БТСХ: “Токио-2020” олимп, паралимпын медальтнуудад хүндэтгэл үзүүллээ

2021 оны 09 сарын 28

Биеийн тамир, спортын улсын хорооны удидлагууд “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид, “Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн.

Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд засгийн газрын мөнгөн шагнал, батламжийг гардуулсан бол өнөөдөр /2021.09.28/ Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтад Токио-2020 паралимпын наадмын алтан медальт, гавьяат тамирчин  Э.Содномпилжээ, Токио-2020 олимпын наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ  багийн тамирчин С.Моллай, Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар нар оролцлоо.

Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяагийн хувьд ДАШТ-д оролцохоор Норвегийн Осло хотыг зорьсон тул эзгүй байлаа.

Уулзалтын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлэхдээ:  “Гурван жилийн дараа болох Парис-2024 зуны олимпын наадмын бэлтгэл ажилд БТСУХ спорт холбоодоо дэмжин ажиллаж, хамтдаа  Монгол Улсын Төрийн дууллыг олимпын тэнгэрт олон удаа эгшиглүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе”  гэж онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top