ үнэн зөвөөр нь шийдүүлэхийг хүсэж байна. Өршөөлийн хуулиар далимдуулж хийгээгүй хэргээ хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн үзэл бодолтойгоор Өршөөлийн хуульд ороогүй. Хорих ангийн нөхцөл байдал гайгүй. Сэтгэл санааны хувьд мэдээж хүнд байна. Хүчингийн хэрэг гэдэг хамгийн муухай зүйл. Тийм зүйлээр ялласан учраас сэтгэл санааны хувьд мэдээж хүнд байна. Өөрийнх нь хувьд тайван байгаа ганц зүйл нь хэрэг хийгээгүй учраас тайван байна. Бас хорих ангийн удирдлагууд, тэнд хоригдож байгаа хүмүүс ч гэсэн олон хүн ойлгож байгаа.
-Таныг хоригдох хугацаанд хорих ангийн нөхцөл байдал ямар байв. Та ажил хийж байсан учраас сэтгэл санааны хувьд харьцангуй сатаараад гайгүй байсан байх?
-Миний хоригдож байсан 407 дугаар эмэгтэйчүүдийн хорих анги нь Монгол Улсын хэмжээнд ганцхан юм билээ. Тэнд хоригдож байгаа эмэгтэйчүүд нь ч, тэр байгууллагын удирдлагууд нь ч намайг сайн ойлгож байсан. Хийгээгүй хэрэг гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Шүүх, цагдаагийн байгууллага л улайрч зүтгээд байгаа болохоос биш шалгагдаж тогтоогдсон юм нэг ч байхгүй. Хэрэг хийсэн гэсэн нэг ч нотлох баримт байхгүй. Шоронд байх мэдээж сайхан биш гэдэг нь тодорхой. Огт өөр орчин байдаг. Гэхдээ хяналт, дарамт, шахалт дээрэлхүүлэх зүйл миний хувьд байгаагүй. Би настай хүн, нөхрийгөө бодвол сэтгэлзүйн хувьд бэлэн байсан. Нэгт, хийгээгүй хэрэг. Надаас байцаалт аваагүй шууд хорьсон. Хоёрт, нэг жилд сэтгэлзүйн хувьд арай үхчихгүй байх гэсэн бэлтгэлтэй байсан. Ар гэрээ тайван байлгахыг хичээсэн. Нөхрийгөө тайван байгаасай гэсэндээ өөрийгөө хямрааж, санааг нь зовоохыг хүсээгүй. Сэтгэлээр унахгүйн тулд маш их хичээсэн. Хоригдох хугацаанд надад цаг хугацаа минь л үнэхээр хайран байсан. Эрх, эрх чөлөөгөө хасуулна гэдэг хамгийн аймшигтай юм билээ. Үүнийг л мэдэрсэн болохоос биш эрүүл мэнд, бие эрхтэн, сэтгэлзүйн хувьд ямар нэгэн дарамт шахалт надад байгаагүй.
-Нотлох баримтгүйгээр хэрэг үүсгээд ял өгсөн гэж таны ярианаас ойлгогдлоо. Ямар учраас ингэж яллах болов?
-Г.Загдаа гэдэг хүнийг яаж хорих вэ, яаж ял өгөх вэ гэдэгт улайрсан. Хүн хэрэгт холбогдоод асуудал тулгараад ирэхээр их юмыг уншиж, судалж, хуулийн талын олон хүнтэй уулзаж, ярилцдаг юм билээ. Хохирогч, хохироосон гээд байгаа хүнийг аль алийг нь адилхан шалгаж тогтоох ёстой юм билээ. Нотлох баримтыг хоёр талаас цуглуулж явах ёстой юм байна. Гэтэл Г.Загдаа гэдэг хүнийг л яллах сонирхол байсан учраас нэг ч нотлох баримт цуглараагүй. Бидний хувьд нотлох баримт хангалттай, цаг минутаараа байгаа. Тэдгээр нотлох баримтаа өгье гэхээр авдаггүй, шүүх үнэлээгүй. “Яллая гэсэн хүнээ яаж ч яллаж, хохироож болдог юм байна, хүний эрхийг ноцтой зөрчиж болдог юм байна” гэдэг миний нөхөр болон миний хэргээр ард түмэнд ил болчихлоо. Хууль, шүүхийн байгууллагын аюултай цоорхой энд байна. Тухайлбал, Халиун гэж эмэгтэй нотлох баримттай, гэрчтэй мэтээр асуудлыг ярьдаг. Хүчиндүүлж байгаа бичлэг хоёр гар утсан дээр байгаа гэж хэвлэлийн хурлаар ярьсан. Хоёр гар утсыг нь хурааж авч, бүх төрлийн байгууллага шалгасан гэсэн хэдий ч “Нэг ч баримт, бичлэг олдоогүй” тухай хавтаст хэрэг дотор байгаа. Хэрэгт холбоотой юу ч тэр гар утаснуудаас олдоогүй. Бүр хэд хэдэн удаа нөхөн үзлэг хийж, тал талын байгууллага шалгасан ч баримт гараагүй. Хүчингийн хэрэг учраас бэлгийн замын халдварт өвчтэй эсэхийг тухайн үед шалгасан. Гэтэл миний нөхөр эрүүл гарсан. Халиун гэдэг эмэгтэй удаа дараа тэмбүүгээр өвчилж байсан. Тухайн үед маш хурц халдвартай тэмбүүтэй гардаг. Үүнийг тогтоогоогүй. Халиуны гар утаснаас бичлэг илрээгүй. Тиймээс Халиун “Би хоёр гар утсаа хураалгасан учраас таньдаг эгчийнхээ гар утсан дээр бичлэг хийсэн” хэмээн мэдүүлгээ өөрчилсөн ч байдаг. Тэр таньдаг эгчийг, утсыг нь шалгаад өгөөч гэсэн ч шалгаагүй. Мөн хүчингийн гэмт хэргийг гурвуулаа нийлж үйлдсэн гэдэг боловч нөгөө хоёр хүнийг нь нэг ч удаа шалгаагүй. Нэг хүнийг нь хорьсон мөртлөө нөгөө хоёр хүнийг нь яагаад өнөөдөр шалгахгүй байна вэ. Нэг бол гурав хоног хүчиндсэн, нэг бол гурван жилд нэг нэг удаа дандаа долоодугаар сард, нэг бол амралтын өдөр болгоноор хүчингийн хэрэг үйлдсэн гэж янз бүрийн байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Байршлын хувьд ч янз бүрийн газар хэрэг үйлдсэн гээд өөр өөр мэдүүлгүүд өгсөн байдаг. Гэтэл шүүх яаж дүгнэсэн бэ гэхээр Халиун гэдэг хүнтэй гурван удаа бэлгийн харьцаанд орсон, Энхмаа гэдэг хүнтэй нэг удаа орсон гээд дүгнэсэн. Шүүх хурал дээр ч би асуусан юм. “Энэ олон янзын мэдүүлгээс алийг нь шүүх үнэн гээд авч байгаа юм, юуг үндэслэсэн юм бэ, нотлох юмаа гаргаад өгөөч” гэж асуусан хэдий ч ялласан.
-Та хоёр өмгөөлөгчтэй шүүх хуралд орсон уу?
-Гурван өмгөөлөгчтэй орсон. Өмгөөлөгч нарын болоод бид хоёрын зүгээс нэг ч зүйл хүлээж аваагүй. Ганцхан Халиуны мэдүүлэгт тулгуурласан. Шүүх хуралд Халиун, Энхмаа нарыг биечлэн оруулцуулаач гэдэг хүсэлтийг бид удаа дараа гаргасан. Удаа дараагийн хүсэлтээр Халиун шүүх хуралд оролцохоор болсон ч Загдаа, Амарсайхан нарыг тусгай өрөөнд оруулсан. Шүүх танхимд байлгаагүй. Нүүрээ хараад худлаа хэлж чадахгүй байх гэсэн ч уулзалдуулаагүй юм.
-Таныг байхгүйд “Зөв амьдрах ухаан” төвийн нөхцөл байдал ямар байв. Тэнд амьдарч байсан хүмүүсээс буцаад гудамжинд гараад, таныг ирсэн сургаар эргээд ирсэн хүмүүс ч хэд хэд байгаа сурагтай?
-Нөхөр, бид хоёр 17 жил яаж зүтгэлээ. Ямар их юм хийлээ. Хүмүүсийнхээ сайн сайхны төлөө эмнэлэг, цэцэрлэгтэй, орчин нөхцөлөө сайжруулах гэж үнэхээр хичээсэн. Гэтэл хүний өр эмтэрдэг бол үнэхээр эмтэрмээр юм билээ. Намайг хоригдоод гарч ирэхэд хөгжлийн бэрхшээлтэй долоо, найман том хүн, 10-аад хүүхэд төвд маань үлдсэн байсан. Гудамжинд гарах нь гараад, албадан эмчилгээнд явах нь яваад, хүүхдүүд нь ч эцэг, эхээсээ салсан байсан. Эдгээр хүмүүсийн сэтгэлзүй, төлөвшил, нөхцөл байдал нь ямар билээ. Тийм байхад олон дахин асуудалд ороод байвал, хариуцсан хүмүүс нь байхгүй бол яах билээ. Одоо буцаад цуглаж байгаа хүмүүс маань бид нарыгаа дэмжиж байгаа. Намайг ирснээс хойш хэд хэдэн гэр бүл буцаж ирсэн. Маш хүнд нөхцөлтэй байхад нь би очиж авсан. Байхгүйд маань тарсан хүмүүсээс 50-60 хувь нь буцаад цуглаж байна.
-Цаашдаа санхүүжилт, төвийн үйл ажиллагаа, тэнд амьдарч байгаа, амьдрахаар ирж байгаа хүмүүсээ ганцаараа яаж зохицуулна гэж бодож байгаа вэ?
-Өмнө нь ч гэсэн хүмүүсээ асрахад улсаас санхүүжилт байгаагүй. Нөхөр маань өөрөө их уран гартай, үйлдвэрлэл эрхэлдэг. Хүмүүсээ сургаж ажиллуулдаг. Өөрсдөөр нь амьдралыг босгуулдаг. Энэ зарчмаар л явдаг байсан. Одоо үйлдвэрт ажилладаг байсан хүмүүс ч бүгд гараад явсан, дахиад архинд орсон хэцүү явж байгаа нь ч байна. Хэд хоногийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсдээ зориулаад нийтийн гал тогоотой болсон. Хоёр эмэгтэй цалинжуулаад цагаар хооллодог болж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө хоол ундаа хийхээр давстай, давсгүй, амтгүй, чанаргүй янз бүрийн л хоол хийнэ. Цар тахлын үед чанаргүй хоол идвэл хүмүүст маань хэцүү. Бид хоёрыг байхгүйд охид маань төвийн үйл ажиллагааг хариуцаад явж байсан. Коронавирусний үед халдвар авсан хүн байхгүй. Дэглэмийг сайтар баримтлуулж, хөдөлгөөнийг хязгаарлаж байсан. Хүүхдүүд маань өөрсдөө тус тусдаа амьдралтай учраас намайг ирсний дараа тус тусдаа ажлаа хийгээд явж байгаа. Санхүүгээ өөрсдөө зохицуулаад түмнээс гуйлга гуйхгүй хэмжээнд явж л байна. Өмнөх шигээ ажил ундраад л орлого ороод явж байсан үе цөөхөн байна. Гэхдээ би ажлаа хийнэ. Үйл ажиллагаагаа явуулна. Биднийг дэмждэг, тусалдаг хүмүүс ч олон байна.
-Танайх төрсөн хэдэн хүүхэдтэй билээ. Г.Загдаатай гэр бүл болоод хэдэн жил хамт амьдарч байна вэ?
-Төрсөн зургаан хүүхэдтэй. 2006 онд ээж нь ор сураггүй алга болсон, аав нь нас барсан бага насны хоёр хүүхдийг өөрийнхөө гэр бүлд өсгөсөн. Одоо тэдний маань том нь “Их засаг” их сургуулийг төгссөн. Нөхөр, хоёр хүүхэдтэй. Бага нь “Идэр” дээд сургуульд сурдаг. Найман хүүхэд, 13 ач, зээтэй. Нөхөр бид хоёр залуугаасаа гэр бүл болоод 40-өөд жил хамт амьдарсан. Бидний баримталдаг зарчим, өнөөдөр амжилттай энэ олон хүмүүст тусалж байгаа шалтгаан маань ердөө энгийн. Бид бүтэн гэр бүл гэж ямар аз жаргалтай гэр бүлийг хэлэх вэ гэдгийг мэднэ. 40 жил амьдрахдаа дандаа дардан замаар яваагүй, өр ширэнд орж байсан, дутагдаж гачигдаж явсан, нөхөр минь архинд орж явсан. Гэсэн ч бид хэн хэнээсээ урваагүй, хэзээ ч үр хүүхдээ хаяагүй сайхан гэр бүлийг бий болгож чадсан. Үүнийгээ бид бусдад түгээдэг. Ирж байгаа хүмүүстээ “Ядуу байж болно, ядарсан байж болно. Гэхдээ гэр бүл хамтдаа байх, үр хүүхэдтэйгээ хамт элэг бүтэн байх ямар сайхан бэ” гэдгийг хэлдэг. Жинхэнэ дуусашгүй, тасарч алга болдоггүй аз жаргал гэр бүл юм байна гэдгийг мэддэг, мэдэрдэг учраас “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Үүний төлөө л амьдарсан.
-Архины хамаарал, архинд донтолт нийгэмд маш их асуудал үүсгэж байна. Яагаад энэ асуудал ингэж даамжраад, ихэвчлэн юунаас болж хүмүүс алдаад байна вэ. Таны бодлоор үүнээс гарах шийдэл юу вэ?
-Манай улсад энэ төрлийн хүмүүст зориулсан бодлого гэж огт байхгүй. Нэг ёсондоо энэ төрлийн хүмүүс гэр бүл, улс орондоо бүр хаягдсан гэсэн үг. Энэ хүмүүст зориулсан зохицуулалт юу ч байхгүй. Тийм учраас энэ хүмүүст бид тусалдаг. Иргэн рүүгээ хандсан, энэ асуудалд бэлтгэгдсэн хүний нөөц, мэргэжилтэн байхгүй. Хэн ч энэ хүмүүсийн сэтгэлзүй, зан чанар, нөхцөл байдлыг ойлгохгүй. Энэ хүмүүс дуртайдаа ийм болоогүй. Хэн ч гэсэн сайхан амьдрах гэж бодно. Ямар нэгэн байдлаар үхэл, зовлон үзэх, амьдралын хүнд шуурганд хүн янз бүрийн байдалд ордог. Ганц нэг хүн баян тансаг амьдралаас ч уруудсан нь байна. Одоо үнэхээр хүн рүүгээ л анхаарах ёстой. Тэднийг нийгэмд байр суурийг нь эзлүүлээд хүн шиг хүн болгоё гэсэн чин сэтгэл байгаа л бол бидэн шиг хүмүүсийн туршлага хэрэгтэй. Төрийн бодлогоор чиглүүлээд, зохицуулаад өгчихвөл ажиллаж болно, чадна.
-2006 онд төрийн бус байгууллагаа байгуулахдаа ч элэг бүтэн гэр бүлийн төлөө зорилгоо эхлүүлж байсан уу. Гэр бүлдээ, улс орондоо ч хаягдсан гэж байгаа хүмүүст туслах, ааш занг нь олоод хамтдаа амьдрах, цаашлаад хийж байгаа үйл хэргээсээ болоод шоронд хүртэл орж, олон бэрх давааг туулсан ч гэсэн үйл хэргээсээ ухрахгүй гэж үү?
-Цаг хугацаа л байна. Үүнээс биш үнэн мөн олдох байлгүй дээ. Тэр болтол миний ханийн бие муудчихгүй байгаасай гэж л хүсэж байна. Үйл хэргээсээ бол ухрахгүй ээ. Хөдөлмөрийн чадвараа алдах хүртлээ хамгийн сайнаараа энэ ажлыг хийнэ. Угаасаа төрийн дэмжлэгтэй ажлаа эхлээгүй, хийгээгүй. Өөрсдөө хийсээр ирсэн. Цаашдаа ч хийсээр байх болно. “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг үгүй болгоё. Тэгвэл болохгүй, бүтэхгүй нийгмийн асуудлыг ил болгохгүй байх, энэ хоёр хүн ч туйлдаж ядарч, болих байх гэсэн тактик байна. Би үнэхээр тийм гэмт хэрэг хийсэн бол хүний нүүр харж чадахгүй байлаа. Хань, бид хоёрын өчнөөн жилийн хөдөлмөрийг ингэж харлуулж болохгүй. Бид хоёр хэзээ ч туйлдахгүй.
-Та хоёр ханилан суугаад 40-өөд жил, архины асуудалтай тэмцээд 17 жил болж байгаа гэлээ. Энэ хугацаанд хэдэн хүнд тусалсан бол оо?
-Бид хоёрын ямар нэгэн байдлаар тусалсан хүмүүс хэдэн мянгад хүрнэ. Наад зах нь хүмүүсийг бичиг баримттай болгоод гэр бүл, ах дүүст нь нэгтгээд, хөдөө орон нутагт хүргэж өгдөг шүү дээ. Харин тэнэмэл хүн болгоныг бид хоёр аваад явах боломжгүй. Багахан хэсгийг бид төвдөө байлгаж байна. Гэр бүлээр нь эргэн нэгтгэдэг бид хоёр шиг зарчим барьдаг төв Монголд байтугай дэлхийд байдаггүй юм билээ. Төрийн байгууллага хүртэл хүүхдийг нь 108 төвд аваад, ээжийг өөр газар аваачдаг. Тиймээс бидэнд хүмүүс илүү ханддаг. Нэг талаасаа гэр бүлээрээ хамтдаа байвал сэтгэл санаа нь ч тайван байна гэж бодож тусалдаг юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 15 )
mgl po
Ene mulad baigà humus ejgui awgui humus bàih horhi ene 2 hogshin edger humusiñ amidrald gai bolo yu orinhoro l amidàrdàg shu Zagda ahjg sulàl gutgegchidig shalgad ylàlhig shardaj bna
Muñdag hogshid hisen butesen zuil ihtei humus Zagda àhig shorongos sulalhig shardaj bna
Ene humus helmegdsen humus hisen butesen ymtai notloh barimtta humus ajilig n hilge Zagda ahig shorongos sulalhig shardaj bnà Gutgesen humusig n shalgaj ylal ene burlud buyntai hogshid buyn n delgereg burhan orshog buyntai burludig
ednuusiig gazdaj alaad shataah zuuhand hiij ustagah heregteishde
Гэрийнхээ ганц архичинг дийлэхгүй гудамжинд гаргадаг амьсгаанууд амаа татаад зайлаарай. Энэ 2 хүний хийж чадаж байгааг та нар хийж чадахгүй шүү. Хуцмал улиануудаа
Гэрийнхээ ганц архичинг дийлэхгүй гудамжинд гаргадаг амьсгаанууд амаа татаад зайлаарай. Энэ 2 хүний хийж чадаж байгааг та нар хийж чадахгүй шүү. Хуцмал улиануудаа
Гэрийнхээ ганц архичинг дийлэхгүй гудамжинд гаргадаг амьсгаанууд амаа татаад зайлаарай. Энэ 2 хүний хийж чадаж байгааг та нар хийж чадахгүй шүү. Хуцмал улиануудаа
Халиунаа ч чадсан даа энэ хоёр хөгшөнийг тэглээ гээд золбин нохой шиг амьдрал нь там болно доо хүүхдээ гэриин баганы тулгуураас дүүжлээд хөлийг нь хугалж байсан бүх зүйл лайваар тодорхой байгаа ял өгсөн шүүгч ч хөгийн амьтан
яриаг н уншихад гайгуй зев бодолтой эмэгтэй байна даа.
Аймаар гэр бүл аав ээж тэр охидууд нь хүртэл хоорондоо яаж ярилцдаг болоо ямар ч бсан хэвийн биш ядарсан хүмүүсээр түрүү барьж шимэгч хорхой шиг амьдардаг бас худалч авгай 10 гаран хүүхэд үлдсэн гэчихжээ ганцхан Ананд билүү тэр хүү л бсан бусад нь дандаа өөрийнхөн хүүхдүүд одоо өөрөө баахан араас нь гүйж цуглуулж байгаа биз дээ тэгэхгүй бол хандив энэ тэр нь бхгүй болчихоод чичрээд гүйж байж бузарын эмгэн өвгөн 2
Хүний сэтгэхүйтэй ажиллах гэдэг хэр баргын хүний хийх ажил биш архинд гүн орсон ийм хүмүүсийг нийгэмшүүлэх тийм ч амархан биш маш их тэсьэр тэвчээр шаардсан ажил .гэвч энэ 2 хүн хийж чадаж байгаа ...төр анхаараад авч явсан гэр бүлүүд ямар янзтай болсон билээ ..хэрвээ тэгэж их зовж байсан бол буцаж ирээд байх уу ..Хүн хүндээ дэмтэй тустай амьдраад болж бүтэж байсан гэр бүлийг самарсан худалч хүүхэн үнэнд гүйцэгдэх цаг удахгүй байх гэж найдий .Яалаа хэвлэлийн хурал дээр бичлэг хийсэн гээд байсан тэр баримт чинь хаана байна ?????
нийгмийн доод түвшингийн бүлэг хүмүүсийн хийсэн үйлдлийг зөвтгөж болохгүй сэтгэлийн болон эд хөрөнгийн ядууралтай хүмүүс гэж яаж амьдардаг болохыг эдгээр хүмүүсийн амьдралаас харж болно шүү аль аль нь бохир муухай хүмүүс төөрсөн төөрөг зурсан зургаараа бусдад гай болохгүй амьдарцгаа
Хэн нь буян үйлдэж хэн нь нүгэл үйлдсэн нь цаг хугацааны аясаар илрэх биз ээ, нүгэл хаалга андуурдаггүй юм шүү, ядарч зовж явахад нь тавлаад яахав, амьдрал хатуу, нэг өдөр хар толгой дээр чинь буух вий дээ. Тэгээд ч Халиун хүүхний хүчиндүүлж байхдаа бичлэг хийсэн гэдгийг осолгүй 2 чихээрээ сонссон, тэр бичлэг хаа байна! Цагдаа прокурор нар аа!
Сэжгийн 2 зөнгөр шүү. Бузар бас дахин бузар гэр бүл