В.Үнэнбат: Ургац хураалт 10 хоногоор хоцорч эхэлсэн, арваннэгдүгээр сард дуусна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

Манай улс энэ онд нийт 660 мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс 389 мянган га талбайд нь улаан буудайн тариалалт хийсэн байна. Одоогийн байдлаар улаан буудайн ургац хураалт 15 хувьтай, хүнсний ногооны хураалт 50 орчим хувьтай үргэлжилж байгаа гэх мэдээллийг өнөөдөр /2021.09.28/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад ургац хураалт ижил түвшинд явж байна. Өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй оюутан залуус, цэрэг ургац хураалтын ажилд оролцож байна. Урд шөнийн хүйтрэлтийн хувьд Сэлэнгэ аймгийн зүүн хойд болон баруун урд хэсэг, Төв аймгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орсон. Энэ цас хайлсан учраас ургац хураалтын ажил маргаашнаас эргээд жигдэрнэ. Одоогийн байдлаар тариа налсан мэдээлэл байхгүй" гэв.

Түүнчлэн "Ургац хураалтын ажил 10 гаруй хоногоор хоцорч эхэлсэн. Энэ жилийн хувьд чийг их байгаа учраас улаан буудайн болц 10 гаруй хоногоор оройтсон. Тиймээс ихэнх тариаланчид ангилан хадалт хийж байгаа. Ургац хураалтын ажил ирэх сарын 15-20-ны хооронд дуусдаг. Энэ жилийн хувьд 10 хоног хойшилсан учраас арваннэгдүгээр сарын 1 гэхэд ургац хураалтын ажил жигдрээд дуусах тооцоололтой байна" гэх мэдээллийг олон нийтэд ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top