ТОЙМ: Шүүхийн тухай хууль ГАЦААНААС гарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийн хугацаандаа буюу энэ оны хоёрдугаар сарын 09-ний өдөр Шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хуулийг зөрчсөн талаарх мэдээлэл Цэцэд гаргаж байв. Энэ дагуу Цэцийн Дунд суудлын хуралдаан энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болж, Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаад байсан юм. Гэвч УИХ-аас Дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй билээ. Улмаар асуудлыг Цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэж эцэслэх хүлээлт үүсээд байлаа.

Тэгвэл өнгөрсөн зуны ээлжит сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийн Шүүхийн тухай хуультай холбоотой Цэцэд мэдээллээс татгалзах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд гаргасан юм.

Энэ дагуу өнгөрсөн баасан гарагт ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болсон байна. Хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцож, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй ”Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 2021 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгов” гэсэн шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Цэц өмнөх Дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүчингүйд тооцож Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээн авчээ. Ингэснээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг даган гарсан Шүүхийн тухай хууль ямар нэгэн маргаангүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top