УИХ-ын сонгуулийн Хэнтий аймгийн 18 сумыг хамарсан 18 дугаар тойрогт өрнөж буй УИХ-ын нөхөн сонгуульд МАН-аас Ц.Идэрбат, Ардчилсан намаас Б.Гарамгайбаатар, ИЗНН-аас А.Бархүү, Ард түмний олонхийн засаглал намаас Д.Чулуунбат, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Д.Баатаржав, бие даан нэр дэвшигч М.Чингисхаан нар өрсөлдөн Монгол Улсын Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүхийн орыг залгахаар сурталчилгааныхаа гараанаас гарлаа. Харин нийслэлийн Сонгинохайрхан дүүргийг хоёр тойрог болгон хуваасны нэг болох 23 хороог багтаасан 28 дугаар тойрогт МАН-аас Э.Батшугар, Ардчилсан намаас Э.Бат-Үүл, ИЗНН-аас Ш.Гантулга, “Зөв хүн Электорат эвсэл”-ээс Б.Найдалаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх, Үнэн ба зөв намаас А.Отгонбаатар, Дэлхийн монголчууд намаас Л.Цог, Ард түмний олонхийн засаглал намаас А.Батдорж, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Ц.Гантулга, бие даан нэр дэвшигч Х.Бат-Ялалт нар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсон Д.Сумъяабазарын үлдээсэн суудлын төлөө гал гарсан өрсөлдөөнөө эхлүүлээд долоо хонов. Монгол Улсын хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймагтай тэнцэх хэмжээний 118 мянган сонгогчтой энэ тойрогт хэн ялах нь ирэх аравдугаар сарын 10-нд тодорно.
Дугаар хорооны иргэн миний нүдээр харахад СХД-ийн 28 дугаар тойргийн нөхөн сонгууль ширүүхэн явж буй. СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсан даруйдаа л “Цагийг дэмий гарздаад яах вэ” гэсэн шиг А.Отгонбаатар, Х.Бат-Ялалт нар телевизийн дурангийн өмнө үг сөргөлдөн нэгийгээ самардаж, барьцалдаж “сурталчилгааныхаа нээлт”-ийг дориухан эхлүүлж тойргийнхондоо бүү хэл түмэн олонд таниулга хийгээд авав. Ш.Төмөрсүх ч тэднээс хоцорсонгүй, үймээнчдийн фон дээр сонгогчдодоо хандсан үг хэлж төлөв төвшин хүн гэдгээ харуулав.
Тойргийн хамаарах хүрээнд гэр хороолол давамгай тул голлох намын нэр дэвшигчид нөхөн сонгуулийн гол байгаар дахин төлөвлөлтийг шүүрч аван ониллоо. Угаасаа ч УИХ-ын 2020 оны сонгуульд оролцсон намуудын гол уриа энэ хавьд дахин төлөвлөлт байсан. Хамгийн түрүүнд нөхөн сонгуулийн босгон дээр “Андын зам констракшн” ХХК-иас “Газраа өгөх иргэдтэй уулзах байр” гэсэн жижигхэн байшинг Х хорооны тэхий дунд тэр дор нь буулган угсрав. МАН төр, засаг дагнан барьснаас хойш дахин төлөвлөлтийн тендерт шалгарсан компани гэнэ. МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар бол энэ тойрогт жил гаруйхны дотор гурвантаа, гурван өөр нам эвслийг сэлгэн өрсөлдөж танигдсан “сайн эр”. УИХ-ын 2020 оны сонгуульд МАХН-д байхдаа МАХН-ИЗНН-МУНН-ын “Та бидний эвсэл”-ээс тус тойрогт нэр дэвшин 22000 сонгогчийн санал авч гурван мандаттай тойргоос дөрөвт орж өмнүүрээ улаан шугам татуулсан. Намар нь орон нутгийн сонгуульд МАХН-АН-ын эвслээс нэр дэвшсэн залуусаа дэмжин оролцсон. Өдгөө МАН-д ороод танил тойрогтоо даагаа нэхэхээр дахин ирээд буй нь энэ.
Дахин төлөвлөлтөд МАН найдлага тавихын учир гэвэл Э.Бат-Үүл баатар хотын дарга байхдаа Х хорооны нутаг, хуучнаар Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн 120, 84 айлын нэг загварын байшингуудын газрыг авч дэгжин хороолол сүндэрлүүлэхээр ам гарч, хотын хөгжлийн төлөвлөлтөд тусгуулж, 2013 оноос эхний байруудыг буулган 2014 оноос таван давхар нэг байшингийн гадна талыг дутуу босгоод орхиж одсоноос үүдэлтэй. Газаргүй, орох оронгүй болсон айлууд хэдэн жил зутарсны эцэст МАН-ын нүүрэн дээр Яармаг тийш сууцанд орж чимээ тасарсан дуулддаг. Харин Э.Бат-Үүл баатар баахан айл оронгүй болгож орхисноо мартан мөнөөх газраа эргэж нэр дэвшчихээд “Дарангуйллаас та нарыгаа чөлөөлж ардчиллаа хөгжүүлье” хэмээн буцаж ирлээ. Уг нь 1990-ээд онд ардчилал давамгайлсан цэнхэр тойрог байсан Сонгинохайрханыг мань нөхөд өөрсдийн буруугаас улаан туяа татуулчихсан юм шүү дээ. Тиймдээ ч мань баатар Х хорооноос дөлөөд буй бололтой, туг хиур нь өнөөхөндөө харагдахгүй л байна.
Үүл баатрын “мартаж орхисон” дахин төлөвлөлтийн газар өдгөө тендерт шалгарсан “Андын зам констракшн” ХХК-ийн мэдэлд очиж, мөнөөх “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг барилгажуулах төслийн хүрээнд иргэдтэй уулзах байр”-аараа оршин суугчидтай хэлцэл хийж, 80 хувь нь газраа өгч ганган байр бариулахыг дэмжвэл энэ намрын сүүлээс ажлаа эхэлнэ л гэж байна. Гэвч Үүл даргын таван давхраас хаширсан иргэд тийм ч амар шийдэл гаргалгүй байдлыг харзнах шинжтэй, уулзалтын байр эзгүй голдуу байх болж. Үүн дээр нь нэр дэвшигч Ш.Төмөрсүх сүйхээчилж ипотекийн бага хүүтэй зээл ярихын хамт “Би УИХ-ын гишүүн болчихвол сонгогч та нар маань бүгдээрээ надтай хамт гишүүн болно” л гэнэ. Б.Найдалаа “Надад найдвал байртай ч, газартай ч” гэхийн сацуу 10 өрсөлдөгчийнхөө дундаас МАН-аас дэвшигч Э.Батшугарыг нэр цохон халз мэтгэлцээнд дуудаж “Сонгогч олныхоо дунд цэц мэргэнийг сорилцон үзэлцье” гэв ээ. Одоогоор халз тулааны тов тодроогүй, үзэлцэх эсэх нь шийдэгдээгүй.
Харин олон улсын тоймч Ш.Гантулга “Энэ тойргийнхон бол угаасаа болбол мангар сонголт бол хийдэг учир ямар нэг дэмжлэг бол хэрэггүй юм аа” гээд загначихлаа. Тэр бүү хэл Шударга иргэдийн нэгдсэн эвслийн Ц.Гантулгыг нэр нэгтэйн улмаас саналыг минь хуваадаг хэмээн гоочлоостой. Дэлхийн монголчууд намаас нэр дэвшигч, Улсын Бага Хурал, УИХ-ын гишүүнээс дэд дарга, сайд хүртэл хийж явсан Л.Цог хашир хүн гэсэндээ нөхдийн бужигнааныг ажигласхийгээд л яваа шинжтэй. Одоогоор ямар нэг давшилт хийгээгүй л байна. Далан насыг зооглосон ч улс төрөөс явахгүй л гээд зүтгээд буй тэрээр дахиад итгэл хүлээлгэвэл Монголын улс төрийг жинхэнэ мөн чанарт нь оруулна гэсэн. Уг нь 1990 оноос 2016 он хүртэл улс төрийн тогооноос нэг их холдоогүй, төрийг төвшитгөдөг бол төвшитгөхөөр л он цагийг элээсэн эрхэм.
Сурталчилгаа эхэлсний дараах өглөөний дүр төрх дажин болов уу гэмээр харагдсан. Тэр хавийн хамгийн өндөр гэх байшингуудын дээр МАН-ын далбаа мандаж, бусдынх нь сурталчилгаа ерөнхийдөө шал хавиар. Б.Найдалаа А самбаруудаа өөрийнхөө бус, нас насны сонгогчдынхоо зургаар чимээд тавьтал идэрхэн эрчүүдийн зурагтай голдууг нь түүгээд хүүлээд зүсээд хаячихаж. Улстөрчдийн сөргөлдөөн гэхээсээ зургийн эздийг таньдаг дошны овгорууд барьцжээ гэмээр ч юм уу. Маргааш нь самбаруудыг газар шидээд овоолчихсон харагдав. Харин удаах өдөр нь Ц.Гантулга, А.Отгонбаатар, Б.Найдалаа нар самбаруудаа эгнүүлээд тавьсан нь овоо эвээ олов уу гэлтэй. Анхаарал татсан сурталчилгаа гэвэл Б.Найдалаа бензин хомсодсон энэ өдрүүдэд намынхантайгаа морь унаж сурталчилгаа хийж яваа харагдсан. Нөгөө талд Э.Бат-Үүл баатар хуучин “ЛАДА” хөлөглөн давхиж байгаа юм билээ.
А.Отгонбаатар “Миний, таны хүүхэд үнэнийг хэлээд үзэн ядагддаг нийгэмд амьдарч болохгүй. Танд итгэж байна” гэсэн уриа дэвшүүлсэн бол Ц.Гантулга “Шинэ сонголт”, Б.Найдалаа ”Бадрахын Найдалааг дэмжие” гэсэн уриалгаар өдөр бүр сонгогчдоо угтаж буй. Нэр дэвшигчид сурталчилгааны материалаа дөнгөж тарааж эхэлсэн ч цар тахлын аюулаас сэргийлж ерөнхийдөө телевизийн дэлгэцээр сонгогчдодоо хэлэх үгээ дайж байна. Сонгогчид “Ковидын халдвар ихээр дэгдэж байгаа тул сурталчилгааныханд үүд хаалгаа тайлж өгөхгүй” гэх болж. Нөхөн сонгуулийн санал хураалт хүртэл хагас сар орчим хугацаа үлджээ. Тэр болтол дахин төлөвлөлтийн зөвшилцөл хэр урагшилж, сонгогчид хэнд саналаа өгөхөө тунгаах цаг хугацаа бас чамгүй байна. Ажиглаад байхад өрсөлдөж буй эрхмүүд бодлого ярихгүй биелэх биелэхгүй уриа л дэвшүүлэх юм. Бодлогоо яриад эхэлбэл дугаар хорооны сонгогч бид сонголтоо хийхэд бэлэн л сууна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )